Олон Улсын цэргийн тэмцээнд монголын баг амжилттай оролцож байна

Б.Мичид


“Армейские международные игры-2017” олон улсын цэргийн тэмцээний хамгийн сонирхолтой “Танкийн биатлон”, “Хээрийн гал тогоо”, “Мэргэн буудагчийн зааг” зэрэг төрөлд Монгол Улсын Зэвсэгт хүчний багууд амжилттай оролцож байна.

Тэмцээнийг ОХУ, БНХАУ, Казахстан, Беларус, Азербайжан улсад долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 12-ныг хүртэл зохион байгуулах юм.

Манай улсын баг “Танкийн биатлон” тэмцээнд ийнхүү 4 дэх жилдээ оролцож байгаа бол “Хээрийн гал тогоо”, “Мэргэн буудагчийн зааг” тэмцээнүүдэд 2 дахь жилдээ оролцож байна.

Уг тэмцээний эхний шатны шалгаруулалтад 19 орны 55 танкийн экипаж нэг бүрчлэн тусгай маршрутын дагуу саадуудыг туулан, буудлагын дасгал гүйцэтгэн уралдаж нийлбэр дүнгээр хамгийн бага хугацаанд барианд орсон 12 орны баг хагас шигшээ тоглолтод шалгарах юм.

Наймдугаар сарын 5-ны өдөр уралдсан манай гуравдугаар экипажийн уралдааныг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа ЭСЯ-ны зарим удирдлагын хамт ОХУ-ын Зэвсэгт хүчний “Алабино” цэргийн сургалтын төвд зочлон, газар дээр нь үзэж багаа хөгжөөн дэмжсэн юм.

Тэрбээр “Танкийн биатлон”, “Хээрийн гал тогоо” тэмцээнд оролцож байгаа багын бие бүрэлдэхүүн, удирдлагатай уулзаж, санал солилцон, Монгол Улсын Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадамж, нэр төрийг өргөж, олон улсын цэргийн хамтын ажиллагаа, дайчин нөхөрлөлд хувь нэмэр оруулж байгааг тэмдэглээд,  дараагийн шатны тэмцээнүүдэд улам өндөр амжилт гаргахыг ерөөж гарын бэлэг гардуулав.

“Танкийн биатлон” тэмцээний эхний шатны тэмцээний дүн гарч, Монгол Улсын Зэвсэгт хүчний баг 8 дугаар байрт шалгарч хагас шигшээд танкийн буухиа төрлөөр Беларус, Казахстан, Армени улсын багуудтай өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж байна.

Түүнчлэн Казахстан улсад болж буй “Мэргэн буудагчийн зааг” төрөлд манай баг 17 орны багаас шилдэг наймд багтаж хагас шигшээд шалгарсан бол “Хээрийн гал тогоо” төрөлд багийн дүнгээр 3 дугаар байрт бичигдэн тэмцээнээ үргэлжилүүлж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)