Сонгуулийн өдөр согтууруулах ундаагаар үйлчлэхгүй

Б.Мичид


Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. 

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Хуурайшилт ихтэй байгаатай холбоотойгоор обьектийн болон ой хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах, хүүхдийн  зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан хүүхдүүдийг тээвэрлэх, хоолны хүнсний болон гал түймрийн аюулгүй байдалд онцгой анхаарч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй” гэв.

Түүнчлэн холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өглөө.

Үүнд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль зохион байгуулах бэлтгэлийг хангах ажлын хүрээнд:

Санал авах байр болон хуульд заасан бусад шаардлагатай зүйлсийг сонгуулийн төв байгууллагаас баталсан зааврын дагуу хуулийн хугацаанд бэлэн болгох,
санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах,
Соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах,
Гадаа болон битүү талбайд худалдаа үйлчилгээний төв ажиллуулах зэрэг хуулиар хориглосон үйл ажиллагааг зогсоож, хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. 

Сонгуулийн өдрүүдэд нийслэлийн иргэдийн амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон бусад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулж ажиллах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад зохицуулагч ажиллуулах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн иргэдийг хүндрэлгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)