Дууны ертөнцөд мөнхөрсөн зууны манлай дуучин

Г.Сонинбаяр


Эдүгээгээс 88 жилийн тэртээ Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумдын зааг Сэрүүн Галттай нутагт хожмоо Монголын төдийгүй дэлхийн дуурийн урлагт өөрийн гэсэн тод зам мөрийг үлдээх хувьтай нэгэн хүү эхээс мэндэлжээ. Эгэлхэн буриадын улаан дүнзэн байшинд хүй тасарч унасан тэр хөвүүн хорвоод анхны дуугаа хадаан уйлахыг сонссон эцэг нь “Овоо чанга дуутай эр болох нь” хэмээн баярын магнай тэнийсэн гэнэм.

Тэр цагаас хойш 88 хаврын цөн түрж, 88 дахь зуны цэцэг дэлгэрэв. Жил бүрийн зургадугаар сарын 15-нд XX зууны Монголын дуурийн нэрт дуучин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн мэндэлсэн өдөр тохиодог. Энэ өдрийг мэргэжил нэгт нөхөд, шавь нар нь хийгээд сонгодог урлагийн ертөнцөд амьдарч яваа хэн бүхэн гүнээ хүндэтгэж, эршүүд баргил хоолойгоороо дэлхийн дуурийн урлагт бахархал болсон их дуучнаа дурсдаг билээ. Энэ жил их дуучны мэндэлсэн өдрийг урлаг, соёлын хүрээнийхэн, мэргэжил нэгтнүүд нь, шавь нар нь даруухан тэмдэглэж, дууны хорвоод үдлээд буцсан зууны манлай дуурийн дуучнаа дурсав. Ер нь Монголын үе үеийн дуучид, ардын болон гавьяатууд Ц.Пүрэвдорж хэмээх энэ эрхэм хүмүүний тухай гэгээн сайхан дурсамжууд дэлгэж байжээ.

“Зэрэг нэмэхийн өмнө” киноны Долдойн дүрээр алдаршсан ардын жүжигчин Д.Жамъянжав агсан бол түүний ууган шавь нь. Тэрээр 1954 онд Төв театрын найрал дууны ангид орсноор Ц.Пүрэвдорж багштайгаа танилцан “Евгений Онегин”-д хамт дуулж байжээ. Харин гавьяат жүжигчин М.Найдалмаа, “1964 онд Дуурь бүжгийн эрдмийн театрт дуучнаар ирэхэд Пүрэвдорж солист буюу гоцлол дуучны ангийн дарга байв. Солист анги гэдэг дуурийн театрын зүрх нь. Тэр чухал ангийг манай Пүрэвдорж багш даргалж байлаа. Пүрэвдорж, Загдсүрэн, Сүрэнхорлоо, Пүрэвсүрэн гээд залуухан солистууд ид дуулж байв. Тэд намайг ёстой алган дээрээ бөмбөрүүлсэн дээ” хэмээн хуучилсан юм. Харин Ц.Пүрэвдорж гуайтай хамт Бөмбөгөр ногоон театрт хамт ажиллаж байсан Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Л.Цогзолмаа, “Пүрэвдоржийг анх Бөмбөгөр ногоон театрт орохоор Э.Оюун багшид шалгуулж байхад нь харж байсан. Тэрээр өндөр горзгор, туранхай залуу байсан нь одоо ч нүдэнд харагдаж байна. Их эелдэг, даруухан хүн. Бас маш хөдөлмөрч. Сайн дуучин төдийгүй сайн хүн, төв төвшин, нуруутай, сайхан монгол эр хүн байсан юм” хэмээн дурссан юм.

Монголын дуурийн урлаг 50 гаруй жилийн түүхтэй. Энэ ахархан хугацаанд Монголын дуурь дэлхийд гайхагдах хэмжээнд хүрсэн. Үүнд Ц.Пүрэвдоржийн байгуулсан гавьяа их хэмээн Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Хайдав эрхэм нөхрийнхөө тухай дурсамжаа хуваалцсан удаатай. Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров, “Дуурийн дуулаачийн хувьд Ц.Пүрэвдорж гуай Монголын үе үеийн дуучдын нөмөр нөөлөг явсан хүн. Эдүгээ Ц.Пүрэвдорж судлалыг үүсгэж тэр их дуучны дуулах чадварын онцлог, өөрийн гэсэн школыг нь судлах цаг болжээ” хэмээсэн юм.

