Монгол Улсын өнцөг булан бүрт ажиллаж буй багш нар цалингаа дор хаяж 1.6 сая төгрөг хүртэл нэмэх шаардлагыг төр, засгийн удирдлагуудад тавьж, жагсаал зохион байгуулаад буй. Тэгвэл энэ асуудлыг судалж үзэхээр Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спорт болон Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд нарыг оролцуулсан ажлын хэсэг байгуулагдсан талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо мэдээллээ.
Түүнчлэн 2017 оны төсөвт Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайдын багцад 1.35 их наяд төгрөг төсөвлөжээ. Тиймээс багш нарын тавьж байгаа шаардлагыг биелүүлэхэд төсөвт нэг их наяд орчим төгрөг нэмэлтээр суулгах хэрэгтэй болно гэсэн тооцоо гараад байгаа аж.
Багш нарын хувьд 400-600 мянган төгрөгийн дундаж цалинтай билээ. Мөн тэд Засгийн газарт шаардах бичиг хүргүүлсэн ба хариуг нь есдүгээр сарын 15-нд хүлээж авахаар хүлээж байгаа юм.