“Invest Mongolia” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт Шангри-Ла зочид буудалд болж байна. Уулзалтаар хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр авч байгаа арга хэмжээг танилцуулж, тэдэнд тулгарч байгаа хүндрэл, бэрхшээл, шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүд, эдийн засаг, банк санхүү, дэд бүтэц зэрэг салбарын цаашдын төлөвийг хэлэлцэж буй юм.
Чуулга уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож “Эдийн засгийн өсөлт, нэг хүнд ногдох орлогоо нэмэгдүүлэх замаар хөгжлийн илүү өндөр түвшинд хүрэхийг зорьж байгаа энэ үед гадаадын хөрөнгө оруулалт нэн чухал байна. Гадаад талдаа Монгол Улсад итгэх итгэл эргэн сэргэж, Бизнес эрхлэлтийн орчны индексээр 2017 онд найман байраар урагшлан “Монгол Улс бизнестээ эргэн ирлээ” гэв.
Уул уурхайн томоохон ордыг түшиглэсэн цахилгаан станц, боловсруулах үйлдвэр, авто болон төмөр зам гээд томоохон бүтээн байгуулалтын ажил эхэлж, хөдөө аж ахуй, үйлчилгээ зэрэг бусад салбарт ч шинэ боломж нээгдэж байгаа нь Монгол Улс хөрөнгө оруулагчдын сонирхох бизнестэй, ирээдүйтэй зах зээлтэй орон хэвээр байгаагийн нотолгоо гэж Ерөнхий сайд үзэж байна. Хөрөнгө оруулагчдын чуулганыг сүүлийн 10 гаруй жил тогтмол зохион байгуулж ирсэн ч бодитой үр дүн бага байгаа учир цаашид ярьж чуулахаас илүү хамтарч хийдэг, бүтээдэг болохыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уриалж “Засгийн газар хөрөнгө оруулагчдыг хуулийн хүрээнд бүх талаар дэмжиж ажиллах болно” гэлээ.
Чуулга уулзалтын үеэр нийтлэлч Баабар илтгэл танилцуулсан юм. Тэрээр,
Хөгжиж байгаа орнуудын нийгмийн сэтгэлгээнд хэд хэдэн зовлон байна. Манай улс орчин үеийн төр байгуулах эхний шатандаа явж байна. Иргэдийн нийтлэг сэтгэлгээ дундад зууны ойлголттой, хоцрогдлын шалтгааныг гаднаас хайдаг, төрөө үргэлж харддаг, дотроосоо өө эрэмтгий, баялаг бүтээгчдээ дайсан гэж хардаг, банкийг мөлжлөг гэж хардаг. Үүнээс болоод төр сул дорой, авлига маш их хөгжсөн, нийгэм нь овог отгийн байдалтай, ард түмэн нь төрдөө, төр нь ард түмэндээ итгэдэггүй. Улс төрийн аль ч намд тогтсон үзэл суртал байдаггүй, сонгууль төрийн авлигын шинжтэй, хуулийг үл хүндэтгэх, үл тоох нь нийтийг хамарсан үзэгдэл болсон. Нийгмийн баялгийн шударга бус хуваарилалт, байгаль орчинтой хамгийн зэрлэг харьцдаг байх жишээтэй. Хоцрогдсон орныг байгалийн баялагтай, баялаггүй гэж хувааж байна. Хоцрогдсон нийгмийн сэтгэлгээ шинэ зүйл хүлээж авдаггүй. Өнөөгийн Монгол оронд энэ сэтгэлгээ их ойролцоо. Орчин үеийн төр байгуулах бололцоо 30 хүрэхгүй жилд бий болсон. Дэндүү өргөн уудам нутагт маш цөөхөн хүн амьдардаг ч бэлчээрийн маргаан байнга гарч ирсэн. Хүн амын 80 хувь бэлчээрийн мал аж ахуйтай ямар ч холбоогүй амьдарч байж л байнга ийм маргаантай.
Оюутолгойн гэрээг хамгийн муу, бид дээрэмдүүлсэн гэж хүн амын 90 хувь нь үзэж байгаа. Монголд хөрөнгө оруулж байгаа нь ганцхан уул уурхай. Гадагшаагаа зарах юу ч байхгүй. Хивс, ноолуур, сүүлний тос, мах, жамц давс гээд нэрлэж болох ч нийлбэр дүн нь уул уурхайд орж ирж байгаа хөрөнгө оруулалтын хаана нь ч хүрэхгүй. Гэхдээ хоцрогдсон бусад орнуудаас Монголд олон давуу тал бий. Бүх нийтээрээ бичиг үсэгтэй болоод 60 жил болж байна. Ямар ч нөхцөлд дасан зохицож, өөрийгөө аваад явах чадвар монгол хүнд өндөр байдаг. Ямарваа нэг зүйлийг хурдан сурч, түргэн эзэмших авъяастай. Маш их бардам биеэ тоосон байдал нь зөв гольдрилд орвол хөгжинө. Монголчууд авлига, луйврын олон бүлэгтэй ч аль нь ч удаан ноёрхож чаддаггүй. Монгол бол чөлөөт ардчилсан орон. Чухам үүний буянаар бүлэглэлүүд хэнийг ч дээш нь гаргадаггүй. Биенийхээ булхайг амархан илчилдэг. Энэ бол сайн тал. Монгол орон маань хөгжинө. Гэхдээ дараагийн 27 жилд” хэмээн илтгэлдээ дурдсан юм.
Чуулга уулзалт маргааш өндөрлөнө.