Ардын үг: Ерөнхийлөгчийн замналыг өгүүлсэн цахим хуудасны нээлт боллоо

С.Сувд


Монголын медиа корпорациас санаачлан Монголын Зөвлөлдөх Ардчиллын хүрээлэн, МЕК судалгааны төвтэй хамтран сонгогдсон болон томилогдсон төрийн албан тушаалтнуудын ажлын тайланг иргэдээр хэлэлцүүлэх “Ардын үг” зөвлөлдөх ардчиллын аяныг орон даяар өрнүүлдэг  билээ.

Зөвлөлдөх ардчиллын зарчмын дагуу иргэдээрээ дүн тавиулсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Монголын медиа корпорацийн зүгээс “Ардын эксперт”-үүдийн захиас, даалгавар, санал бодол, байр суурь зэргийг багцлан багтаасан “Ерөнхийлөгчийнзамнал.мон” цахим хуудсыг өнөөдөр хүлээлгэн өгч байна.

Зөвлөлдөх аяны энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хоёр бүрэн эрхийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлуудад үнэлэлт, дүгнэлт өгөх, ажлын тайланг нь үнэлэх хэлэлцүүлгүүдийг цувралаар амжилттай зохион байгуулж дуусгаад байна. Энэхүү аяны хүрээнд иргэдээс санамсаргүй түүврээр сонгогдсон экспертүүд Ерөнхийлөгчийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажилд хэнээс ч хараат бусаар үнэлгээ өгч, 1-10 хүртэлх оноо өгсөн юм. Ийнхүү Зөвлөлдөх ардчиллын зарчмын дагуу иргэдээрээ дүн тавиулсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Монголын медиа корпорацийн зүгээс “Ардын эксперт”-үүдийн захиас, даалгавар, санал бодол, байр суурь зэргийг багцлан багтаасан “Ерөнхийлөгчийнзамнал.мон” цахим хуудсыг өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайханд хүлээлгэн өглөө.

-Ц.Баярсайхан: Сонгогдсон албан тушаалтнууд тайлангаа тавих жишгийг бий болголоо-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны найман жилийн төгсгөлд хийсэн ажлыг нь хэрхэн сонгогч олон түмэнд хүргэх үү гэж ярилцаж байсан. Ерөнхийлөгч үйл ажиллагаа, хөтөлбөрийнхөө талаар өмнө нь 2016 онд Дарханд тайлан тавьсан. Өнгөрсөн найман жилд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийнхөө үйл ажиллагааныхаа тайланг жил бүр хэвлэмэл байдлаар гаргаж УИХ-д танилцуулж байсан. Төгсгөлийн шатанд бид ямар байдлаар тайлан өгөх үү, аймгуудад бүсчилсэн байдлаар уулзалт хийе гэдэг төлөвлөгөө хэлэлцэж байх үед Монголын медиа корпорациас “Ардын үг” аянаар дамжуулж Ерөнхийлөгчийн ажлыг олон нийтэд хүргэн үнэлүүлье гэсэн санал ирснийг бид талархаж хүлээж авсан. “Ардын үг” аянаар дамжуулж тайлан тавих мэдээллээ хүргэх энэ ажлыг зохион байгуулахад зургаан сэдэв арай олон юм болов уу гэж бид харж байсан бол үйл ажиллагаа явуулаад тайлангаа тавиад дууссаны дараа нэмээд бас ганц хоёр зүйл байх байжээ гэж бодож байна.

Монголын медиа корпорациас санаачилсан энэ үйл ажиллагаа бол төрийн өндөр албан тушаалтан, ялангуяа сонгогдсон, томилогдсон хүмүүс иргэддээ тайлангаа тавьдаг томоохон соёлыг бий болголоо. Том жишиг соёлыг тогтоож чадсанд нь Монголын медиа корпораци, Ийгл телевизийн хамт олон, сэтгүүлчиддээ талархаж байгаагаа илэрхийлье. Энэ бол өнөөдөр нийгэмд маш хэрэгтэй зүйл.

Ерөнхийлөгчийн тайланг танилцуулахдаа эрхэлсэн асуудлаар манай зөвлөхүүд мэдээлэл өгч Ерөнхийлөгч өөрийн биеэр энэ бүх хэлэлцүүлэгт оролцсон. Эндээс харахад үнэхээр анхдагч эх үүсвэрээс үнэн зөв мэдээллийг иргэдэд цэгцтэй хүргэх юм бол тухайн сонгогдсон, томилогдсон хүнийхээ үйл ажиллагааны талаар маш зөв мэдээлэл авдаг нь харагдсан. Тиймээс ийм анхдагч эх үүсвэрээс нь аливаа мэдээллийг цэгцтэй, үнэн зөвөөр хүргэдэг томоохон соёл тогтлоо гэж бодож байна. Тиймээс сэтгүүл зүйн салбарт манай сэтгүүлчид цаашдаа ийм мэдээллийг иргэдээ хүргэх нь их чухал юм. 

