Умард Солонгос энэ сарын есөнд ээлжит тив алгасагч баллистик пуужин харвахаар зэхэж байна

Т.Маралмаа


БНСУ-ын Ерөнхий сайд Ли Накён Умард Солонгос улс энэ сарын 9-нд буюу бямба гарагт ээлжит тив алгасагч баллистик пуужин харвахаар зэхэж байгаа тухай мэдэгдлээ.

Тэрээр “Байдал маш ноцтой байна. Умард Солонгос цөмийн хөтөлбөрөө бүрэн боловсруулж дуусахад тийм ч урт хугацаа үлдсэн гэж бодохгүй байна. Тэдний энэ бусармаг үйлдлийг зогсоохын тулд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна” хэмээн Батлан хамгаалахын сайд нарын хуралдааны үеэр мэдэгджээ.

Үүнтэй холбоотойгоор өчигдөр АНУ-ын пуужингаас хамгаалах системийн сүүлчийн хэсгийг БНСУ-ын нутаг дэвсгэрт суурилууллаа. Ингэснээр БНСУ-д хэдэн зуун иргэн уг үйлдлийг эсэргүүцэн цагдаа нар болон иргэдийн дунд мөргөлдөөн үүссэн байна.

Учир нь THAAD пуужингийн цохилтоос хамгаалах системийн нэмэлт 4 хөөргөгчийг Сионжу мужид нэмэлтээр ийнхүү суурилуулсан нь тус улсын нийслэл Сөүл хотоос ердөө 300 км-ийн зайтай юм. Өмнөд солонгосчууд энэхүү систем нь хүний эрүүл мэндэд төдийгүй хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлнө хэмээн үзэж ийнхүү эсэргүүцлийн жагсаал хийж байгаа юм.

Харин тус улсын батлан хамгаалах яамнаас Умард Солонгосын заналхийллээс хамгаалахын тулд үүнээс өөр оновчтой арга байхгүй хэмээн тайлбарласан байна.

Тус улсын Ерөнхийлөгч Мун Жэ Ин ч мөн ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа энэхүү пуужингийн цохилтоос хамгаалах THAAD систем нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэж үзэж 11 дүгээр сар хүртэл бүрэн идэвхижүүлэхгүй байх шийдвэрийг гаргаж байсан ч Умард Солонгосын заналхийлэл, мөн АНУ-ын шахалтаар ийнхүү системийг бүхэлд нь нутаг дэвсгэртээ суурилуулахаас өөр аргагүйд хүрч байгаа тухайгаа БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Инийн зөвлөх Мүүн Чунг Ин CNN агентлагт  ярьжээ.

Ийнхүү пуужингаас хамгаалах системийн үлдсэн хэсгийг бүхэлд нь БНСУ-ын нутаг дэвсгэрт суурилуулж байгаа нь Өмнөд Солонгос болон БНХАУ-ын дипломат харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй байна.

Учир нь THAAD системийг идэвхижүүлсэн тохиолдолд БНХАУ-ын нутаг дэвсгэрийн хэсэг үүнд өртөх магадлал өндөр юм.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Инийн хувьд яг одоо ОХУ-д үргэлжилж байгаа Дорнын эдийн засгийн форумд оролцож байгаа. Тэрээр энэ үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзсан.

Уулзалтын дараа Мун Жэ Ин болон Шинзо Абэ нар Солонгосын Хойгийн асуудлыг шийдэхийн тулд яриа хэлэлцээр хийх гарц олох биш харин Умард Солонгосын эсрэг шахалт үзүүлж, хориг арга хэмжээг нэмэгдүүлэх цаг нь болсон гэдэг дээр санал нэгтэй байгаагаа мэдэгдсэн байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)