Туул голын сав газарт шалгалт хийлээ

Eagle.mn


Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын тушаалаар гарсан Ажлын хэсгүүд Орхон, Туул, Ерөө, Хүдэр голын сав газарт алт олборлож буй үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Тухайлбал, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваагаар ахлуулсан Ажлын хэсэг өнгөрсөн хоёр өдөр Төв аймгийн Заамар, Булганы Бүрэгхангай сумын нутагт алт олборлож буй компаниуд, бичил уурхайн эрхлэгчдийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Шалгалтын үеэр олон төрлийн зөрчил илэрсэн бөгөөд Ажлын хэсгийн зүгээс мэргэжлийн дүгнэлт гарган холбогдох байгууллагуудад шилжүүлэхээр ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүдээс ТЭЗҮ батлуулаагүй, Байгаль орчны үнэлгээ хийлгээгүй, мөн уулын ажлаа зургийн дагуу хийдэггүй зэрэг зөрчил илэрсэн. Харин бичил уурхайн эрхлэгч “Нөхөрлөл”-үүдийн хувьд ямарч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулах нь олширсон байна. Мөн байгалийн унаган төрхөө алдсан газрыг нөхөн сэргээх нэрийдлээр зөв­шөөрөл авсан компаниуд алт олборлох тохиолдол гарах болсон талаар нутгийн удирдлагууд ярьлаа. Төв аймгийн Заамар, Булганы Бүрэгхангай сумдууд Туул голоор заагдлагддаг бөгөөд энэ сав газарт нийт 34 компани ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж.

Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт дэвсгэрт тусгай зөвшөөрөлтэй 14  аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Тогтмол ажилладаг нь найм.  Сумын удирдлагууд энэ жил бичил уурхайн зориулалтаар 4 “Нөхөрлөл”-тэй гэрээ байгуулсан. Бусад нь “Нөхөрлөл” нэрийн дор үйл ажиллагаа явуулж буй “Техникжсэн нинжа” нар гэнэ. Тэдгээрийн үйл ажиллагааг таслан зогсоохоор  аймаг болон улсын мэргэжлийн хяналт, цагдаа руу албан бичиг явуулж хамтран ажилладаг. Гэвч өргөн далайцтай арга хэмжээ авахгүй бол хүч хүрэхгүй байгааг тус сумын Засаг дарга Н.Эрхэмбаяр хэллээ.  

 Харин Төвийн аймгийн Заамар сумын ЗДТГ-ын дарга Т.Алтангэрэл “Аж ахуйн нэгжүүдийн хувьд  нийгмийн хариуцлагын гэрээ байгуулаад ажиллаж байгаа. Харин бичил уурхай, “Нөхөрлөл” гэдэг хэцүү. Ямар ч барьц байхгүй. Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй ухдаг. “Бичил уурхай” нэрийн дор том компаниудаас дутахгүй техниктэй “Нөхөрлөл”-үүд газар нутгийг ихээр сүйтгээд байгаа юм.  Манай сумаас 64 нөхөрлөлийн зөвшөөрөл хүсч холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна лээ. Дээрээс зөвшөөрөл өгөөгүй учраас гэрээ байгуулаагүй. Одоо байгаа “Нөхөрлөл”-үүд газраа хамгаалж байгаа нэрээр шөнө дөлөөр хууль зөрчиж ажиллах болсон” гэлээ.  Мөн л цагдаатай хамтраад арга хэмжээ авсан.  Гэвч үр дүн гарахгүй байгааг  хэлсэн. Мөн Заамар сумын Байгаль хамгаалагч С.Цэнд-Аюуш “Голдуу шөнө дөлөөр ухах болсон. Өдөр нь ямарч техникгүй байдаггүй. Шөнө нь олон машин авчраад ухаад явчихдаг талаар ярьсан бол Заамар сумын Хайлааст багийн малчин Ч.Долгормаа “Нөхөрлөл”-үүд энэ жил харьцангуй цөөхөн байна. Өнгөрсөн жил алтны бууг хэд хэдээр нь эгнүүлээд дуусгасан.  Шууд голтой залгуулж тавиад шороотой усаа шууд асгадаг” гэлээ.

Засгийн газраас шаардлагатай бол гол, горхи бохирдуулж буй компаниудыг хууль хяналтын байгуул­лагад шилжүүлж, хуулийн хариуцлага хүлээлгэх чиглэл гарсан. Цаашлаад тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх арга хэмжээ авах юм. Үүний дагуу БОАЖЯ-наас ахалж, МХЕГ, ЦЕГ, Ашигт малтмал, газрын тосны газар, орон нутгийн төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсгийнхэн мэдээллээ нэгтгэн Засгийн газарт танилцуулах юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)