Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг 5 бүлэг этгээдийг илрүүлжээ

Нийслэл хотын хэмжээнд 2017 оны эхний найман сарын байдлаар 12807 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.  Нийт гэмт хэргийн дийлэнх хувийг буюу 35.9 хувийг хулгайлах, 25.9 хувийг бусдын бие махбодид гэмтэл учруулах хэргүүд эзэлжээ.

-ХҮҮХДҮҮД НЭГНЭЭ ДЭЭРЭМДЭХ НЬ ИХЭСЧЭЭ-

Энэ талаар Нийслэлийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэцэцэг “Зуны амралтын улирал эхэлсэнтэй холбогдуулан гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг буурсан. Харин орон сууц, гэр хорооллын гудамжинд булаах, хулгайлах гэмт хэргүүд нэлээд өсөх хандлагатай байлаа. Оны эхний найман сарын байдлаар хүнийг санаатай алах гэмт хэрэг, танхайрах, тээврийн хэрэгслийн журам зөрчих гэмт хэрэг, бусдын бие махбодид гэмтэл учруулах гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, хүүхэд оролцсон гэмт хэрэг тодорхой хувиар буурсан үзүүлэлт гарсан. Үүнээс гадна бага насны хүүхдийг гудамж талбайд дээрэмдэх гэмт хэрэг нэлээд гарах болсон тул эцэг эхчүүдийг цагдаагийн байгууллагад хандаж, хохирлоо барагдуулах болон мэдээлэл өгч байхыг сануулж байна” гэж мэдээлэв.  

Мөн цагдаагийн байгууллагаас удаа дараа иргэд, олон нийтэд “Олон нийтийн үйлчилгээний газруудад бохь, ном, сонин сэтгүүл зарах нэрийдлээр бусдын цүнх, гар утас зэргийг хулгайлах гэмт хэрэг гарч байна” хэмээн сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж байгаа боловч энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдсээр байгааг онцоллоо.

Түүнчлэн гудамж талбайд 14-16 насны хүүхдүүдийг дээрэмдэх гэмт хэрэг нэлээд үйлдэгдэх болжээ. Тухайлбал, гэмт этгээдүүд “Чи манай дүүг зодсон хүүхэд байна” гэж насанд хүрээгүй хүүхдийг дагуулан явж, байрны орц болон хүнгүй газарт аваачин дээрэмдсэн хэрэг гарчээ.  

Энэ дагуу хэргийг шалгаж, 15 настай гурван бүлэг этгээдийг цагдаа нар илрүүлсэн байна. Үүний зэрэгцээ өчигдөр /2017.08.31/ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид дээрмийн гэмт хэрэг үйлддэг 16-20 насны таван бүлэг залуусыг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ.

Шалгалтын явцад эдгээр гэмт этгээдүүд нь Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр явж, насанд хүрээгүй хүүхдүүдийг айлган сүрдүүлж, эд зүйлийг нь дээрэмдсэн 23 хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байна.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас "Хичээлийн шинэ жил" арга хэмжээг 2017 оны наймдугаар сарын 28-ны өдрөөс эхлүүлжээ.  Энэ хүрээнд сургуулийн дотор болон гадна орчин, гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг, хулгайлах болон халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талт ажлыг төлөвлөөд байгаа аж. 

-ЭЦЭГ ЭХИЙН ЭРГҮҮЛҮҮД ШҮГЭЛ ҮЛЭЭЖ, ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛНА-

Энэ тухай “Сурагчдын холбоо”-ны тэргүүн О.Сэлэнгэ “Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Сурагчдын холбоо, НИТХ, НОБГ-аас энэ оны хичээлийн жилээс эхлэн “Эцэг эхийн эргүүл”-ийг ажиллуулахаар төлөвлөөд байна. Маргааш буюу есдүгээр сарын 01-нд эцэг эхийн эргүүл гаргаагүй сургуультай ИТХ-ын 177 дугаар тогтоолын дагуу хариуцлага тооцно. Яагаад гэвэл, урьд жилүүдэд зарим сургуулиад эцэг эхчүүдээ эргүүлд гаргахгүй хайнга хандах тохиолдол гарч байсан. Эцэг эхийн эргүүлүүд энэ жилээс эхлэн шүгэлтэй болж байгаа. Өмнө нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулахдаа шүгэлгүй, дохио өгдөг байсан бол энэ жил заавал шүгэлтэй байх зохион байгуулалт хийлээ.

Мөн эцэг эхийн эргүүл нь зам тээврийн осол аваараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллахаас гадна хөдөлгөөнт эргүүл хэлбэрээр сургуулийн орчинд ажилладаг. Тиймээс эцэг эхчүүдийг эргүүлд гарахын өмнө юу хийх, юуг анхаарах талаар 5-6 минутын танилцах бичлэг бэлдсэн.  Өдөрт 1400 гаруй эцэг эх эргүүлд ажилладаг. Нэг эргүүл нь зам дээр, нөгөө хоёр нь хөдөлгөөнт эргүүл хийдэг.

Эцэг эхийн эргүүл гарснаар сургуулийн орчинд үйлдэгддэг гэмт хэрэг буурч, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлдэг давуу талтай. Бид өнгөрсөн жил хэрэг зөрчил илрүүлсэн 200 гаруй эцэг, эхийг шагнасан. Цалинтай чөлөөгөөр ажиллах журамтай эцэг эхчүүдийг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагынхан дэмжиж, ажлаас нь чөлөөлж байхыг уриалж байна. Түүнээс гадна насны хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцохдоо баруун гараа өргөж, хөдөлгөөнд оролцох гэж буйгаа жолооч нарт анхааруулж оролцохыг уриалж байна” гэж ярилаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