-Ж.Хулан: “Ардын үг” аянаа нэгтгэсэн цахим хуудсыг өнөөдөр хүлээлгэн өглөө-

Монголын медиа корпорацийн гүйцэтгэх захирал

-Монголын медиа корпорациас “Ардын үг” медиа аяныг  дөрөв дэх удаагаа зохион байгуулж дууслаа. Манай корпорацийн зүгээс хоёр жилийн өмнө энэхүү аяныг санаачлан орон нутаг, дүүргийн хэмжээнд зохион байгуулж эхэлсэн.  Учир нь зөвлөлдөх ардчилал гэж яг юу вэ гэдгийг ойлгуулахын тулд энэ ажлыг аймаг, дүүрэгт эхлүүлж байсан юм. Зөвлөлдөх аянаа улс орны хэмжээнд хэрэгжүүлье гэж төлөвлөөд  иргэдээс томилогдсон албан тушаалтны ажлын тайланг сонсоод үнэлэлт, дүгнэлт өгдөг энэ жишгийг Монголд тогтооё гээд энэ төслөө эхлүүлсэн байгаа. 2016 оны арваннэгдүгээр сараас эхлээд төслөө төлөвлөж эхлэн өнгөрсөн нэгдүгээр сард Ерөнхийлөгчийн Тамгын газарт саналаа тавихад маш нааштайгаар хүлээж авсан. Энэ бол бидний хувьд өнгөрсөн таван сарын хугацаанд “Ардын үг” аяныг тууштай зохион байгуулах зургаан удаагийн хэлэлцүүлгийг явуулах маш том эхлэл, урам зориг байсан. Аяны турш тууштай ажилласан компанийнхаа нийт хамт олонд баярлалаа гэж хэлье. Мөн бидний ажлыг дэмжиж оролцож байсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын хамт олон болон манай хэлэлцүүлэг бүрт хүрэлцэн ирж байсан иргэдэд баярлалаа гэж хэлэх нь зүйтэй. Иргэдийг санамсаргүй түүврийн аргаар сонгож зохион байгуулан бүгдийг нь хэлэлцүүлэгт оруулна гэдэг бол маш том ажил. Энэ бүх ажлыг зохион байгуулж оролцсон “МЕК” судалгааны компани, мөн бидэнд маш их тусалж бүтэн өдрийн хэлэлцүүлэгт цаг заваа гаргаж оролцож байсан иргэддээ баярлалаа. Бид өнгөрсөн таван сарын хугацаанд хийсэн ажлуудаа нэгтгэн Ерөнхийлөгчийн хийсэн ажлыг дүгнэсэн erunkhiilugchiinzamnal.mn   вэб сайтыг ашиглалтад оруулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийсэн ажлын тайланг харуулсан цахим хуудсыг бид өнөөдөр нээж байна. Энэ бол манай энэ удаагийн мэдээлэлжүүлэх аяны хаалтын үйл ажиллагаа болж байгаа юм. Бид энэ цахим сайтыг бүтээн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулж өгч байна.

-Л.Золбаатар: Анхны гараа болон мэдээлэлжсэн иргэний хооронд ялгаа байсан-

Судалгааны “МЕК” ХХК-ийн захирал:

-“Ардын үг” зөвлөлдөх аяны хүрээнд Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд үнэлгээ өгөх талаархи энэ ажил эхлэхэд өнгөрсөн хоёрдугаар сард Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны нийт 1000 иргэнээс санамсаргүй түүврийн аргаар судалгаа авсан. 1000 иргэнээс судалгаа авахдаа тухайн иргэний оршин сууж байгаа хороо, нас, хүйсийг харгалзан үзсэн. Ингээд Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг зургаан чиглэлээр ангилан ангилал бүрт 1-10 оноогоор дүгнүүлсэн. Энэ бол эхний гарааны үнэлгээ байсан. Түүнээс хойш зөвлөлдөх уулзалт бүрийн өмнө 1000-1200 иргэний дундаас зөвлөлдөх уулзалтад оролцох иргэдийг сонгон урьсан. Тухайн иргэд мөн адил эхний түүвэртэйгээ адил нас, хүйс оршин сууж байгаа хороог нь харгалзаж сонгогдсон. Тэднээс төлөөлөл болон 250-350 иргэн зөвлөлдөх ардчиллын уулзалтад оролцсон. Уулзалтын явцад тэдэнд Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд  тухайн чиглэлээр хийсэн ажлынхаа тайланг тавьж тайлбарлан иргэдийн асуултад хариулж байсан. Үүний дараа уулзалтад оролцсон иргэдээс тухайн чиглэлээр нь үнэлгээ хийлгэж байсан. “Ардын үг”  зөвлөлдөх аяны үйл явц гарч байгаа үр дүнгээс нь харахад ямарваа нэгэн сонгогдсон болон томилогдсон улстөрч өөрийнхөө үйл ажиллагааг иргэд сонгогчдод тайлбарлах, юу хийж байгаагаа олон нийтэд хүргэх нь маш чухал байна. Анхны гарааны үнэлгээ болон дараа нь мэдээлэлжсэн иргэн хоёрын зөрүү бол их байсан. Үүнийг цаашид улс төрчид анхаарна гэж найдаж байна.

