Энэ өдөр дэлхийн түүхэнд

Ш.Самбуу


Уэльсийн гүнж Диана нас барав

Одоогоос 20 жилийн өмнө буюу 1997 оны энэ өдөр Парис хотын Альма талбайн доорхи замын хонгилд гарсан автомашины ослын улмаас Уэльсийн гүнж Диана Спенсер амиа алдсан юм. Гүнжийн хамт  түүний найз Доди аль-Файед амь үрэгдсэн билээ.

Аль-Файед ба жолооч Анри Поль хоёр газар дээрээ нас барсан ба гүнж Сальпетриер эмнэлэгт хүргэгдэн ирээд хоёр цагийн дараа амьсгал хураасан гэдэг. Диана гүнж дэлхийн хамгийн нэр алдартай эмэгтэйчүүдийн нэг байсан бөгөөд “Ард түмний гүнж” өргөмжлөлтэй байв. Тэр буяны ба энхийг сахиулах олон  үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байсан төдийгүй амьтан хамгаалах үйлст ч хүчин чармайлтаа оруулжээ.

Малайзын тусгаар тогтнолын өдөр

Малайн холбоо байгуулагдсан 1957 оны ойг энэ өдөр тэмдэглэдэг ажээ. Малайн холбоот улсын төрийн далбаа нь Америкийнх шиг зурааснуудтай. Тиймээс ч Малайн улс орны төлөө тэмцэгсэд зурааст  тугаа тойрон хүрээлснээр Тусгаар тогтнолын хөшөөнд дүрслэгджээ.

  • * Тринидад ба Тобаго улсын тусгаар тогтнолын баяр (1962)
  • * Киргиз 1991 оны энэ өдөр тусгаар тогтнолоо зарлав

А.Н. Радищев төржээ

Оросын зохиолч-чөлөөт сэтгэгч Александр Николаевич Радищев 1749 оны наймдугаар сарын 31 буюу хуучин тооллоор 20-нд төржээ. Түүний онч үгнүүдээс онцолбол:

  • Хүн болж чадсан цагт л хүнийг өөр талаас нь таньж эхэлдэг.
  • Манай хэл энгийн бөгөөд ердийн юм шиг санагдаж болох юм. Үнэн хэрэгтээ манай хэл гайхалтай бөгөөд гайхамшигтай.

Социалист уралдааны эхлэл тавигджээ

1935 онд Донбассын уурхайчин Алексей Стаханов нүүрс гаргах нэг хоногийн нормоо 14 дахин ихэсгэв. Зөвлөлтийн коммунист намын Төв хороо 1935 оны арванхоёрдугаар сарын бүгд хурлаараа “Стахановын хөдөлгөөнийг” олон сая хүмүүсийн хөдөлгөөн болгох шийдвэрийг гаргажээ. Тэр нь социалист уралдааны үндсэн хэлбэр болсон ба оны сүүлчээр Зөвлөлтийн үйлдвэр бүрт өөрсдийн нь стаханов гарч ирсэн байлаа.

Зарим нь үзэл суртлын үүднээс нөгөө нь шагнал, нэр төрийн үүднээс тэргүүний ажилчин болохоор тэмүүлж байлаа. “Дээд амжилтуудыг” ихэнхи тохиолдолд хиймлээр тогтоож иржээ. Техникийн аюулгүй байдал, бүтээгдэхүүний чанар  зэрэг нь дээд амжилтын ард хаягдсан байлаа.

Нэгдэх тухай гэрээний ёслол болов

Баруун Германы Гадаад хэргийн сайд Вольфанг Шойбле, Зүүн Германы ерөнхий сайдын дэргэдэх парламентын статс нарийн бичгийн дарга Гюнтер Краузе нар ХБНГУ, БНАГУ-ын эв нэгдлийн гэрээнд 1990 оны энэ өдөр гарын үсэг зуржээ. Москва хотноо 1990 оны есдүгээр сарын 12-нд ЗХУ, АНУ, Их Британи, Франц, ХБНГУ,  БНАГУ зэрэг зургаан орон Германы асуудлыг нэг мөр шийдсэн гэрээнд гарын үсгээ зурсан юм. Хоёр Герман албан ёсоор 1990 оны аравдугаар сарын 3-нд нэгдсэн билээ. Ингээд БНАГУ бие даасан улс байхаа больж, Баруун Берлины бие даасан улс төрийн нэгж байсан нь татан буугджээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