М.Мөнхмандах: Эрэн сурвалжлаад ил болгосон бүтээлийг олон нийт хэн нэгний захиалгатай, төлбөртэй гэж хардсаар л байна

Монголд анх удаа Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн “Investigative journalism dialogue” Олон улсын хурал зохион байгуулагдаж байна. Тус хурал өнөөдөр хоёр дахь өдрөө “Кемпински” зочид буудалд үргэлжилж байгаа юм. Хурлын үеэр Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандахтай цөөн хором ярилцснаа хүргэе.

-Та Хэвлэлийн хүрээлэнд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн эрчимжүүлсэн сургалт болж байгаа талаар хурлын үеэр онцолсон. Хоюулаа яриагаа тэрхүү сургалтын талаар эхлэе?

-Монгол анх удаа эрэн сурвалжлах сэтгүүлчдийг мэргэшүүлэн бэлтгэх гурван 7 хоногийн эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ сургалт яг одоо Хэвлэлийн хүрээлэн дээр явагдаж байгаа.

Энэхүү сургалтын хөтөлбөрийг Хэвлэлийн хүрээлэн ХБНГУ-ын Дойче Велле акедемийн дэмжлэгэтэйгээр бэлтгэсэн. Мөн сургалт явуулах багш нараа бэлтгэж, мэргэшүүлсэн. Сургалтын хөтөлбөр гарын авлагуудыг ч бэлтгэсэн байгаа. Энэ хөтөлбөрийг бэлтгэхэд дэлхийд өндрөөр үнэлэгдэж байгаа алдартай эрэн сурвалжлагч сэтгүүлчид их, дээд сургуулийн багш нартай хамтарч ажилласан. Тэгэхээр хамгийн сүүлийн үеийн дэлхийн чиг хандлагад нийцэхүйц эрэн сурвалжлах сэтгүүл зүйн арга зүйг энэ хөтөлбөртөө багтаасан. Энэ сургалтад 18 сэтгүүлч хамрагдаад явж байна.

-Манай улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн салбар болон сэтгүүлчид бусад улс орнуудтай харьцуулахад ямар түвшинд явна вэ. Та юу гэж дүгнэх вэ?

-Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд эрэн сурвалжлах сэтгүүлзүй маш их хүчээ авч байгаа. Ийн эрчимтэй хөгжиж байгаагийн гол шалтгаан нь мэдээлэл илүү нээлттэй болж байгаатай холбоотой. Нөгөөтэйгээр мэдээлэл авах боломж нэмэгдэж, улс орнуудын Засгийн газрын нээлттэй байх бодлого болон мэдээлэл олж авах эрх чөлөө сайжирч буйтай холбоотой. Түүнчлэн нүдэнд ил харагдахгүй байгаа далд зүйлийг ил болгох, илрүүлэх шаардлага улам илүү өндөрсөж байна.

Нүдэнд ил харагдахгүй байгаа далд зүйлийг ил болгох, илрүүлэх шаардлага улам илүү өндөрсөж байна.

Монголд эрэн сурвалжлах сэтгүүл зүй тодорхой хэмжээгээр хөгжиж байна. Хоёр өдөр үргэлжилж буй уг хурлын явцад сэтгүүлчдийн өөрсдийнх нь хийсэн бүтээлийн талаар, тэдний туршлага, тэдэнд тулгамдаж байгаа бэрхшээлийн талаар ярилцлаа. Эндээс дүгнэхэд манай сэтгүүлчид сайн ажиллаж байна гэж би хэлнэ. Гэхдээ эрэн сурвалжлаад ил гаргаад ирсэн бүтээлийг олон нийт захиалгат, төлбөртэй, ард талд нь хэн нэгэн нуугдаж байна гэж харах, хэн нэгэнд худалдагдлаа гэж хардах үл итгэх байдал байсаар л байна.

Эрэн сурвалжлаад ил гаргаад ирсэн бүтээлийг олон нийт захиалгат, төлбөртэй, ард талд нь хэн нэгэн нуугдаж байна гэж харах, хэн нэгэнд худалдагдлаа гэж хардах үл итгэх байдал байсаар л байна.

Аливаа мэдээллийг ил болгоод гаргаад ирэхэд тэрийг нь эргээд улс төр эсвэл эдийн засгийн аргаар үгүйсгэх, дарамтлах, үл тоох хандлага эрх баригчдын дунд хүчтэй байгаа учраас манай сэтгүүлчдийн эрэн сурвалжилсан бүтээлүүд төдийлөн үр дүнд хүрч чадахгүй байна.

-Бид энэ асуудлаас хэрхэн ангижирч, үр дүнд хүрэх ёстой вэ?

-Эдгээр асуудлыг бид энэ хурлаараа ярилцаж байна. Өөрөөр хэлбэл, асуудлыг бид зүгээр л гаргаад тавьчих юм уу. Эсвэл цаашаагаа дараагийн алхмыг хийх ёстой юм уу гэдэг дээр яриа өрнүүллээ. Сэтгүүлчид үр дүнд хүрэхийн тулд ямар, ямар алхмууд хийх ёстой вэ, бүтээл нь өөрөө ямар байх ёстой вэ гэдгийг зааж өгөх шаардлагатай байна.

-Эрэн сурвалжлагаар ажиллаж буй сэтгүүлчид нэн тэргүүнд ямар, ямар чадвар эзэмших ёстой вэ. Манай сэтгүүлчид тэдгээр чадваруудыг эзэмшиж чадаж байна уу?

-Нэн тэргүүнд сэтгүүлчид бүтээлийнхээ санааг хаанаас олох вэ гэдгээс эхэлнэ. Санаагаа олчихоод түүнийгээ хэрхэн таамаг болгох уу, таамаг болгочихоод түүнийгээ нэг бол нотлох нэг бол үгүйсгэх баримт хаанаас яаж олох вэ. Тэр баримтаасаа алийг нь ашиглаж, алийг нь нөөц болгох вэ гээд алхам тутамд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн тодорхой арга барил, стратеги байдаг. Энэ аргачлалуудыг суралцаж болно.

Өөрөөр хэлбэл, эрэн сурвалжлах сэтгүүл зүйд суралцаж илүү үр дүнтэйгээр богино хугацаанд чанартай эрэн сурвалжилсан бүтээл гаргах боломжтой. Тийм болохоор манай сэтгүүлчид хамгийн гол нь эдгээр арга зүйг эзэмших хэрэгтэй. Бор зүрхээрээ явж байгаа сэтгүүлчид олон байна. Авьяастай, тууштай, зоригтой сэтгүүлчид олон байгаа ч эрэн сурвалжлах сэтгүүл зүйн арга зүйд суралцаагүй бол тодорхой хэмжээгээр алдах, эсвэл бүтээл нь төдийлөн үр дүнтэй болохгүй байх тохиолдлууд бий.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Сэтгүүлчид л өөрсдөө ийм байдлыг бий болгосон. Салбараа эрүүл болгохын тулд худалдагдсан сэтгүүлчиддээ Сэтгүүлчдийн холбоо нь хариуцлага тооцож байх ёстой.

    1 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