Энэ удаагийн “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аян нь:

Нэгд, Ерөнхийлөгчөөр сонгогдож ажилласан хугацаандаа хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ хүрээнд санаачилсан, хэрэгжүүлсэн асуудлуудыг иргэдээр хэлэлцүүлэх, зөвлөлдөх санал асуулгаар үнэлгээ өгүүлэх

Хоёрт, Дараагийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд иргэд, сонгогчдоос тавих шаардлага, захиас, дэвшүүлж буй асуудлуудыг тодруулах үндсэн зорилготой байсан.

Энэ хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ажлын тайланг хэлэлцэх “Ардын үг” иргэдийн Зөвлөлдөх ардчиллын хэлэлцүүлэг өнгөрсөн хугацаанд таван үндсэн хэсэгт хуваагдан явагдсан юм. Энэ нь тайлагнах асуудлууд өргөн хүрээтэй, хамрах хугацаа урт буюу найман жил байсантай холбоотой билээ. Ерөнхийлөгчийн тайланг хэлэлцсэн иргэдийн Зөвлөлдөх ардчиллын хэлэлцүүлгүүд дараахь сэдвүүдийн хүрээнд өрнөж, хэлэлцүүлэгт санамсаргүй түүврийн аргаар сонгогдон оролцсон иргэд “Ардын эксперт”-үүд 1-10 хүртэлх онооны итгэлцүүрээр дараахь дүнг тавьсан юм.

Гадаад харилцаа, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах чиглэлд хийсэн ажилд нь 10-аас 8.9 оноо
Монгол хэл бичиг, Монгол өв соёл, Монгол түүх, Монгол судлал, Монгол хүнээ дэмжих чиглэлд хийсэн ажилд нь 10-аас 8.4 оноо
Шударга ёсыг тогтоох, авлигатай тэмцэх чиглэлд хийсэн ажилд нь 10-аас 8.1 оноо
Ногоо хөгжил, баялаг бүтээгчдээ дэмжих чиглэд хийсэн ажилд 10-аас 8.7 оноо
Иргэдийн оролцоо, эдийн засгийг дэмжих чиглэлд хийсэн ажилд нь 10-аас 8.8 оноо тус тус өгчээ.

Эдгээр үнэлгээг МЕК судалгааны байгууллагын санамсаргүй түүврийн аргаар сонгосон хөндлөнгийн, хараат бус 1000 гаруй “Ардын эксперт”-үүд Зөвлөлдөх ардчиллын зарчмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн тайланг сонсож, мөн эсрэг санаа бодол, сөрөг үнэлгээ бүхий нийгмийн хэсгийнхний үгийг тэнцвэртэйгээр хүлээн авч, жижиг бүлгүүдэд хуваагдан хэлэлцсэний дараа нууц санал хураалтаар гаргасан гэдгээрээ онцлогтой.

Монголын медиа корпорациас Зөвлөлдөх ардчиллыг олон нийтийн үйлс, ардчиллын шинэ давлагаа болгон дэлгэрүүлэх, хэм хэмжээ болгон төлөвшүүлэхийн тулд хэрэгжүүлж буй “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аян цаашид бусад олон сэдвийн хүрээнд үргэлжлэх юм.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 254 , 8, 19 , 12

АРДЫН ҮГ: Ерөнхийлөгчийн батлан хамгаалах, энхийг сахиулах чиглэлээр хийсэн ажлуудыг танилцуулж байна
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. ЭНЭ ОДОО БОЛТОЛ БАЙГААД Л БАЙГАА ЮМ УУ

    0 1 Хариу бичих
    • ийм ерөнхийлөгч ойрын хэдэн жил төрөхгүй ээ харж л байгаарай.

      0 0
  2. Бүрэн эрхийнхээ хугацаанд сайн ажилласан, сайхан санаачлагатай ажилласан. Танд баярлалаа.

    2 0 Хариу бичих