Х.Тэмүүжин: Ямар ч Засгийн газар 65 хүний эрх ашгийг хангаж чадахгүй

Б.Мичид


-Олонхи ойлголцолгүй нөхцөлд Засгийн газар байнга онхолддог-

“Ийгл” телевизийн “Зочны цаг” нэвтрүүлэгт улс төрд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулаад УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинг урин ярилцлаа.

-Энэ сарын 7-нд болсон ээлжит бус чуулганаар Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулчихлаа. Нэг тодотгол урд нь яваад байгаа нь МАН түүхэндээ анх удаа өөрийнхөө Засгийн газрыг унагалаа гэж яриад байна. Энэ процессыг хараад та ямар дүгнэлт хийж байна вэ?

-Маш олон хүн өөр өөрийн өнцгөөс дүгнэж байна. Энэ олон дүгнэлтүүд дотроос илүү бодитой баримттай гэж харагдаж байгаа 3-4 дүгнэлтийг хуваалцаж болж байна.

Нэгдүгээрт, УИХ-д 65 суудалтай хэт олон суудал авсан нам өөрөө Засгийн газраа тогтворгүй байлгана гэдэг бол их ховор тохиолдох зүйл. Маш олон хүн хэлж байна. 2016 оны сонгуулиар улс төрий тогтвортой байдлыг хүсч сонгогчдын дийлэнх нь МАН-ыг сонгосон. Харамсалтай нь улс төрийн тогтворгүй байдал өөрөө эдийн засгийн  маш олон бодлогуудыг тээх болж байдаг. Монгол Улсад ямар нэгэн бодлогын үр дүн гарахаас өмнө Засгийн газар унахаар залгамж холбоо байхгүй, улс төрчид хэтэрхий хувийн явцуу амбиц, өөрийн бүлэг, тойрон хүрээлэгчдээ тэжээх гэж оролддог мөнгөний ашиг сонирхлоосоо болоод ямар ч бодлогыг унагаж, гажуудуулж татаж байдаг. Энэ байдлаас залхсан байсныг дахин лавшруулж нотолчихлоо. 65 суудалтай байж өөрсдөө санаачлаад цөөнхийн оролцоогүй унагаж байна гэдэг бол улс төрийн тогтвортой байдал, төлөвшлийнхөө хувьд, улс төрийн институц соёлын хувьд арай гэж бий болох гэж байсан зүйл байхгүй боллоо гэдгийг зарлаж байгаа том зарлал гэж харж байна.

65 суудалтай байж өөрсдөө санаачлаад цөөнхийн оролцоогүй унагаж байна гэдэг бол улс төрийн тогтвортой байдал, төлөвшлийнхөө хувьд, улс төрийн институц соёлын хувьд арай гэж бий болох гэж байсан зүйл байхгүй боллоо гэдгийг зарлаж байгаа том зарлал

Хоёрдугаарт, энэ улс төрийн үнэлгээнээс гадна Засгийн газар яагаад өөрчлөгдөх болов гэдэг шалтгааныг тайлбарлаж байна. Н.Алтанхуягийн Засгийн газар зарах мөнгөгүй болоод унаж байсан гэж байгаа бол  Ж.Эрдэнэбатын Засгийн газар бол хэтэрхий их зарах мөнгөтэй болсноороо энэ мөнгийг хэн зарцуулах вэ гэсэн дайнд орчихлоо гэдэг зүйл ярьж байна. Бодит байдал дээр яах аргагүй тэгж харагдаж байна. Та бүхэн ээлжит бус чуулганы хуралдаан дээрээс анзаарч харсан байх. Ярьж байгаа хүмүүсийн дийлэнх нь зөвхөн мөнгөний хэрүүл хийсэн. Ашигтай албан тушаалын байрлал дээр хэн байгаа вэ, энэ мөнгийг хэн зарцуулж байгаа вэ гэдэг дээр хэрүүл яваад байгаа. Өнгө дүр нь гоё боловч цаад агуулга нь. Энэ Засгийн газрын гол эз хатгасан зүйл нь юу байсан бэ гэхээр зэс болон нүүрсний үнийн өсөлт байжээ . Үүнээс төсөв рүү орж ирж байгаа мөнгийг хэний баг хэн зарцуулах вэ гэдэг зодоон нам дотроо явсан учраас улс төрийн тогтворгүй байдлаар 65 суудалтай ч мөнгөний крантны эзэн хэн байхыг шийдэх гэж оролдлоо гэдэг дүгнэлт яар аргагүй эдийн засагчдын нүдээр болон янз бүрийн байдлаар хийгдэж байна. 

