Гадаадын их, дээд сургуулиудын чансааг тэргүүлэгчид

Л.Эрдэнэжаргал


The Times Higher Education World сайтаас дэлхийн 980 их, дээд сургуулиудын 2016-2017 оны чансааг гаргаж жагсаажээ. Ингэхдээ дэлхий даяарх их сургуулиудын багшлах, судлах, мэдлэг дамжуулах, олон улсад чиглэсэн үйл ажиллагаа зэргийг нь харгалзан, тухайн сургуулийн талаарх бүхий л мэдээллийг нэгтгэн дүгнэсэн байна. Их, дээд сургуулиудын боловсролын чанарыг үнэлэхдээ суралцагч оюутнууд, тухайн сургуулийг удирдагч, хичээл заадаг эрдэмтэн, багш нар,  засгийн газрын үнэлгээ зэрэг үндсэн 13 шалгуураар шалгасны дүнд ийнхүү жагсаажээ. 2016-2017 оны Дэлхийн их, дээд сургуулиудын чансааг хийхэд голлон нөлөөлсөн зүйл нь PricewaterhouseCoopers (PwC) буюу мэргэжлийн компаниудын бие даан хийсэн аудитын дүгнэлт байсан гэдгийг тухайн сайтаас онцолсон байна.

Сүүлийн 12 жилийн хугацаанд анх удаа дэлхийн их, дээд сургуулиудын чансааг Их Британийн их сургууль тэргүүлж буй аж. Хэдийгээр АНУ-ын их, дээд сургуулиуд чанартай боловсрол эзэмшүүлдэг гэдгээрээ энэ төрлийн чансааг тэргүүлдэг ч сүүлийн жилүүдэд Азийн их, дээд сургуулиуд Франц, Итали, Испани, төв болон зүүн Европын их, дээс сургуулиудад өөрсдийн байр сууриа алдаж байгаа юм. Дэлхийд үнэлэгдэх дээд боловсрол эзэмшүүлдэг их, дээд сургуулиудын дунд Ази тивийн их, дээд сургуулиудын эзлэх хэмжээ нилээдгүй нэмэгджээ. Нийт 24 орны 289 их, дээд сургуулиудын чансааг жагсаахад эхний 19 орны 15 дугаарт Азийн их, дээд сургуулиуд орсон нь үүнийг батална.

2016-2017 онд дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсрол эзэмшүүлж буй их, дээд 980 сургуулийг боловсролынхоо чансаа, үнэлгээгээр тэргүүлж буй 10 сургуулийг танилцуулья.

Оксфордын Их сургууль

Оксфордын их сургууль бол Английн алдартай их сургуулиудын нэг төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, тэргүүлэгч судалгааны сургууль билээ. Нийт 19718 оюутантай тус сургуулийн хувьд хүйсийн харьцаа 46:54 байдаг. Оксфордын их сургуульд суралцагч гадаад оюутнууд нийт суралцагчдийн 35 хувийг эзэлдэг нь дундаж үзүүлэлтэд орж буй ажээ.

Калифорнийн Технологийн Институт

Жилд дунджаар 2200 орчим оюутан суралцдаг, нийт оюутных нь 27 хувийг гадаадын оюутан эзэлдэг. Калифорнийн Технологийн институт нь АНУ-ын шилдэг сургуулиудын адил олон жилийн түүхтэй. Анх 1891 онд буюу 124 жилийн өмнө байгуулагдсан энэ сургуулиас 20-р зууны эхээр шинжлэх ухаанд цахиур хагалж байсан  George Ellery Hale, Arthur Amos Noyes, Robert Andrews Millikan нарын эрдэмтэд төрсөн юм. Калифорнийн технологийн институтээс 34 Нобелийн шагналтан төрсөн төдийгүй маш олон оюутан, төгсөгч нь НАСА-тай амьдралаа холбодог. Энд НАСА-гийн хамгийн анхны Тийрэлтэт хөдөлгүүрийн лаборатори байрлаж байсан гэхчилэн ШУ-ны тэргүүлэх сургалттай гэж нэрлэхэд хилсдэхгүй.