Бүхий л талаараа дуурьт заяагдсан хүн

Ардын жүжигчин Ц.Пүрэвдоржтой хамгийн ойр дотно нөхөрлөж явсан хүний нэг нь хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин Д.Лувсаншарав. Эрхэм хөгжмийн зохиолчтой арваад жилийн өмнө уулзаж, анд нөхрийнх нь тухай дурсамжийг нь яриулж байв. Уг яриаг дор сийрүүлье.   

…1946 онд хуучин Бөмбөгөр ногоон театрт ажиллаж байхдаа Пүрэвдоржтой танилцсан. Тэрээр Улсын хэвлэх үйлдвэрт үсэг өрөгч, зураачаар ажиллаж байсан. Тэр үед бид МХЗЭ гишүүд байв. Ханын сонин сайхан гаргах үүрэгтэй. Ханын сонин сайн гаргах талаар залуучуудын байгууллагуудын хооронд уралдаан зарлана. Пүрэвдорж их сайхан зурна. Би ч бас зураг тэрлэнэ. Тэгээд хоёулаа нийлж ханын сонины толгой их зурдаг байв. Бөмбөгөр ногоон дээр голдуу шөнийн цагаар ирж театрын зураачдын будаг, шунхыг ашиглан ханын сониныхоо толгойг хийнэ. Тэр үед Пүрэвдорж маань театрт орох хүсэлтэй гэж ярьдаг байв. Би ч түүнд, театрт орчих, сайхан шүү дээ гэдэг байлаа. Тэгээд л Э.Оюун багшид шалгуулаад театрт дуучин болсон. Би тэгэхэд найрал дууны ахлагч хийж байсан юм. Пүрэвдорж Э.Оюун багшаас гадна Кличко гэж орос багшид шалгуулж, Оросын найрал дуугаар уран бүтээлээ эхэлсэн. Бид хоёр 1951 онд Берлинд болсон дэлхийн залуучууд оюутны III их надаамд оролцож, миний зохиосон “Малчдын уралдаан” гэдэг дууг Пүрэвдорж, Пүрэвсүрэн, Даваадорж гурав дуулж байв. Пүрэвдорж  миний уран бүтээлийг анх дуулсан хүний нэг. Яваандаа хоолой нь их сайхан хөгжсөн. Дуулах тусам улам л сайхан болоод байсан. 1956 онд Свердловск Хөгжмийн дээд сургууль төгсч ирээд дуурийн мэргэжлийн том дуучин болох зам нь нээгдсэн. Пүрэвдорж Монголын XX зууны манлай дуурийн дуучин төдийгүй дэлхийд алдартай дуучин. Зөвлөлтийн Эрдмийн их театр болон олон хотод сонгодог дуурийн гол дүрүүдэд дуулсан. Дуурийн театрыг үүсгэн байгуулагчийн нэг. Сүүлд СУИС-д багшилж олон сайхан шавь төрүүлсэн. Мөн дуурийн найруулагч хүн. Рахманиновын “Алейко”, миний “Шивээ Хиагт” зэрэг дуурийг найруулсан. Пүрэвдорж бол сайхан хоолойтой төдийгүй бие бялдрын хувьд ч тэр дуурийн дуучинд тавьдаг шаардлагыг хангасан, бүхий л талаараа дуурьт заяагдсан хүн. Тийм сайхан бие хаа, нуруу тэгш дуучин ховор. Дээр нь хурц мэдрэмжтэй. Өөрийгөө хөгжүүлэх талаар их анхаардаг. Үүгээрээ шавь нартаа үлгэр дууриал болдог хүн байсан. Бид хоёр их дотно байсан. Манай Хан Хэнтий уулын аймгийн хүн.

Дуурийг Ц.Пүрэвдорж, Х.Уртнасан хоёр л дуулна

Балжийн гол үертэй, улаан хоормог эргэлдэнэ. Голын ус хоёр эргийг холбосон ган татуурганд хүрэн алдаж, “УАЗ-469” машин, хоёр гурван мотоцикль ачаад хөвж яваа перевозыг тэртээ дээр тэнчигнүүлнэ. Сэрүүн Галттайд сэргээн босгосон Сэрүүн дуганы нээлтэд оролцсон олны цуваа Балжийн эрэгт ирээд гацах нь тэр. Машинууд перевоз хүлээн цувран зогсоно. Нар шингэж юу юугүй бүрэнхий нөмрөв. Яг л энэ үед даралтат хөгжим нүргэлж, уянгалаг сайхан аялгуу нирхийхтэй зэрэгцэн

“Хүлэг морио услаад морсон

Хөвчийн тунгалаг Балжийн гол

Хүслэнт зүрхийг догдлуулсан

Хүүхэн хонгор Балжмаахан...” хэмээн эршүүд баргил хоолой үдшийн анир эвдэн хүнгэнэлээ.

