Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хорооноос өнөөдөр эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа. Уг жагсаал 21 аймагт болж буйгаараа онцлог. Жагсаалд оролцсон багш нар сарын цалингаа 1.6 сая төгрөг болгож, нэмэгдүүлэх шаардлагыг тавиад байна. Харин салбар яамны зүгээс багш нарыг ажилласан жилээр нь биш ур чадварыг харгалзаж, цалинжуулдаг болно гэж үзэж буй.
Улаанбаатар хотын Төв талбайд өнөөдөр болсон жагсаалд 10 мянга орчим багш нар оролцсон бөгөөд жагсаалыг дэмжиж буйгаа илэрхийлж, МҮЭ-ийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МБШУ үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Баясгалан, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “Ноён-Уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид, Багш нарын түр хорооны удирдах зөвлөлийн гишүүд ирсэн байв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Би эхээс есүүлээ. Зургаа нь багш. Эцэг эх маань багш. Би өөрөө бас багш мэргэжилтэй. Багш нар ямар хүнд хүчир ажил хийдгийг, ямар их асуудалтай учирдаг гэдгийг би мэднэ. Багш нарын баяр гуниг, жаргал зовлон бүгдийг мэддэг хүний хувьд Монгол орны өнцөг булан бүрт цалингаа нэмэгдүүлэх асуудлаар жагсаал хийж буйг нь дэмжиж байна. 2012 онд төрийн алба хаагчдын цалинг нэмсэн. 2014 онд цалингийн гурван шатлалыг байхгүй болгосноор бага зэрэг цалин нэмэгдсэн. Гэтэл валютын ханш унаж байгаа энэ үед багш нарын цалин хэвээрээ байна. Цалин нэмэх боломжууд Засгийн газарт байсан. Өнгөрсөн онд 404 тэрбум төгрөгийг Засгийн газрын гишүүдийн урсгал зардалд баталсан.
Яам, агентлагийн орлогч дарга, дэд сайд нарыг цомхотгож багш нарын цалинг нэмж болно.
Энэ мөнгөөр өнгөрсөн жил ямар бүтээн байгуулалт хийгдсэн бэ гэвэл юу ч алга байна. Харин энэ төсвөөр багш нарын цалинг нэмж болох байсан. Яам, агентлагийн орлогч дарга, дэд сайд нарыг цомхотгож багш нарын цалинг нэмж болно. Мөн сургалтын хэрэглэгдэхүүний зардлыг төсвөөс гаргаж болно. Үүнийг Засгийн газар эрх баригч нар хийхгүй байна. Энэ оны хагас жилийн дүнгээр улсын төсөв 380 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Оны сүүлээр 700 орчим тэрбум болж, давж биелнэ. Энэ мөнгөөр багш нарын цалинг нэмж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах боломжтой. Г.Чулуунбаатар сайдтай уулзах үед багш нарын цалинг нэмэх асуудлаар ажиллах болно гэж мэдэгдсэн. Цаашид бид Засгийн газарт цалин нэмэх асуудлыг оруулж, тэмцэх болно” гэв.
-Гадаадад гурван өдөр хар ажил хийсэн хүний цалинтай Монголын нэг багшийн сарын цалин тэнцэж байна-
Багш нар “Багшийн цалинг нэм, Бид шаардаж байна, Багш нарын тэвчээр барагдлаа, Бүсээ чангалсаар байтал эцэстээ хүртэл туйлдлаа, Бид цаашид үнэхээр тэвчихгүй, Бидний амьдрал хүнд хэцүү байна, Бид монголын ирээдүйг бүтээгчид, Багш нар гадаадад гарч хар ажил хийхийг илүүд үзэж байна, Багш нараа шүтэх цаг ирсэн, Гадаадад гурван өдөр хар ажил хийсэн хүний цалин монголын нэг багшийн сарын цалинтай тэнцэж байна” гэсэн лоозон барин жагсчээ.
Багшийн цалин нэмүүлэх түр хороо энэ сарын 17-ны өдөр Засгийн газарт багшийн цалинг хамгийн доод тал нь 1,600,000 мянга болгох шаардлагыг хүргүүлсэн байна. Харин энэхүү шаардах бичгийн хариуг энэ сарын 24-ны өдөр Засгийн газраас ирүүлсэн хэдий ч тодорхой хариулт өгөөгүй байжээ. Иймд багш нар энэ өдөр жагсаал зохион байгуулсан аж.
21 аймагт болж буй БАГШ НАРЫН ЖАГСААЛ
Увс аймаг
Сэлэнгэ аймаг
Хэнтий аймаг
Дорнод аймаг