Стэнфордын Их сургууль

АНУ-ын тэргүүлэх их сургуулиудын нэг болсон тус сургуульд 2016-2017 онд нийт 15658 оюутан суралцаж байлаа. хүйсийн хувьд 42:58 байдаг бөгөөд гадаад оюутнууд нийт оюутнуудын 22 хувийг эзэлдэг. Цахиурын хөндийн зүрхэнд байрлах Стэнфордын их сургууль нь дэлхийд тэргүүлдэг эрдэм шинжилгээний сургуулиудын нэг гэдгээрээ алдартай.  тус  сургуулийн Бизнесийн сургууль нь   “Форбес” сэтгүүлийн  санал асуулгаар  1-рт, Боловсролын сургууль нь 2-рт, Технологийн сургууль нь 6-рт тус тус оржээ.  Нийт 7 салбар сургуультай, 1900 орчим тэнхимтэй.
АНУ-д дээд боловсролын санхүүжилтийн хэлбэрүүд төрөл бүр байдаг. Стэнфордын Их Сургууль нэр хүндтэй 2 эмнэлэг, хэд хэдэн судалгааны төвүүд, мөн хандивлагчдаасаа санхүүждэг бөгөөд  жилийн үйл ажиллагааны зардал нь 4 тэрбум долларт хүрдэг байна. Зардлын тодорхой хувь нь оюутны тэтгэлэгт зориулагддаг. Ялангуяа инженер, технологи, хуулийн мэргэжлээр магистр, докторын сургалтад тэтгэлэг авах боломж бүрэн нээлттэй гэдгийг мэдэхэд илүүдэхгүй болов уу.

Кембрижийн Их сургууль

1209 онд байгуулагдсан Кембрижийн их сургууль нь Английн нэр хүндтэй их сургуулиудын нэг юм. Өнгөрсөн онд тус сургуульд 18605 оюутан суралцаж байсны 35 хувийг гадаадын оюутнууд эзэлж байлаа. Хүйсийн харьцаа 45:55-тай байдаг. Кембрижийн их сургуулийн бүрэлдэхүүнд 31 коллеж, 100 эрдэм шинжилгээний хүрээлэн, 6 сургууль багтдаг. Дэлхийн хамгийн эртний бөгөөд 2 дахь том хэвлэлийн компани ч мөн тус сургуулийнх байдаг. Нийт 15 сая номтой номын сан, ботаник цэцэрлэгт хүрээлэн, Fitzwilliam-ын музей багтсан 8 соёл, шинжлэх ухааны музейтэй.

Массачусетусын Технологийн Институт

1861 онд байгуулагдсан тус сургуулийн хувьд анхны хувийн сургууль байсан гэдэг. Өнгөрсөн жил 11192 оюутан суралцсаны 34 хувийг гадаадын оюутан эзэлж байжээ. АНУ-ын их, дээд сургуулиуд дунд чансаагаараа тэргүүлдэг Массачусетусын Технологийн институт нь оюутнуудын мэдлэгийг дээшлүүлэх, шинжлэх ухаанд сургаж, 21 дүгээр зууны дэлхийг бүтээх эрхэм зорилго тавьжээ. Мэдээлэл технологийн салбарт тэргүүлэгч мэргэжилтнүүд ихэвчлэн тус сургуулийг төгссөн байдаг нь санамсаргүй хэрэг биш юм. Одоогоор нано технологи, тогтвортой эрчим хүч, хүрээлэн буй орчин, уур амьсгалын дасан зохицол, дэлхийн ус болон хүнсний аюулгүй байдал, кибер аюулгүй байдал, хиймэл оюун ухаан, хорт хавдар, аутизм, биологийн инженерчлэл зэрэг өргөн хүрээг хамарсан сэдвүүдээр оюутнууд нь судалгаа шинжилгээ хийж, шинэ бүтээлүүдээ  туурвиж буй.

Нийт 5 сургууль, 1 бие даасан их сургууль, 1000 гаруй багштай АНУ-ын томоохон их сургуулиудын нэг бөгөөд сургалтын чанараараа дэлхийд дээгүүрт ордог. Шинэ зуунд хэрэгтэй бүхий л мэргэжилтэнг бэлтгэж, шинжлэх ухаан, анагаах ухаан, мэдээлэл технологийн салбарт ажиллах, энэ салбаруудыг манлайлах хүсэлтэө оюутнуудад Массачусетусын Технологийн инстутэд элсэхийг санал болгох байна.

