СЕХ: Төв аймгийн хэсгийн хороодын саналыг гараар тоолно

Төв аймгийн хэсгийн хороодын санал тоолох автоматжуулсан машин ажиллахгүй байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл санал тоолох төхөөрөмж чухам юунаас болж, саатсаныг СЕХ-нд ажиллаж байгаа Тагнуулын ерөнхий газар, Мэдээлэл шуудан, харилцааны холбооны газрын хамтарсан ажлын хэсэг шалгаж, тогтоосон байна.

Энэ талаар ажлын хэсгийн дарга н.Эрдэнэбат “Бид өглөө Төв аймгийн саналын хуудсууд уншихгүй байгаа тухай мэдээлэл авч, учир шалтгааныг тогтоохоор ажилласан. Ингэхэд саналын хуудасны бар кодны зураас дутуу хэвлэгдсэн байсан. Нэгэнт ийм саатал гарсан тул санал өгөх ажиллагааг гар ажиллагаанд шилжүүлээд, засварлах арга хэмжээг авч байна. Дутуу хэвлэгдсэн саналыг хуудсыг уншдаг байдлаар программыг өөрчилж, тэрхүү программын картыг Төв аймгийн сумдуудад тарааж байна. Одоогоор 27 сумын 21 суманд программыг хүргэж, хэвийн ажиллагаанд оруулаад байна. Зургаан сум руу хүргүүлэхээр явж байгаа. Урьдчилсан байдлаар саналын хуудасны эхийг хэвлэхэд алдаа гарсан байх магадлалтай гэж дүгнэсэн” гэв.

Зарим хэвлэлээр хоёр аймгийн саналын хуудас холилдож, бар код нь давхацсаны улмаас Төв аймгийн саналын хуудас уншигдахгүй байсан гэдэг мэдээлэл гараад байв. Харин ажлын хэсгийн зүгээс уг мэдээллийг няцааж, "Аймгууд тус бүрт хаягласан бар кодтой саналын хуудас хүргэгдсэн. Ийм алдаа гарах боломжгүй" гэх тайлбар өглөө. Тиймээс саналын хуудас хэвлэсэн үйлдвэрт шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм байна.

МАН-ын зүгээс Төв аймагт үүссэн асуудалтай холбогдуулан бүх хэсгийн хороодод хяналтын тооллого хийх шаардлагыг СЕХ-нд хүргүүлээд байгаа. Харин СЕХ-ны зүгээс уг асуудалтай холбогдуулан хуралдаж, Төв аймгийн сонгогчдын саналыг гараар тоолж, хэвлэсэн хуудсыг хайрцганд байгаа саналтай тулган, баталгаажуулах шийдвэр гаргажээ. Гараар тоолох ажиллагаанд хоёр намын ажиглагчид оролцох юм байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. AN Jenko hewleh uildwert mungu ugch albaar tsaasiig ni gatsaasan bna Turd garahiin tul buh muu argaa hereglej bna

    0 0 Хариу бичих
  2. Ajiliin xaruytsalga aldsan bn.xaruytsalga tootsox xeregteiuum xaruytsalggvi bj boloxgvi shvv dee.

    0 0 Хариу бичих