Усан доорх агуйд хүчилтөрөгчгүй хоносон 2 өдөр

Л.Эрдэнэжаргал


Гурван сарын өмнөх хоёр өдөр Хиско Грациагийн хувьд шумбагч болсноос нь хойш тохиолдсон хар дарсан зүүд шиг аймшигт өдрүүд байлаа. Усан доорх хүчилтөрөгчгүй жижигхэн хэсэгт өнгөрүүлсэн 48 цаг нь түүнд амьдрах цаг хугацаа үлдээгүй байж ч магадгүй гэсэн айдсыг төрүүлжээ.

2017 оны 4-р сарын 15-ны Бямба гаригт Хиско Грациа усанд шумбахаар Маллорка арлыг зүглэжээ. Геологийн багш мэргэжилтэй Грациа амралтын өдрүүдээ усан доорх агуйг өнгөрүүлэх дуртай нэгэн юм. Тэрээр “Маллорка арлын хамгийн үзэсгэлэнтэй, гайхалтай хэсэг нь усан доороо байдаг” хэмээн Хиско сэтгүүлчдэд тайлбарласан байдаг.

Грациа болон түүний сонирхол нэгт усанд шумбагч анд Гуйллем Маскаро хоёр Са Пикетагийн толгой эргүүлэм олон салбар агуйт хэсэгт шумбахаар эргээс 1 километр гаруй газарт сэлүүрдэн хүрчээ. Олон салбар агуйт уг хэсэгт хүрэхийн тулд нэг цаг орчим сэлүүрдэж байж хүрдэг байна. Зорьсон газраа хүрсэн хойноо Грациа далайн ёроолын чулуулгын дээж цуглуулахаар харин Маскаро ойролцоох агуйтай танилцахаар сэлж оджээ. Тэд зорьсон хэргээ биелүүлээд анх салсан газраа буцаж ирэх үед бүх зүйл буруугаар эргэв. Грациа Маскаротой уулзахаар товлосон уулзварт ус булингартаж, орчин тойронд юу болж буй нь огт харагдахгүй байдалтай болсон байжээ.

Усны булингар сарниж эхлэхэд тэдний буцаж явах замаа тодорхойлон тогтоосон байсан нийлэг олс тасарч унасан байхыг харав. “Бидний буцах замаа олохдоо ашиглах зорилгоор олсоо агуйд орох хүртлээ байрлуулдаг. Зүгээ алдалгүй, төөрөлгүй буцаж гарахдаа олсоо даган явахад л хангалттай байдаг” хэмээн Грациа тайлбарласан бөгөөд шумбагч бүр ийм олсыг байрлуулж аюулгүй ажиллагаагаа хангадаг байна. Грациа, Маскаро хоёрын байрлуулсан олсон дээр агуйн хананаас чулуу унан тасалсан байх гэж тэд таамаглаж байгаа аж. Тэд усанд шумбагчдын ашигладаг баллонтой хүчилтөрөгчөө дуустал усан дор байсан бөгөөд хүчилтөрөгч нь дуусч байдал маш ноцтой талруугаа эргэжээ.

Азаар Грациа тэдний хажууханд агаартай багахан агуй байдаг тухай бусад шумбагчдын яриаг гэнэт санасан байна. Тэд дээрх агуйг маш хурдан олжээ. Харамсалтай нь энэ агуй хэтэрхий жижигхэн учраас агуйд хуримтлагдсан хүчилтөрөгч тэдний нэгд л хүрэлцэхүйц тийм бага хэмжээтэй байжээ. “Бид хоёр ярилцаад надаас илүү туранхай бөгөөд энэ нь амьсгалахын тулд бага хүчилтөрөгч шаарддаг гэдгээрээ Гуйллем тусламж хүсэхээр явахаар болсон. Харин би түүнийг бодвол нүүрстөрөгчийн давхар исэлийн агууламж өндөртэй агаараар амьсгалах тал дээр Гуйллемаас илүү туршлагатай гэдгээрээ тусламж иртэл хүлээхээр болсон” гэдгээ Грациа аврагдсаныхаа дараа тайлбарласан юм.

Гуйллем Маскарогийн буцах зам яг л битүү манантай шөнө машин жолоодож явах шиг тийм осолтой, төөрөх магадлал өндөр, аюул осол ч тохиолдохгүй гэж хэлэхийн аргагүй аймшигтай байжээ. Гуйллем сайн дураараа, амиа бодсондоо намайг орхиж яваагүй, энэ бол бидний хоёулангийнх нь хувьд амьд гарах ганц боломж байсан учраас тэр зориг гарган шумбаж одсон гэдгийг Грациа чин сэтгэлээсээ тайлбарлан хэлжээ.

