Фото: Хүй долоон худгийн өнгө

Б.Мичид


Үндэсний их баяр наадам өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хүй долоо худаг өнөөдөр өглөө соёолон морьдын уралдаан үзэх гэсэн олны хөлд дарагдан байлаа. 

Хүй долоон худагт наадмын хуушуур, нийтийн бие засах газар, бэлэн мөнгөний машин хамгийн эрэлт ихтэй уртаас урт дараалал үүсгэж байсан юм. Хүй долоо худагт хуушуур 1000 төгрөг, айраг 3000-5000 төгрөгөөр худалдаалагдаж байна. 

Хүй долоон худагт 3800 цагдаагийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна

Цагдаагийн ерөнхий газраас иргэдийн аюулгүй байдлыг ханган баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Баярын үеэр бага насны хүүхэд төөрөх, эд зүйлээ хулгайд алдах дуудлага ирж байгаа бөгөөд цагдаагийн байгууллага газар дээр нь шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ахлах Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

Тэрээр “Ардын хувьсгалын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар нийт 6800 орчим цагдаагийн албан хаагч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Хүй долоо худагт нийт 3800 орчим албан хаагч үүрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэв журам сахиулах, үйлдэгдэн гарсан гэмт хэргийг түргэн шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Долдугаар сарын 10-аас буюу наадам эхэлснээс Хүй долоо худагт  гэмт хэргийн шинжтэй 12 үйлдэл бүртгэгдсэн. Үүний наймыг шийдвэрлэж, дөрвийг нь мөрдөн байцаадтын явцад шалгаж байна. Харин бага насны хүүхэд төөрсөн дуудлага долдугаар сарын 11-ны өдөр тав ирсэн бол өнөөдөр буюу долдугаар сарын 12-ны өдөр долоо хүүхэд асран хамгаалагчаасаа төөрснийг эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн. Нэг ой найман сартай хүүхдээс найман насны 12 хүүхэд асран хамгаалагчийн хайхрамжгүйгээс болж төөрсөн байсныг цагдаагийн байгууллага болон хүүхэд хамгааллын төвийн тусламжтайгаар түргэн хугацаанд эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ. Тиймээс иргэд бага насны хүүхдээ авч явахдаа анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. Баяр наадмын амралт урт хугацаанд үргэлжилж байгаа учраас иргэд амарч, зугаалахдаа архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ тохируулан хэрэглэх, гол ус ихтэй газар анхаарал болгоомжтой байхад анхаарах шаардлагатай байна. Мөн орон нутгийн замын ачаалал нэмэгдэж байгаа учраас хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулан соёлтой оролцохыг анхааруулж байна” гэв. 

Хүй долоо худагт бие засах газар, ATM ачаалалтай байна

Баяр наадамтай холбогдуулан Хүй долоо худагт нийтийн бие засах газрыг тодорхой цэгүүдэд байршуулсан. Жил бүрийн наадмын үеэр Хүй долоо худагт нийтийн бие засах газар ачаалалтай ажилладаг. Энэ жил ч мөн бие засах газар урт дараалал үүсгэсэн байлаа. Өмнөх жилүүдийг бодвол Хүй долоо худагт байрлах нийтийн бие засах газрын олноор байгуулсан ч ачаалал буурахгүй байгаа гэдгийг албаныхан хэлж байна. Мөн наадамчин олон хогоо хогийн саванд хийж, соёлтой наадахыг зохион байгуулагчдын зүгээс анхааруулж байна. ТҮК-ээс хогийн савыг олноор байршуулсан байгаа ч наадамчин олон хогоо хогийн саванд хийхгүй байх, ил талбайд хогоо хаях зэрэг үйлдэл их байгааг ТҮК-ийн ажилчид анхааруулж байлаа. Өнөөдөр өглөө Хүй долоон худагт ажиллаж байгаа гэх ганцхан явуулын ATM нь техникийн саатлын улмаас ажиллах боломжгүй дараалалд бухимдсан иргэд олон байлаа. 

Унаач хүүхдүүдээ хурууны хээгээр бүртгэжээ

Өмнөх жилүүдэд унаж бэртсэн уралдаанч хүүхдүүдийг таних аргагүйн улмаас асран хамгаалагчийг нь олоход хүндрэлтэй байдаг байсан. Энэ жил унаач хүүхдүүдээ хурууны хээгээр бүртгэж байгаа учраас энэ мэтчилэн асуудал байхгүй болсон. Жишээ нь унаач хүүхдийн хурууны хээг таниулаад шууд уяач болон асран хамгаалагч нартай нь холбогдох утсыг авах боломжтой. Эмнэлгийн яаралтай тусламж хэрэгтэй болсон үед гэхэд ямар бүлгийн цустай нь харагдаж байгаа учраас цаг алдахгүй түргэн ажиллах боломжтой гээд олон давуу талтай болсон” гэлээ.