Гуравдугаарт, манайд үзэл санаагаараа нэгдсэн гэдэг юм уу, тодорхой хэмжээнд хариуцлагатай зохион байгуулалттай улс төрийн институц байхгүй болсныг харуулж байгаа зүйл нь юу вэ гэхээр нэг нэгнийгээ татаж унагаахын тулд ямар ч дүрэмгүй тоглолт хийж болно гэдгийг дахин дахин харууллаа. Үүний сайн, муу, шүүмжлэлтэй, бодит, худал зүйлс олон хөвөрлөө. Энэ дотор Засгийн газрыг унагахад нөлөөлсөн хүчин зүйлүүдийн нэг бол хамгийн түрүүнд 60 тэрбум төгрөг гэдэг төрийг ямар нэгэн байдлаар авлигын сүлжээ болгож, албан тушаалуудыг хар зах дээр зарж байгаа юм шиг хэн мөнгө төлсөнд нь ашигтай байрлал өгдөг шиг болгоод хувиргалаа. Үүнээс болоод МАН-ын нэр хүнд уналаа гэж ярьж байна. Мөн авлига, сүлжээтэй зарим нэг шударга хүмүүс тэмцэж байна гэдэг дүр зургийг харуулах гэж оролдож байна. Гэхдээ одоо жаахан ухаалгаар харах ёстой. Иргэд олон хүн богино санах ойтой биш. Сэрээд энэ 60 тэрбум яриад байгаа авлигын сүлжээ чинь Засгийн газар байгуулагдахад юм уу, энэ УИХ бүрдэхэд юм уу гэдгийг харах хэрэгтэй. УИХ-ын сонгуулийг луйвардаж авахаар сонгуулийн схем зурсан чинь энэ 60 тэрбум шүү дээ. Тиймээс “Баас хатавч өмхийгөө тавихгүй” гэдгийн адилаар УИХ анх бүрэлдэхэд энэ авлигын систем бүрэлдсэн учраас дахиад дараагийн Засгийн газар гарч дараагийн зохион байгуулалт хийсэн ч энэ мөнгө үнэртсээр л байх болно. Энэ Засгийн газар огцрохоос илүүтэйгээр улс төрд хариуцлагатай болгон тодорхой хэмжээнд хэн нэгэндээ барьцаалагдаагүй байдал гарч ирье гэж бодож байгаа бол зөвхөн Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаан дараагийн хүмүүс мөнгөний крант дээрээ очих биш арай өөрөөр ярих ёстой юм уу гэдэг дүгнэлт хавчуулагдаж гарч ирж байна. Энэ бүгдийг өрөөд үзэхээр сууриа буруу тавьсан учраас дээр нь юу ч барьсан нурах хэмжээний улс төр болоод хувирчээ. Дараагийн Засгийн газар ямар ч өнгөтэй гарсан ялгаа байхгүй. Сонгуулийн дараа анх байгуулагдсан Засгийн газрыг унагаагаад дараагийн Засгийн газрыг байгуулахад тэрнээсээ дор, илүү атхаг, шуналтай, увайгүй Засгийн газар бүрддэг. Тэр дүр зураг харагдах болов уу гэдэг үнэлэлт дүгнэлтүүд хөвөрч байна.

