Цэцэрлэгт цахимаар 11 мянга 560 хүүхдийг элсүүлнэ

Б.Мичид


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон Засаг даргын зөвлөлийн гишүүд өнөөдөр нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдүүдийн цахим бүртгэлийн ажлын явц, сургууль, цэцэрлэгийн засварын ажлын явц, нийслэлийн эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, урсгал засварын талаар холбогдох хүмүүсээс мэдээлэл авч зарим үүрэг даалгаваруудыг өглөө.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар зохион байгуулах ажлын хэсэг байгуулан ажилласан. Ажлын хэсгийн хийж хэрэгжүүлсэн ажил, цахим бүртгэлийн явцын талаар нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг танилцууллаа. “Цахим бүртгэл өнгөрсөн сарын 25-ны өдөр эхэлсэн, өнөөдрийн байдлаар 15725 хүүхэд бүртгүүлсэн байна. Цахим бүртгэлийг энэ сарын 24-ний өдөр хаана. Мөн цахимаар бүртгүүлж чадахгүй байгаа иргэд цэцэрлэг дээр очиж бүртгүүлэх боломжтой. 3-5 насны хүүхдийг энэ сарын 21-24-ний өдөр уламжлалт аргаар буюу цэцэрлэг дээр нь бүртгэх ажил зохион байгуулагдана. Нийслэлийн Боловсролын газар, цэцэрлэгийн эрхлэгч нар наймдугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагт цахим элсэлтийг цэцэрлэг тус бүр дээр нь зохион байгуулна. Даац хэтэрсэн, хүүхдийн тоо давсан цэцэрлэгүүдэд бүртгүүлсэн хүүхдүүдийг  түүврийн санамсаргүй аргаар сонгон элсүүлнэ. Энэ жилийн хувьд цэцэрлэгт шинээр элсэх 2015 онд төрсөн нийслэлд хаягтай 39 мянга гаруй хүүхэд байна гэсэн тоог Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас авсан. Үүнээс цахимаар 11 мянга 560 хүүхдийг элсүүлнэ. Мөн зорилтот бүлэг болон багш ажилчдын хүүхдүүдийг цэцэрлэг дээр бүртгэнэ” хэмээн цахим бүртгэлийн явцын талаар танилцуулав.

Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг “Энэ хичээлийн жилд гурван настай 1847 хүүхэд, дөрвөн настай 1439 хүүхэд, таван настай 2573 хүүхдийг нэмэлт элсэлтээр авна. Төрийн өмчийн цэцэрлэгт цахимаар бүртгүүлсэн хоёр настай хүүхдүүдийн 30 гаруй хувь нь хамрагдах боломжтой байгаа. Мөн төрийн бус өмчийн 443 цэцэрлэгт 12 мянга гаруй хүүхэд элсэх боломжтой. Ингэснээр энэ жил хоёр настнуудын 70 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой” хэмээн ярилаа.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд хэлэхдээ “Энэ жил цахим бүртгэл явуулж байгаа нь техник технологийн дэвшлийг ашигласан боломжийн арга. Нийт бүртгүүлсэн хүүхдүүдийн дунд элсэлтийг санамсаргүй түүврийн аргаар зохион байгуулна. Санамсаргүй түүврийн аргаар сонгох нь хөндлөнгийн нөлөө, танил талаа харж, ар өврийн хаалга  хэрэглэдэгийг таслан зогсоож байна гэсэн үг. Өнөөдөр цэцэрлэгийн насны хүүхдийн тоо, төрийн өмчит цэцэрлэгийн орны тоо эрс зөрүүтэй байгаа ч нийслэлийн удирдлагын баг аль болох  олон хүүхдийг цэцэрлэгт хамруулж,  эцэг эхэд нь  ажил хөдөлмөрөө хийх боломжийг олгохын төлөө  хичээж байна. Энэ жил шинээр 13 цэцэрлэг ашиглалтад орно. Мөн хувийн цэцэрлэгүүдэд хувьсах зардлыг нь өгөөд 3087 хүүхдийг шинээр авна.Нийт хоёр настай хүүхдийн 70 гаруй хувийг цэцэрлэгт хамруулах тооцоог бид гаргаад байна. Түүнчлэн  нийслэлд 25 хороо цэцэрлэггүй байснаас 6 хороог нь цэцэрлэгтэй болгож байна. Бүрэн эрхийнхээ хугацаанд бүх хороог цэцэрлэгтэй болгох боломж бүрдэнэ. Энэ жил хувийн хэвшлийн 36 цэцэрлэгт шинээр зөвшөөрөл олгосон”  гэдгийг онцолж, төр иргэдийнхөө өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө хүнд сурталгүй , шуурхай ажиллах  ёстойг  Нийслэлийн боловсролын салбарынханд хэлж, цахим бүртгэлийн ажлыг алдаа дутагдалгүй, иргэдэд хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулж наймдугаар сарын 26-ны өдөр ажлынхаа үр дүнг танилцуулах үүрэг даалгаварыг холбогдох албаны хүмүүст өглөө.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Manai hvvhed odoo 4 nastai harya stesterleg 52 dugaar stesterleg 3 4 nastai hvvhed awgvi geh yum. tegeed yaagd busad stesterleg bolhoor hvvhedvvd awd bga. yum

    0 0 Хариу бичих
  2. 60- 70 Мянган хүүхэд байгаа шүү дээ дөнгөж 11 мянгыг нь авна гэж ярьж байдаг. Яа яаяаяа мөн ч өдий байна аа. Наад хажууд чинь сууж байгаа малдаа хэлдээ тэр HOME PLAZA -гаа нэг цэцэрлэг болго гэж.

    0 0 Хариу бичих