“Монос, улиас чимэгтэй

Хангайн сайхан Балжийн гол

Мойл хархан нүдээрээ дуудсан

Буриад басган Балжмаахан”

Дууны сайхан аялгуу зүрх сэтгэлд нургилж, тийм баргил хоолойноос гарамгүй гэгэлгэн, уянгалаг нугалаа голын боргио, усны долгио адил намуухан дуурьсана. Ийнхүү үертэйхэн Балжийнхаа тохойд үдшийн сэлүүнд дуун түрлэг өргөсөн тэр эрхэм дуучин Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Цэвэгжавын Пүрэвдорж байлаа. Хөндий цагаахан Сэрүүндээ хөрвөжин бойжсон хөвүүн жаран жилийн өмнө орхин гарсан унасан нутаг, унаган тоонот, Онон, Балж нутагтаа ирээд сэтгэл хөдөлсөн биз ээ. Сэрүүн Галттай нутагт өсч торнисон дөрвөн хөвүүн аавууддаа зориулан Сэрүүн дуганыг сэргээн босгосон нь 1998 оны намар цаг билээ. Тэр дөрвөн хөвүүн нь Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнэ, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Цэвэгжавын Пүрэвдорж, нэрт орчуулагч Самбуугийн Цэвээн, гавьяат багш Сүхийн Гүрдорж нар байв. Тэднийг долоо, наймхан настай байхад аавуудыг нь эсэргүү хэмээн баривчлан хороожээ. Хар дарсан зүүд шиг тэр жилүүдэд Сэрүүн Галттай, Онон, Балж нутгийн олон олон эрсийг ийн эсэргүүн хэмээн яллаж, эрлэгт илгээсэн юм.

Хэлмэгдлийн хар салхи Цэвэгжавынх хэмээн элэг бүтэн эгэл жирийн малчин айлыг тойрсонгүй. Идэрхэн, эрэмгийхэн аав нь До яамны ногоон хувцастай хүмүүст туугдан яваад эргэж ирсэнгүй.

Ийнхүү Пүрэвдорж хөвүүн арав хүрээгүй настайдаа гэрийнхээ ганц эр хүн болон үлдэж, амьдралын хатуу хөтүүг туулжээ. Цэл залуугаараа бэлэвсрэн хоцорсон хөөрхий ээж нь хот хүрээ газар бараадан ганц хүүгээ эрдэм номтой хүн болгоё хэмээн нутгаа орхин гарсан нь 1938 он байлаа. Ингээд Ц.Пүрэвдорж хүү нийслэл хотноо ирж үлгэр жишээ бага сургуульд суралцжээ. Бага сургуулиа дүүргээд 1945 онд улсын хэвлэх үйлдвэрт зураачаар орж ажиллав. Энэ үедээ хэвлэх үйлдвэрийн уран сайханд явдаг байсан гэдэг. Түүний байгалиас заяасан хүчирхэг баргил хоолой энэ л үеэс олны анхаарлыг татаж эхэлжээ. Өөрөө ч хэвлэх үйлдвэрийн уран сайхандаа явах тун дуртай. Ингээд урлагт тэмүүлэх сэтгэлдээ хөтлөгдөн Төв театрт очиж шалгуулжээ. Гэтэл эв хавгүй бүдүүн хоолой байна, авахгүй гээд буцаасан гэдэг. Харин хэн хүнд заяахгүй баргил сайхан хоолойг таньж, авьяасыг нь нээсэн хүн бол Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав. Тэрээр ийм сайхан басс хоолой театрт хэрэгтэй хэмээснээр Ц.Пүрэвдорж хэмээх их дуучны урлагийн амьдралын гараа эхэлжээ. Энэ бол 1947 он байв. Ингээд 18-хан настай залуу хүү Төв театрын дуучин болов. Үндэсний болон сонгодог дууриудад дуулахад туршлага дутна уу гэхээс хоолойн чадал, цараа дутахгүй гэдгээ харуулаад амжлаа. Дэлхийн залуучууд оюутны III, IV, V их наадмууд, гадаадын улс орнуудад болсон Монголын соёлын өдрүүдэд Ц.Пүрэвдорж алгасахгүй дуулах болжээ. Нэгэн үе хилийн чинадад болсон урлаг соёлын бүхий л арга хэмжээнд дуурийн дуучин Ц.Пүрэвдорж, Х.Уртнасан хоёр л дуулдаг байсан гэдэг. Хожмоо тэд хоёулаа XX зууны Монголын дуурийн нэрт дуучин хэмээх эрхэм алдрыг хүртсэн билээ.     

