Долоо хоногийн тойм

Л.Эрдэнэжаргал


VII.10 Даваа

Ерөнхийлөгч тангарагаа өргөв

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулга Төрийн ордны их танхимд тангарагаа өргөлөө.Тэрбээр Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглаж, Төрийн далбаанаас адис авсан юм. Ерөнхийлөгч Х.Баттулга нийт ард түмэндээ хандаж, "Монгол түмнийхээ итгэлийг хүлээж,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангарагаа өргөлөө. Энэ бол иргэд сонгогчдоос надад хүлээлгэн өгч буй итгэл найдвар, өндөр хариуцлага бөгөөд би Ерөнхийлөгчийн албыг өвөг дээдсээс уламжлан ирсэн төрт ёсны нандин хэлхээг залгамжлан, ард түмнийхээ төлөө сэтгэл оюунаа дайчлан чин шударгаар ажиллах дуудлага хэмээн хүлээн авч байна” хэмээн хэлсэн билээ.

VII.11 Мягмар

Монгол наадам

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг шинэхэн Ерөнхийлөгч Х.Баттулга нээж наадамчин олондоо хандан хэлсэн үгээр эхэлсэн. УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар Монгол түмний түүхийг Хүннү гүрний үеэс эхлэн харуулсан Үндэсний их баяр наадмын ёслолын ажиллагаа сүрлэг сайхан болсон билээ.

Баяр наадмын эхний өдөр аймаг цэргийн арслан 99, аймаг цэргийн заан 19, аймаг цэргийн харцага 23, начин 46, нийт аймаг, цэргийн цолтой 170 бөх уран мэхийг уралдуулан барилдаанаа эхлүүллээ. Энэ жилийн үндэсний их баяр наадамд  дархан аварга нэг, улсын аварга дөрөв, улсын арслан найм, улсын гарьд зургаа, улсын заан ес, харцага 23, начин 44 нийт улсын цолтой 95 бөх зодоглож нийт 512 хүчит бөх уран мэхийг уралдуулан хүчийг үзэн барилдлаа.

Шадар сайд У.Хүрэлсүхийн “Монгол наадмаар Монгол морь уралдах ёстой” гэсэн үүргийн дагуу бүртгүүлсэн морьдыг шинжин үүлдэрлэг байдал, шүдэлгээ, сэрвээний өндөр, галбираас нь шалтгаалан олон морьдыг хассанаар нас насны нийт 744 хурдан морьд уралдлаа. Энэ жил эрэгтэй, эмэгтэй нийт 540 харваач цэц мэргэнээ сорьсон.

VII.12 Лхагва

Аваргаас бусад цолтон төрсөн сайхан наадам боллоо

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Ц.Содномдорж түрүүлж Монгол улсын арслан, Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын харцага Ө.Бат-Орших үзүүрлэж Монгол улсын гарьд цол тус тус хүртсэн юм.

Энэ жилийн наадмаар Начин цолтон 6, Харцага цолтон 2, Заан цолтон 2, Гарьд цолтон 1, Арслан цолтон 1 төрж хурсан олноо баярлуулав.

VII.13 Пүрэв

Уяачдын наадам өнгөтэй сайхан боллоо

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам өнөөдөр Хүй долоон худагт Уяачдын наадмаар үргэлжилсэн. Үндэсний их баяр наадмын 3 дахь өдөр болдог Уяачдын наадмын үеэр урлагийн тоглолтууд болж, гурван ангиллын эрлийз морьд уралдаж, хүчит 128 бөхийн барилдаан болсон юм.

VII.14 Баасан

Төв аймагт гарсан түймрийн утаа нийслэл хотыг бүрхэв

Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан мэдээгээр улсын хэмжээнд 10 гаруй түймэр асаж байна. Эдгээр түймэр нь Сэлэнгэ, Төв аймагт гарсан байна.  Зөвхөн Ерөө суманд гурван газар түймэр асаж буй юм. ОБЕГ-аас өгсөн мэдээллээр гал түймрийн голомтот газар тусгай мэргэжлийн албан хаагчид ажиллаж түймрийг цурмын байдалд оруулах, цурмын байдлаас бүр унтраах зэрэг арга хэмжээг авахаар шуурхайлан ажиллаж байлаа.

VII.15 Бямба

Иргэд нэгдэн түймэр унтраах ажилд туслаж байна

Хэсэг залуус санаачлан Гал сөнөөгчдөд туслах групп нэртэй фейсбүүк группээр түймрийн голомт руу явж гал сөнөөгчдөд дэмжлэг үзүүлэн түймрийг унтраах, хоол унд бэлтгэн өгөх зэргээр туслахаар нэгдэж, хандивын данс цуглуулах зэргээр олон талт ажиллагаа өрнөөд байна. Тус группээс гадна түймрийн голомтот хэсэг рүү сайн дураараа явж буй иргэд, гал сөнөөгчид, онцгой байдлын албаны ажилтнуудад хэрэгцээт зүйлсийг бэлдсэн хүмүүс, хоол хүнс бэлтгэсэн иргэд ч цөөнгүй байлаа. Мөн иргэдээс өгч буй хандивыг Онцгой байдлын ерөнхий газар,  нэмэлт санхүүжилт нэрээр Төрийн сангийн 100900031405 тоот дансаар хүлээн авахаар болсон. Гэхдээ албаны хүмүүс гал түймрийг унтраах нь өндөр эрсдэлтэй ажиллагаа учраас дур мэдэн түймрийн голомт руу орохгүй байхыг анхааруулж байлаа.

VII.16 Ням

Улсын хэмжээнд 21 түймэр асч байна

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 21 түймэр асч байна. Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 700 албан хаагч, 30 автомашин, техник хэрэгсэлтэй ажиллаж байна.

Түймэр эрчимтэй нэмэгдэж буйтай холбогдуулж Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуянгийн шийдвэрээр Нийслэлийн Онцгой байдлын газар, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь аймгийн Онцгой байдлын газруудаас нэмэлт хүн хүч, техник хэрэгслийг татан төвлөрүүлж, унтраах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж байгаа юм.  Түймрийн голомтыг орон нутгийн байрлалаар үзвэл Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, мөн Булган аймгийн Сэлэнгэ, Хутаг-Өндөр сумаас гадна Төв аймгийн Батсүмбэр суманд хамгийн олон буюу таван түймэр асч байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)