Энэ жил хязаалан насны уралдаанд 4, шүдлэн 2, азарга, их нас тус бүрд нэг хүүхэд мориноос унаж бэртжээ. Унасан хүүхдүүд ихэвчлэн хөнгөн буюу зөөлөн эдийн гэмтэл авчээ. Энэ жил эрлийз морьдыг хасаж цөөн монгол адуу уралдаж байгаа учир өмнөх жилүүдээс бэртэл гэмтлийн дуудлага бага байна гэж албаныхан хэлж байна. Энэ талаар Нийслэлийн түргэн тусламжийн төвийн сургалтын менежер Б.Тэгшжаргал “Өнөөдрийн байдлаар хүүхэд унаж бэртсэн тохиолдол байхгүй. Азарга дээр 5 хүүхэд унасан гэхдээ ноцтой гэмтэл аваагүй. Манай яаралтай түргэн тусламж унаач хүүхдүүдийн эрүүл мэндийг хариуцахаас гадна наадамчин олны эрүүл мэндэд анхаарал тавьж байна. Унаач хүүхдүүдээс илүү наадамчин олноос дуудлага илүү ирж байна. Жишээ нь өдрийн цагаар ходоод гэдэсний хямрал болон зүрх судасны өвчин, даралт ихсэх дуудлага ирж байна. Шөнийн цагаар архи согтууруулах ундаа хэтрүүлснээс болж нэгнийгээ гэмтээх зэрэг тохиолдол байна. Мөн өөрсдийн хайхрамжгүйгээс болж халуун цайнд түлэгдэх, моринд дайруулах гэх мэтээр бэртэж байна” гэлээ.

Соёолон харж Соёлоороо бахархая!

Соёл урлагийн их сургууль, Монголын Урлагийн зөвлөл, Солонгосын МЕТАА компани хамтран “Соёлын наадам” нүүдэлчний соёл урлагийн наадмыг долоодугаар сарын 11,12-нд Хүй долоон худагт зохион байгууллаа.

Монголын үндэсний соёл урлагийг гадаад дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээг өргөжүүлэх зорилготой Соёлын Наадам нь анх 2008 онд СУИС-ийн багш, оюутнууд, БНСУ-ын МЕТАА компаний зөвлөх, Монголын Урлагийн зөвлөлийн ажиллагсад, уран бүтээлчдээс бүрдсэн, 300 гаруй хүний сайн дурын үндсэн дээр Хүй долоон худагт арван жил дарааллан зохион байгуулагдаж ирсэн түүхтэй бөгөөд өдгөө Монголчуудын хүсэн хүлээсэн наадам болоод байгаа билээ.

Наадамчин олон, гадаадын зочид гийчид Хүй долоон худагт хүрэлцэн ирж, хурдан морины уралдаанаа сонирхохын зэрэгцээ “Соёлын наадам”-аар зочилж, үндэсний өв соёл, уламжлалт гар урлалаас суралцах, язгуур урлагийн тоглолт үзэх боломжийг бүрдүүлсэн.

Наадмын өдрүүдэд буюу 11, 12-нд зохиогдох Хүй долоон худагт болдог “Соёлын наадам”-ын хүрээнд “Сэрсэн Тал” үндэсний урлагийн тоглолт, “Монголын нэг өдөр” соёл урлаг, гар урлалын хотхон ажиллаа. Энэ жилийн хувьд “Монголын нэг өдөр” хотхонд уран бичлэг, эсгий урлал, зүймэл урлал ба зээгт наамал, уран хатгамал, цаасан шуумал буюу “Re-Imagine Mongolia”, ардын аман зохиол, үндэсний тоглоом наадгай, оньсон тоглоом, нум сум урлал, Монгол гэр барих, Аврага Монгол, хөрөг зураг болон хөгжилтэй нүүр будгийн өртөө ажиллаа.

Үндэсний их баяр наадам маргааш Хүй долоон худагт Уяачдын наадмаар үргэлжилнэ.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Хүй шороон худаг гэмээр газар байна. Дахиж наадмаар очихгүй, Жирийн Монголчууд гэж баярлаж чадахгүй хаа газраа хогоо тарьж, шээж бааж, нарантуул зах мэт дандаа хаа газарыг муухай болгож явах юм. Ядаж машинаа тодорхой цэгт тавиад алхчих ухамсар байхгүй хуушуурандаа хүртэл машинаараа явж шороо тоос босгох юм. Ард иргэд ухамсар Нойл нойл

    2 0 Хариу бичих
    • Харин тийм. Би ч гэсэн 3 жилийн өмнө тэр Хүй долоон худагт очиж үзсэн. Боссон шороо энэ тэр ч больё, байгалийн юм гэе. Монголчууд цугларсан газар болсон хойно хог новш хаа сайгүй, энд тэнд шээсэн баасан, машинаа замбараагүй тавьсан балиар замбараагүй новширсон байдал эгшин зуур бий болсон доо. Монголчууд угаасаа дундад зуунаараа бүдүүлэг заваан, нийлээд наадаж чаддаггүй улсууд даа.

      2 0