Маскарог явсны дараа Грациа өөрийн хоргодож үлдсэн агуйг хэмжиж, судалж үзсэн байна. Уг агуй нь уртаашаа 80 метр, 20 метр өргөн, уснаас агуйн тааз хүртэл 12 метр зайтай жижигхэн агуй байв. Агуйн хадны нэг том чулуунаас өөрийгөө олсоор бэхлэн биеэ амраасан Грациагийн биед явсан 3 гар чийдэнгийн 2 нь асахгүй, үлдсэн нэгийнх нь зай дуусах дөхсөн байсан гэдэг. Агуйн ойролцоо жижиг нуур гэмээр зүйл байсан нь ууж болохуйц цэвэр устай байсан бөгөөд ус уух, бие засах хоёр тохиолдолд л Грациа үлдсэн ганц гар чийдэнгээ ашиглажээ.

“Өчнөөн олон жил усанд шумбасан надад яагаад ийм золгүй явдал тохиолддог байнаа?” гэж би өөрөөсөө асууж байлаа. Гуйллемийг явсны дараа би түүнийг тусламж үзүүлэх хүмүүсийг дагуулаад ирнэ гэж итгэж байсан ч цаг өнгөрөх тусам миний тэр итгэл бага багаар алдарч эхэлсэн. Хэрвээ Гуйллемд ямар нэг азгүй зүйл тохиолдож тэр амиа алдвал, намайг энэ доор байгааг хэн ч хэзээ ч мэдэхгүй өнгөрөх болно доо гэж би бодож байлаа. Усан доор удаан байх тусам толгойд элдэв бодол эргэлдэж, хайртай хүмүүсийнхээ талаар бодож эхэлсэн. Би 15 настай хүү, 9 настай охинтой. Тэд минь ийм жаахандаа аавыгаа алдвал яах бол, тэдний амьдрал хэрхэх бол зэргээр олон зүйлс толгойд эргэлдэж байлаа хэмээн Грациа дурсчээ.

Хэдийгээж Грациа өөрийгөө тайван байлгахыг хичээж байсан ч нүүрстөрөгчийн давхар исэл бүхий агаараар удаан амьсгалсан нь түүний биед нөлөөлж эхэлсэн байна. Газар дээр бидний амьсгалж буй агаарт нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ 0.04 хувьтай байдаг бол усан доорх агуйд энэ хэмжээ бүхэл 5 хувьтай байдаг аж. “Миний толгой өвдөж, хүчилтөрөгчийн дутагдлаас болж бие минь сульдаж ядарсан ч дуг хийх, амрах ямар ч боломж байгаагүй” гэж Грациа сэтгүүлчидтэй уулзахдаа ярьжээ.

Хиксо Грациа хий юм сонсож, оюун ухаан, ухамсар нь түүгээр тохуурхаж эхэлсэн байна. "Би нууранд гэрэл байгааг мэдэрч, шумбагчийн баллоноос гарч буй бөмбөлгүүдийн дууг сонсов. Гэхдээ би толгойгоо эргүүлэн орчин тойрноо ажигласан ч юу ч харагдаагүй. Энэ бүхэн хий үзэгдэл шиг л байлаа" гэжээ. Грациа усан доорх агуйд хэр удсанаа ч мэдэхээ больж эхэлсэн тэр цагт анх удаа бодит чанга дуу чимээ гарахыг сонсжээ. Энэ чимээ түүнд Маскаро тусламж үзүүлэх хүмүүсийг авчирчээ гэсэн баяртай мэдээ болжээ. Тэд намайг хайж байгааг сонсоод би үнэхээр их баярласан. Хэсэг зуур нам гүм болоход Грациагийн туулсан 2 хүндхэн өдөр дуусчээ.

Хиско Грациа: " Хүн хоол хүнс, усгүйгээсээ биш айдсаасаа болж үхэж болох юм гэдгийг би тэр үед ойлгосон. Миний гар чийдэнгийн зай бүрмөсөн дуусч, тас харанхуй усан доор би зүг чигээ олж шумбах боломжгүй. Би сэлүүрээ хутгаар солин хурдан үхэх үү, удаан үхэх үү гэдгээ сонгох хэрэгтэй болж байх шиг. Хурдан үхэлд хүргэх арга хэмжээг авахыг л хүссэн” гэдгээ онцгойлон дурсчээ.