-Засгийн газрыг огцруулах шалтгааныг Т.Аюурсайхан нарын 30 гаруй гишүүн тайлбарлахдаа таны хэлсэн 60 тэрбум, концессын гэрээ, Засгийн газрыг удирдлагаар хангаж чадаагүй зэргийг гэж хэлж байсан. Эдгээр нь таны хувьд хэр үндэслэлтэй вэ?

-Хамгийн чухал үндэслэл нь тэр хүмүүсийн ярьж байгаагаас илүүтэйгээр хэт олонхи болсон 65 суудал. Сонгуулийн дараа хоёр хүний амнаас би сонсч байсан. Надад өөрийн эрхгүй тэр бодогдож байсан. “65 суудал гэдэг МАН-ыг бараг өөрийг нь үгүй хийхүйц хэмжээний суудал боллоо” гэдэг үг. Энэ 65-ын амбиц, шунал, тэдний ард байгаа эрх ашгийг Засгийн газар хангаж чадахгүй. Тиймээс хүссэн хүсээгүй энэ бүрэн эрхийн хугацаанд Засгийн газар дор хаяж хоёр хөдлөх байх гэсэн таамгуудыг ярьж байсан. Тэр маш хурдацтай ирж байна. 60 тэрбум уу, концесс уу ялгаагүй дараагийн Засгийн газар байгуулагдахад дахиад 60 тэрбумтай холбоотой зүйл яригдана. Яагаад гэвэл, энэ 60 тэрбум чинь Засгийн газар байгуулагдахад биш УИХ бүрдэхэд хийгдсэн схем учраас. Энэ өөрөө дуусахгүй. Н.Алтанхуягийн Засгийн газарт бондын тухай ярьж байсан, энэ Засгийн газарт концесс ярьж байх шиг байна. Дараагийн Засгийн газар дээр энэ нүүрс, зэсээр орж ирсэн их мөнгө яригдана. Засгийн газар улстөрчдийн ажилладаг зарчим өөрчлөгдөөгүй нөхцөлд хэн ч очсон дахиад л мөнгөтэй холбоотой хэрүүл дуусахгүй. Гомдогч, гомдоогчид нь дахиад нэг зүйл олох л байх. Засгийн газар огцруулах бол Солонгосын савангийн дуурийн зөвхөн нэгдүгээр анги гэж харж байгаа шүү дээ. Засгийн газар бүрдэхийн тулд бөөн зүйл болон яаж бүрдэх вэ гэдэг сонирхолтой дүр зураг гарах байх. Засгийн газрыг огцруулах үндэслэл дотор хэчнээн шударга, хууль ёсны мэт яригдаж байгаа ч цаана нь байгаа эдийн засгийн болон бүлэглэлүүдийн сонирхлыг хараад үзэхээр энэ өөрөө Монголын ирээдүйн 4-5 жил дотор гэрэлтэй байх өнцөг харагдахгүй байна. Хэн нь ч бодлого ярьсангүй. Энэ Засгийн газар ийм алдаа гаргаад тэр алдааг засахыг тулд ямар бодлого явуулах вэ. Монголд гадаад, дотоод орчноос ийм бодлого байгаа бол үүнийг даван туулахын тулд ямар бодлого байгаа вэ гэдэг тоотой, судалгаатай алсын хараатай бодлого санал болгож танилцуулж байгаа хүн нэг ч алга. Зүгээр л попорч байна. Олон нийтэд таалагдах гоё үгсийг хэлж байна. Цэгцтэй бодлого хаана байна. Бодлогогүй сандал ширээний хэрүүл ямар дүр зурагт хүргэдгийг өнгөрсөн дөрвөн жил бид харсан. Тэгэхээр тийм л дүр зураг харагдаад байгаа учраас жаахан болгоомжлол байна. Энэ болгоомжлол АН, монголын гэхээс илүүтэйгээр хэт олон суудал авсан 65 хүний хувийн тоглолтод өрнөж байгаа асуудал.

