Төв талбайд 40 орчим аж ахуйн нэгж ажлын нөөцөө танилцуулж байна

Б.Мичид


Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг Улаанбаатар хот болон 21 аймагт нэгэн зэрэг өнөөдөр эхэллээ.

Өдөрлөгт 60 орчим аж ахуйн нэгж оролцож, 20 мянган хүнийг  нээлттэй ажлын байранд бүртгэх юм. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн бодлого явуулж байгаа аж. Энэ жил 45000 орчим ажлын байр бий болгоно гэсэн зорилт тавьсан. Үүнээс өнөөдөр 20000 ажлын байрыг нь бүртгэж байгааг албаныхан дуулгалаа.

Тодруулбал, нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд аж ахуйн нэгжүүдээс 3000 орчим нээлттэй ажлын байрны санал ирсэн байна. 40 орчим аж ахуйн, байгууллага ажлын нөөцөө танилцуулж байна. Тухайлбал, “MCS” компани 500, “Моннис” групп 502, “АПУ” 100, “Өгөөж” 50 орчим ажлын байрны санал ирүүлсэн. 75-80 байгууллага давхардсан тоогоор оролцож, ойролцоогоор 20 мянган ажлын байрны захиалга иргэдээс авна. Эдийн засаг өсч, тэлж буйтай холбоотойгоор байгууллагууд 50-500 ажилтан авахаар хүний нөөцийн бүрдүүлэлтээ хийх боломж нээгдсэн талаар албаныхан онцолж байлаа.

Хоёр өдрийн турш ХНХЯ-ны харьяа Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт  зэрэг байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг иргэдэд танилцуулна.

Тодруулбал, Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байрны, цалин хөлсний асуудлаар төрөөс баримталж буй бодлого, хуулийн шинэчлэлийг танилцуулж иргэдийг мэдээллээр хангах юм.

Түүнчлэн МСҮТ-ийн оюутнуудын бүтээлийн  үзүүлэн, хийсэн бүтээгдэхүүнүүдээ дэлгэжээ. Өдөрлөгөөр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чиглэлээр,  үзлэг явуулж, анхан шатны тусламжийн үйлчилгээ, сургалт зохион байгуулж байна.

Түүнчлэн өдөрлөгийн үеэр Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын Хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” ("MKIT") сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн чиглэлээр залуусыг үнэ төлбөргүй сургалтад хамруулж, хөдөлмөр эрхлэх бололцоог нэмэгдүүлэхээр “Мэдээллийн технологийн сургалтын төв”-д үнэ төлбөргүй суралцах  хүсэлтэй иргэдийг бүртгэж байгаа юм.

 

 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)