Харвардын Их сургууль

Хэдийгээр 2016-2017 оны хичээлийн жилийн их сургуулиудын чансаанд 6 дугаарт бичигдсэн ч харвадын их сургуулийн боловсролын зэрэг дэлхийн хаана ч өндрөөр үнэлэгддэг хэвээр байгаа юм. Өнгөрсөн жил тус сургуульд 19890 оюутан суралцаж байсны 25 хувийг гадаадын оюутан эзэлж байжээ. Харвардын Бизнесийн сургуулийг дэлхийн хамгийн шилдэг бизнесийн сургууль гэдэг. 2014 онд тус сургуулийг төгсөгчдийн 93 хувь нь дунджаас дээгүүр компаниас ажлын санал хүлээн авсан гэсэн сонирхолтой судалгаа бий. Одоогоор Харвард их сургууль нь 13 мэргэшсэн салбар сургуультай ба богино хугацааны боловсролын программ нь Харвард Их Сургуулийн тусгай бэлтгэгдсэн суралцах арга барилаар суралцдагт оршдог.  Сургалтын программ нь амьдрал дээр үндэслэгдсэн, асуудлыг оновчтой шийдэх арга барил, харах өнцгийг нэмж, бодит байдал, боломж, шийдвэр гаргахад сургадаг гэдгээрээ бусад их, дээд сургуулиудаас ялгардаг.

Принстоны Их сургууль

1746 онд анхны 4 их сургуулийн нэг болон байгуулагдсан бөгөөд АНУ ын баруун эргийн Нью Жэрси Мужын Принстон хотод байрладаг. АНУ-ын 50 мужын 1000 гаруй их сургуулиуд дунд тэргүүлдэг гэдгээрээ нэр хүндтэй болсон. 2016-2017 онд 7925 оюутан суралцаж байсны 23 хувийг гадаад оюутнууд эзэлж байлаа.

Принстоны их сургууль шинээр нээлт хийх, мэдлэгийг дамжуулах, боловсрол олгох үйл явцаараа хамгийн өндөр түвшинд хүрэхийг эрмэлздэг. Тус сургууль оюутнууддаа хичээлийн болон хичээлээс гадуурхи бусад нөөцүүдээр хангаж тэдэнд сурлагын өндөр амжилт үзүүлэх, манлайлах байр сууринд бэлтгэхэд нь тусалдаг онцлогтой. Архитектурын сургууль, Инженерчлэл болон Шинжлэх ухааны сургууль, Олон нийтийн, олон улсын үйл ажиллагааны Вүүдров Вилсоны сургуулиуд харьяалагддаг бөгөөд 34 факультеттэй томоохон сургууль юм.

Лондоны “Эзэн хааны коллеж”

Зуу гаруй жилийн түүхтэй тус коллеж нь техникийн ухаан, анагаах ухаан, байгалийн шинжлэх ухааны гэсэн 3 факультет, Бизнес болон хүмүүнлэгийн тэнхимтэй. Эрдэм шинжилгээний ажлаас олдог орлогоороо улсдаа төдийгүй дэлхийд эхэнд ордог. 2016-2017 онд тус коллежид 15236 оюутан суралцаж байсны 52 хувийг гадаадын оюутан эзэлжээ. Хүйсийн харьцаа 37:63 байдаг. Лондоны Эзэн хааны коллежийг төгсөгчдийн жилийн дундаж цалин 78 мянган ам.доллар байдаг гэсэн судалгаа бий. Нийтдээ 3000 гаруй багш, эрдэмтэдтэй томоохон бүтэц бүрэлдэхүүнтэй, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол олгодог нэр хүндтэй сургуулиудын нэг билээ.

 

Цюрихын Швейцарын Техникийн Институт 

Өнгөрсөн хичээлийн жилд 18616 оюутан суралцаж байсны 37 хувийг гадаадын оюутнууд эзэлжээ. Босго өндөртэй тус институтэд мастерийн зэрэг олгодоггүй хэдий ч уг сургуулийг төгсөгчдийг мастерийн зэрэг хамгаалсанд тооцдог онцлогтой. Сургалтын төлбөр харьцангуй бага учраас тэтгэлэг төдийлөн элбэг биш байдаг нь Швейцарын боловсролын тогтолцооны нэг онцлог юм. Тус сургуулийг алдаршуулсан нэг зүйл нь алдарт физикч Эйнштейн бөгөөд тэрээр тус сургуулийг төгсөж, мөн багшилж байсан түүхтэй.

Берклей дэх Калифорнийн Их сургууль

Улсын санхүүжилттэй гэдгээрээ бусад их, дээд сургуулиас ялгардаг Калифорнийн Их сургууль нь 1868 онд байгуулагджээ. Өнгөрсөн жил 34834 оюутан суралцаж байсны 16 хувийг гадаад оюутан эзэлсэн байна.  Тус сургуулийг товчлон КАЛ хэмээн нэрлэдэг. КАЛ-ийн хувьд академик түвшний технологийн боловсролын оргил хэмээн нэрлэх нь бий. Байгаль орчны шинжлэх ухааны салбарт хоёр дахь дэлхийд тэргүүлдэг. Нийт 14 сургуультай, либерал үзэлт оюутнуудын төв хэмээгддэг.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)