ФОТО: Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн олон улсын хурал эхэллээ
Монголд анх удаа Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид чуулж, туршлага солилцож байна. “Investigative journalism dialogue” эрэн сурвалжлах сэтгүүлзүйн Олон улсын хурлыг Хэвлэлийн хүрээлэн, ХБНГУ-ын Дойче Велле академи болон “Монгол ” телевиз хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тус хурлын нээлт дөнгөж сая “Кемпински” зочид буудалд боллоо.
Тус арга хэмжээг нээж Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах, “Монгол” телевизийн захирал Ч.Номин, Дойче Велле академийн хөтөлбөрийн менежер Эва Мель болон АНУ-ын эрэн сурвалжлагч сэтгүүлч Марк ли Хантер нар үг хэлсэн юм.
Хуралд оролцогчид эрэн сурвалжлах сэтгүүл зүйн онцлог, Монголд эрэн сурвалжлага хийх боломж ба бэрхшээлийг хэлэлцэж, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг хамтдаа эрэлхийлэх юм.
Монголд анх удаа зохион байгуулагдаж буй уг үйл ажиллагааны үеэр гадаад, дотоодын эрэн сурвалжлах сэтгүүлчид туршлага солилцож, олон улсын зөвлөх багш нар эрэн сурвалжлах арга зүйн зөвлөмж өгнө.
Тухайлбал, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бие даасан, хараат бус төв байгуулан ажиллуулж буй бусад улс орны сайн туршлага, нээлттэй мэдээллийн санг хэрхэн үүсгэх, түүнийг ашиглахын давуу тал, эрэн сурвалжлах бүтээлийг хэрхэн санхүүжүүлэх болон цахим орчинд мэдээлэл хайх, нягтлан шалгах арга барил зэрэг асуудлаар сайн туршлагаас суралцаж, сонирхсон асуултдаа хариулт авах боломжийг сэтгүүлчдэд олгох аж.
Түүнчлэн, хуралд оролцогчид эрэн сурвалжлах сэтгүүл зүйн онцлог, Монголд эрэн сурвалжлага хийх боломж ба бэрхшээлийг хэлэлцэж, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг хамтдаа эрэлхийлэх юм байна.
Хоёр өдөр үргэлжлэх тус хуралд гадаад, дотоодын 100 гаруй төлөөлөгчид оролцож байна.