-Таны намын бүлэг Засгийн газрыг огцрохыг дэмжсэн шийдвэр гаргасан. Та үүнийг юу гэж харсан бэ?

-Аль ч цөөнх Засгийн газраа олонхи өөрсдөө огцруулах гэж байхад гардаг л шийдвэр. Өмнөх дөрвөн жилийг эргэж харахад АН 34 суудалтай олонхи болоогүй мөртлөө Н.Алтанхуягийн Засгийн газар бараг хоёр жил тэслээ шүү дээ. Гэтэл МАН 65 суудалтай мөртлөө тэсэхгүй байна. Энэ дүр зургийг эргүүлээд харахад цөөнхөөс шалтгаалдаггүй. Засгийн газар огцрох, үгүйг олонхи шийддэг. Тиймээс цөөнх огцруулна гэж шийдвэр гаргах, хурлыг хаяад гарах үр дүн ялгаагүй. Олонх өөрөө ойлголцол байхгүй нөхцөлд Засгийн газар байнга онхолдож байдаг. Энэ олонхийн хариуцлага.

-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг хамгийн том алдаа гэвэл та юуг харж суув?

-Гүйцэтгэх эрх мэдэл дээр очсон хүмүүст түгээмэл гардаг алдаа л гарсан. Урдаа байгаа алдааг шийдэх гээд зөвхөн урагшаа хараад алхдаг. Хажууд нь, ард нь юу болж байгааг тэр бүр анзаардаггүй. Манай нам, бидний нэг нөхөр учраас үүнийг шийдэх ёстой гээд хүндрэлийг шийдэх гээд явдаг гүйцэтгэх эрх мэдэл аваад явж байгаа хүмүүст харагддаг хонгил. Тэр хонгилоороо харсан. Тэр хонгилын харагдахгүй байгаа хэсэгт Түгжилүүд түм бумаараа байгаа. Тэд дуртай үедээ л Түгжилдэнэ шүү дээ. Саяны тохиолдолд гүйцэтгэх эрх мэдэл дээр байдаг хүмүүсийн зовлонг туулсан. Ж.Эрдэнэбатын алдаа гэхээсээ илүүтэй МАН-ын 65 хүний амбицийг хангах гэдэг бол хэцүү. Өмнө нь 34 хүний амбицийг хангах гэж АН яаж зовж байсныг та бүхэн харж байсан. Тэрнээс дахиад бараг хоёр дахиад илүү хэмжээний хүн орж ирсэн ч аль ч улс төрийн үзэл санаан дээр туг хатгаж явахаас илүүтэйгээр тохиолдлын байдлаар үсэрч орж ирсэн нь тал хувь нь сууж байна. Энэ бол 60 тэрбумын хаялага. Тэд эхний зургаан сардаа учраа олохгүй байж байгаад дараагийн зургаан сард би мундаг юм байна гэдэг дэмийрлээр өвчилнө. Тэр өвчлөл хүссэн хүсээгүй намайг тоохгүй бол би хэнийгээ үзүүлнэ гээд Засгийн газар, яам, агентлаг руугаа хандаж эхэлж байгаа байхгүй юу.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. n.Temuujin zuv helsen bna

    0 0 Хариу бичих
  2. Анализииг сайн хиилээ ?

    0 0 Хариу бичих
  3. Намайг тоохгүй бол би хэн гэдгээ харуулна даа

    0 0 Хариу бичих
  4. Монгол улс хэдэн тэрбум хүнийг тэжээх чадал бий. Харин Баттулга Хүрэлсүх хоёрын шуналыг хангах нөөц байхгүй.

    1 0 Хариу бичих
  5. unend tun oirtloo

    0 0 Хариу бичих