“Таг болсон байсан шумбагчийн баллоны бөмбөлгүүдийн дуу ахин сонсдож, шумбагчдын гэрэл аажмаар тодорсоор, надруу ойртож байлаа. Энэ бүхнийг эхэндээ би өнөөх л хуурмаг зүйл, миний оюун ухаан надаар ахин тоглож буй хэрэг байх гэж бодсон ч яг өмнө минь аврах багийнхны дуулганы орой цухуйхыг харсан. Тэр дуулганы эзэн нь миний найз Бернат Кламор байсан юм. Би ус руу үсэрч ороод түүнийг хамаг байдаг чадлаараа тэвэрч билээ. Бернат Кламор надаас – Хэр байгааг минь асууж, намайг үхчихсэн байх вий гэдгээс айж байсан гэдгээ хэлсэн юм”.

Бүх зүйл сайнаар дууссаны дараа л Грациа Маскарог аврах албаныхантай эрт уулзсан хэдий ч далай доорх усны булингар үзэгдэх орчинг халхалсны улмаас түүнд тусламж ийн сүүлд хүрсэн гэдгийг мэдэж авчээ.

Хиско Грациагийн анх сонссон чанга дуу бол аврагчид түүнд хүнс, ус өгөхөөр агуйг дээрээс нь цоолохоор оролдож өрөмдсөнөөс гарсан дуу байсан бөгөөд харамсалтай нь энэ оролдлого амжилтгүй болсон аж.

Эцэст нь, бүтэн нэг өдөр түүнд хүрч чадахгүй, булингартай уснаас болж бүтэлтгүйтсэн аврагчдын эрэг дээр орхин Кламор болон түүний хамтрагч Жон Фредди нар луужин барин усанд шумбаж Грациаг аврахаар болсон байна. Кламор Грациаг олсон хэдий ч ганцаар түүнийг авч гарах боломжгүй байсны улмаас энергийн түвшинг нь нэмэгдүүлэхэд туслах уутласан глюкоз өгөөд түүнийг орхин буцав.

Хиско Грациа ( баруун гар талаас) найз Бернат Цламорын хамт. Олон жилийн өмнө х шумбалтын үеэр

"Кламор аврагчдыг надруу явуулах хүртэл өнөөх агуйд би ахин найман цагийг өнгөрөөсөн. Гэхдээ тэр найман цаг үнэхээр аз жаргалтай найман цаг байсан" хэмээн Грациа ярих аж.

Аврагч шумбагчид ирэн Грациаг хүчилтөрөгчөөр амьсгалуулж, хүчилтөрөгчийн баллон зүүж өгөн усан дээр гаргав. Тэрбээр усан доорх багахан агаартай жижигхэн агуйгаас 4-р сарын 17-нд ийнхүү амьд мэнд гарч иржээ. Хиско Грациа усан доорх агуйд 60 цаг байсны эцэст аврагдан хамтрагч  Гуйллем Маскаротойгоо уулзсан байна.

Бүтэн 60 цагийн турш усан доорх жижиг агуйд байсны эцэст тусламж васан газар дээр гарч ирж буй Хиско Грациа

Грациа усан доор удаан байсны эцэст газар дээр гараад бие нь физикийн хүчтэй цохилтонд орсон. Биеийн дулаан 32 хүрч буурснаас болж гипотерми үүсэн амиа алдах эрсдэлтэй тулгарчээ. Бүтэн өдрийн турш цэвэр хүчилтөрөгчийн аппаратаар амьсгалж байж бие нь дээрдсэн байна.

“Аврагдсанаасаа хойш би сэтгэлийн хөдөлгөөн ердөө гаргаагүй. Харин маргааш нь телевизийн сувгаар өндөр эрсдэлтэй аврах ажиллагаа явагдаж, намайг аврахын тулд маш их зүйл болсныг үзээд уйлчихсан. Би маш их баяртай байна”.

Хиско Грациа болсон явдлаас нэг сарын дараа өнөөх Са Пикеттагийн толгой эргүүлэм олон агуйт хэсэг рүү ахин нэг удаа шумбаж очжээ. “Надад тохиолдсон явдалд агуй ямар ч буруугүй хэдий ч би тэр агуйн хананд гараа ахин хүргэхээс эмээсэн. Хүүхдүүд маань намайг өөрсдөд нь хэлэлгүйгээр ахин усанд шумбахыг хориглосон. Гэхдээ би усанд шумбах дуртай, би энэ зүйлийг 24 жил хийж байгаа. Усанд шумбах хүсэл миний цусанд нэвт шингэсэн юм шүү дээ” хэмээн Хиско Грациа өгүүлжээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)