Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсныхаа дараа бодлоо өөрчилсөн үү

Т.Маралмаа


Доналд Трамп болон Ши Жиньпин нар өчигдөр утсаар хэдэн цагийн турш утсаар ярьсны дараа Доналд Трамп Умард Солонгосын цөмийн зэвсгийн болон пуужингийн хөтөлбөрийг хөгжүүлж, удаа дараа туршилт хийж байгаа явдлыг таслан зогсоохын тулд цэрэг зэвсгийн хүчийг хэрэглэх нь түүний нэн тэргүүний сонголт байгаагүй гэдгийг хэлсэн байна.

Харин түүнийг өмнө нь мэдэгдэж байснаараа Умард Солонгосын эсрэг цэргийн хүч хэрэглэх тухай бодож байгаа тухай нь асуухад “Юу болохыг харцгаая. Ямартаа ч цэргийн хүч бол миний эхний сонголт байгаагүй. Юу болохыг харж байя” хэмээн хариулсан байна.

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан тухайгаа маш илэн далангуй яриа болсноос гадна маш нухацтай, хүчтэй яриа болсон тухай ярьсан байна.  Тэрээр “Ши Жиньпин надтай 100 хувь санал нийлж байгаа гэдэгт би итгэж байна” хэмээжээ.

БНХАУ-ын төв мэдээллийн агентлаг CCTV агентлаг хоёр улсын Ерөнхийлөгч утсаар ярих үеэр Ши Жиньпин БНХАУ энхийн замаар асуудлыг шийдэх ёстой гэсэн албан ёсны байр сууриа илэрхийлснийг мэдээлсэн.

Доналд Трампын хувьд Умард Солонгос өнгөрсөн долоо хоногт зургаа дахь удаагаа цөмийн зэвсэг туршсаны дараа Умард Солонгос ямар нэгэн байдлаар заналхийлсан тохиолдолд өөрийн газар нутаг болон холбоотон улсуудаа хамгаалахын тулд цэрэг зэвсгийн томоохон цохилт өгөх болно гэдгээ мэдэгдсэн юм. Харин БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар ярьсны дараа түүний энэ бодол бага зэрэг өөрчлөгдсөн байх талтай байна. Хоёр улсын ерөнхийлөгч утсаар ярих үедээ үүнээс гадна өөр ямар асуудлыг авч хэлэцэж, чухам юу гэж ярьсан бэ гэдэг нарийн мэдээллийг Цагаан ордноос өгөхгүй байна.

Доналд Трамп ням гарагт Умард Солонгостой хамтран ажилладаг бүх улстай худалдаа хийхээ зогсооно хэмээн мэдэгдсэн нь БНХАУ-тай шууд холбогдож байна. Учир нь БНХАУ бол Умард Солонгосын хамгийн том худалдаан авагч, худалдааны түнш. Тухайлбал, 2015 онд Умард Солонгос улс жилийн 3.4 тэрбум долларын гадаад валютын орлого олсноос БНХАУ 85 хувийг эзэлсан байна. Үүний зэрэгцээ АНУ-ын хувьд ч БНХАУ хамгийн том түнш. Өнгөрсөн жил гэхэд АНУ-БНХАУ 650 тэрбум долларын худалдаа хийсэн. Үүнээс 170 тэрбумыг экспорт, 480 тэрбумыг импорт эзэлж байгаа нь Хятадыг АНУ-ын хамгийн том худалдааны түнш болгож байна.

Тиймээс Трампын уг шийдвэрийг шинжээчид хий хоосон, ямар ч үр дүнгүй зүйл хэмээн шүүмжлээд байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)