Хотын дарга өнөөдөр Энхтайваны өргөн чөлөө буюу төв замаар зүүн гар тийш эргэхгүй болох шийдвэрийг цуцалж буйгаа мэдэгдлээ. Тэрээр өнөөдөр автозамын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэнтэй уулзаж байхдаа энэ талаар ярилцаж, шийдвэрийг танилцуулсан юм.
Хотын дарга С.Батболд "Өнгөрсөн хугацаанд автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр нийслэлийн зүгээс олон ажил хийсэн. Үүний нэг өнгөрсөн 14 хоногийн хугацаанд туршиж үзсэн зүүн эргэхийг хориглосон шийдвэр юм. Энэ хүрээнд долоон уулзварыг чөлөөлсөн нь замын хөдөлгөөнийг бууруулах зорилгодоо хүрч чадсангүй. Иргэдийн дасал болсон хөдөлгөөний зүг чигийг өөрчлөхдөө бид олон нийтийн саналын сонсох ёстой. Олон нийт үр дүн багатай гэсэн үнэлэлт өгч байна. Мөн нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хотын дарга зүүн эргэхтэй холбоотой ямар ч шийдвэр гаргаагүй байсан" гэлээ.
Дээрх шийдвэрийн дагуу есдүгээр сарын 1-ний 06:00 цагаас эхлээд хуучин дүрмээрээ замын хөдөлгөөнд оролцож эхэлнэ.