Ж.Хулан: Монголын медиа корпораци эрэн сурвалжлах албатай болно
Монголд анх удаа зохион байгуулагдаж буй Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн “Investigative journalism dialogue” хурал хоёр дахь өдрөө “Кемпински” зочид буудалд үргэлжилж байна. Хэвлэлийн хүрээлэн, ХБНГУ-ын Дойче Велле академи болон “Монгол” телевиз хамтран зохион байгуулж буй тус хуралд гадаад дотоодын 100 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.
Хурлын хоёр дахь өдөр буюу өнөөдөр “Нээлттэй мэдээллийн сан эрэн сурвалжлах сэтгүүл зүйд ямар үүрэгтэй вэ” сэдвээр үндэстэн дамнасан эрэн сурвалжлах үйл ажиллагааны туршлагаас хуваалцсан. Үүний дараагаар “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт, зөвлөн чиглүүлэх үйл ажиллагааг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх вэ” хэлэлцүүлгийг Ийгл телевизийн гүйцэтгэх продюсер Ж.Хулан, Хэвлэлийн хүрээлэнгийн багш Ц.Чимиддондог, Таамагт суурилсан судалгаа номын зохиогч Марк Ли Хантер болон Японы Васеда Хрониклын эрхлэгч Хидиаки Кимура өрнүүлж, туршлага солилцон оролцогчдын асуултад хариулсан юм.
Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд төдийгүй гадны мэргэжилтнүүд бүтээл хэрхэн санхүүжүүлэх тухай, эрэн сурвалжлах бүтээлийг хэрхэн үр ашигтайгаар хийх зэргийг нээлттэйгээр ярилцдаг хурал болж буйгаараа маш онцлогтой байна.
Хэлэлцүүлгийн дараа Монголын медиа корпорацийн Ийгл телевизийн гүйцэтгэх продюсер Ж.Хулангаас хурлын талаарх сэтгэгдлийг нь сонслоо. Тэрээр “Энэхүү хурал цаг үеэ олсон маш ач холбогдолтой хурал болж байна. Хуралд Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын маш олон төлөөллүүд ач холбогдол өгч оролцож байгаад талархаж байна. Хэд хэдэн байгууллага эрэн сурвалжлах албатай болох эхлэл энд тавигдаж байна.
Яг энэ цаг үед зөвхөн Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд төдийгүй гадны мэргэжилтнүүд бүтээл хэрхэн санхүүжүүлэх тухай, эрэн сурвалжлах бүтээлийг хэрхэн үр ашигтайгаар хийх зэргийг нээлттэйгээр ярилцдаг хурал болж буйгаараа маш онцлогтой хурал болж байна. Цаашид ч Монголын медиа корпораци эрэн сурвалжлах албатай болж ажиллахаар болж байгааг энд дуулгая. Тэгэхээр энэ хурал манай хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувьд ихээхэн ач холбогдолтой хурал болж байна. Зохион байгуулагчдадаа талархал илэрхийлье" гэв.