Төмөр замчид түймэр унтраахад оролцлоо

Eagle.mn


Монгол орны хойд болон төвийн аймгуудад гарсан ой хээрийн түймэрийг унтраахад төр болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд идэвхтэй оролцож, байгаль орчноо хамгаалах үйлсэд нэгдэж буй. Зам тээврийн салбарынхан ч ой хээрийн түймрийг унтраахад бие сэтгэлээрээ оролцож байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат энэ сарын 16-ны өдөр ой хээрийн түймэрт шаардлагатай гал унтраах ажилд бэлэн байх үүрэг чиглэлийг салбар газруудад өгсөн байна. Үүний дагуу шаардлагатай тохиолдолд нэмэлт хүчээр ажиллахын тулд “Чингис хаан” ОУНБ-ын Аврах, гал унтраах албаны бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд орж шаардлагатай багаж хэрэгслийг бэлтгэн ажиллажээ. Мөн иргэний нисэхийн залуучуудын холбооноос хандивын уриалга гаргаж, Томас айр компани 2 тонн устай “JU1918” онгоцоор хоёр удаа Батсүмбэрийн галын голомтод нислэг үйлдэж гал унтраагаад буй аж. Цаашид шаардлага гарсан буюу захиалга өгсөн тохиолдолд 2 тонн устай “JU1918” онгоц бэлэн байдалд байна.

Түүнчлэн УБТЗ-ын хэмжээнд байгаа 11 галын машин 40 хүний бие бүрэлдэхүүн болон 2 гал унтраах галт тэрэг, шүхэрчин буулгах жижиг онгоц, гал унтраах усаар бөмбөгдөх онгоцыг бэлэн байлгаж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллажээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны орчимд гарсан ой хээрийн түймэрийг унтраахад УБТЗ-ын Залуучуудын төв байгууллага нэгдэж "Эх орноо аварцгаая" уриалгыг нийт шугам замын хэмжээнд дэвшүүлсэн ажиллаж байна.

Дээрх уриалгын хүрээнд Зүүнхараа зангилааны төмөр замчин залуус, орон нутгийн залуустай хамтран хандивын аян өрнүүлж, усаар шүрших төхөөрөмж, нэг тоннын багтаамжтай усны сав, гал үлээх хэрэгсэл зэрэг зургаан сая гаруй төгрөгийн үнэ бүхий эд материал, багаж хэрэгслийг цуглуулан түймэр унтраахад гар бие оролцож буй хүмүүст хүлээлгэж өгчээ.

Мөн Зүүнхараа дахь Гал унтраах ангийн "галын галт тэрэг"-ийг Түнхэл өртөө рүү шуурхай тушаалаар явуулжээ. Төмөр замчид хандивын аянаар цуглуулсан эд зүйлсээ уг галт тэргээр зөөвөрлөн хүргэсэн байна.  

Түүнээс гадна Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депо, Зүүнхараа өртөө, Барилга ашиглалт үйлчилгээний I анги, Замын хэсэг, Дохиолол холбооны I анги зэрэг байгууллагын нийт 200 гаруй залуус сайн дураараа зохион байгуулалтад орон гал түймрийн голомтод ажиллаж байна. Төмөр замчдын ар гэрийнхэн ч түймрийн голомтод ажиллаж байгаа хүмүүст хоол хүнс, хувцас хэрэгслээр тусалж, албан байгууллагуудын удирдлагаас ажилтнуудаа байгалийн гамшгийн эсрэг тэмцэх үйлст оролцох нөөц бололцоогоор хангаж ажиллажээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)