“Боловсрол суваг” телевиз “Номадс”-ын сүлжээ ресторануудтай хамтран энэ сарын 25-нд буюу маргааш “Яг түүн шиг” шоуны гала тоглолтыг Улаанбаатар хотоос 53 км зайтай Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах “Magic Rock” camp-д зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байжээ.
Тэгвэл маргааш болох гала тоглолтыг цуцалсан талаар зохион байгуулагчид нь буюу "Гэр контент" группийн бизнес хариуцсан захирал Д.Батбаяр, "Боловсрол суваг" телевизийн ерөнхий найруулагч Б.Дамдинсүрэн, мөн тус телевизийн гүйцэтгэх продюсер Н.Мядагмаа нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд “Гэр контент” группийн бизнес хариуцсан захирал Д.Батбаяр ““Яг түүн шиг” гала тоглолтыг энэ сарын 9-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байсан боловч олон улсын залуучуудын томоохон байгууллага болох JCI-ийн Ази, Номхон далайн бүсийн чуулга уулзалт буюу ASPAC-тай давхцан учраас хойшилсон.
Ардчилсан намаас СЕХ-д манай шоуны талаар гомдол гаргаж, шаардлага тавьсан тул маргааш болох гала тоглолтоо долдугаар сард зохион байгуулахаар хойшлууллаа.
Ингээд маргааш Улаанбаатар хотоос 53 км зайтай Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах “Magic Rock” camp-д зохион байгуулахаар бид бэлтгэл ажлаа хангаад байсан юм. Тус тоглолтод “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн 1 болон 2 дугаар улирлын шилдэг оролцогчид ая дуугаа өргөхөөс гадна урилгаар 1990-ээд оны евро-рэп урсгалын домогт төлөөлөгч рэппер, продюсер Нана болон ОХУ-ын алдарт охидын хамтлаг Тату нар хүрэлцэн ирэх байсан. Бидний хувьд энэ сарын 25-нд шоугаа хийхээр төлөвлөсөн нь Нана болон Тату хамтлагийн аялан тоглолтын хуваарьтай харилцан зохицуулан энэ өдрийг сонгосон юм. Мөн эдгээр өдрүүдэд олон нийтийн ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон шийдвэрүүд байгаагүй.
Гэтэл Ардчилсан намаас СЕХ-д манай шоуг улс төрийн холбогдолтой гэж мушгин гуйвуулж, гүтгэлэгийн шинжтэй шаардлага хүргүүлсэн байсанд харамсалтай байна. Бид үүнд гомдолтой байгаа. "Яг түүн шиг" бол цэвэр гэр бүлд зориулсан шоу. Түүнээс ямар ч улс төрийн зорилгогүй. Гэхдээ бид СЕХ-ны гаргасан шийдвэрийг хүндэтгээд маргааш болох гала тоглолтоо долдугаар сард зохион байгуулахаар тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Иймд үзэгчдээсээ хүлцэл өчье.
Дашрамд дурдахад, "Боловсрол" суваг телевиз бол улс төрөөс ангид, тэр чиглэлийн үйл явдлын мэдээ мэдээллийг ч нэвтрүүлдэггүй гэдгийг манай үзэгчид мэдэж байгаа. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд "Боловсрол суваг" телевиз нэг ч удаа улс төрийн мэдээ гаргаж байгаагүй бөгөөд ямар нэгэн нам, эвсэлд үйлчилдэггүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье” гэв.
"Яг түүн шиг” шоу бол цэвэр гэр бүлд зориулсан шоу бөгөөд улс төртэй холбон гала тоглолтыг хойшлуулсанд зохион байгуулагчид нь харамсаж буйгаа энэ үеэр илэрхийлсэн юм. Түүнчлэн Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг элэглэн “Яг түүн шиг” шоуны тусгай дугаар бэлтгэсэн талаараа зохион байгуулагчид “Сонгуулийн хар бараан мэдээлэлд нийгэм маш их бухимдалтай байна. Иймд, бид гурван нэр дэвшигчийг элэглэн шоуныхаа тусгай дугаар бэлтгэн үзэгчиддээ хүргэсэн юм. Тэр дугаар бол цэвэр пароди нэвтрүүлэг болсон” гэв.
Дашрамд дурдахад, тасалбар худалдан авсан үзэгчид уг тасалбараараа долдугаар сард зохион байгуулагдах гала тоглолтыг үзэж болох бөгөөд хүсвэл тасалбар авсан газартаа хандаж буцаан мөнгөө авах боломжтой юм байна.