Москвагийн Эрдмийн театрт дуулсан анхны монгол

1950-иад оны эхэн үед манай улсын анхны дуурийн дуучид тэр үеийн ЗХУ-д бэлтгэгджээ. Анхны мэргэжлийн дуучид нь Ардын жүжигчин Г.Хайдав, А.Загдсүрэн нар байв. Тэдний араас 1955 онд таван залуу дуучин Свердловск хотын Хөгжмийн дээд сургуульд суралцахаар холын моринд дөрөөлөв. Тэдний нэг нь Ц.Пүрэвдорж байлаа. Таван жил толгой өөд таталгүй дуулаачийн мэргэжил эзэмшихийн төлөө шамдан хичээллэжээ. Ингээд 1960 онд сургуулиа төгсч ирээд Улсын хөгжимт драмын театрт гоцлол дуучин болов. 1963 онд Дуурь бүжгийн эрдмийн театр алдарт “Евгений Онегин”-оор нээлтээ хийхэд Ц.Пүрэвдорж анхны Гриминд дуулжээ. Тэр жилдээ тэрээр ЗХУ-ын Москва хотын Эрдмийн театрт уригдан дуулсан нь дэлхийд гайхагддаг тэр том театрт дуулсан анхны Монгол хүн болсон гэдэг. Түүнийг Москвагийн Эрдмийн театрынхан Монголд Гриминий дүрд тийм мундаг дуулсан юм чинь бэлтгэл сургуулилт хэрэггүй гээд нэр хүндтэй тайзан дээрээ шууд дуулуулж байжээ. Энэ асар их хүндлэл, басхүү том үнэлгээ байлаа. Тухайн үед ЗХУ-ын Ардын жүжигчин Архиповна “Би Монголын Пүрэвдорж шиг ийм том биетэй, хүчирхэг хоолойтой Гримин үзээгүй” хэмээн нэгэн сэтгүүлд ярилцлага өгч байжээ. Ийнхүү Монголын дуурийн урлагт түүний анхны шанг нь татсан авьяас билиг, хоолойн царааг гайхуулсан бахархам амжилтууд олон бий. Свердловскийн хөгжмийн дээд сургуулийг төгсч ирээд нэг жил болсны дараа тэрээр БНМАУ-ын гавьяат жүжигчин цол хүртэв. 1961 он түүнд үнэхээр азын од гийсэн жил байлаа. Гавьяатын тэмдэгээр энгэрээ мялаасан 32-хон настай залуу дуучныг дөрвөн жил тутамд болдог  П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуу дуулаачдын тэмцээний шүүгчээр урьжээ. Бас л анхны хэмээн тэмдэглэгдэх бахархам үйл явдал. Тэр цагаас хойш 1990 он хүртэл Монголын нэрт дуучин Ц.Пүрэвдорж П.И.Чайковскийн нэрэмжит тэмцээнд тасралтгүй шүүгчээр уригдан ажиллаж байжээ. Дэлхийд нэр хүндтэй энэ тэмцээнийг түүн шиг олон жил шүүсэн хүн гараагүй гэдэг. Монголын баргил хоолойт дуучныг дэлхийн сонгодог урлагийн их ертөнцийнхөн хэрхэн үнэлж байсны нэг жишээ энэ билээ. Тэрээр орос, итали, францын олон алдартай дуучидтай хамт П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын тэмцээнийг шүүдэг байв. Түүний тухай дээр өгүүүлсэн ЗХУ-ын Ардын жүжигчин Архиповна “Монголын Пүрэвдоржтой цуг тэмцээн шүүхэд их амар байдаг” гэдэг байсан гэнэ. Учир нь Ц.Пүрэвдорж гуай бүх оноогоо монголоор бичдэг тул зэргэлдээ суугаа шүүгчид нь оноог нь харсан ч ойлгодоггүй байна. Тиймээс бие биеийнхээ тавьсан оноог харах аргагүй болохоор ямар ч будлиан гарахгүй гэсэн үг.   

Сайн дуучин, сайхан эр хүн

…Миний хань уурлаж уцаарлана гэж огт байхгүй. Гэр орны ажилд ч оролцоод байхгүй. Юу ч болж байсан нот барьчихаад л сууж байдаг сан. Дуулах урлагт бүхий л амьдралаа зориулсан хүн. П.И.Чайковскийн нэрэмжит тэмцээний шүүгчээр гуч гаруй жил ажилласан. Дөрвөн жил тутамд болдог уг наадмыг шүүхээр яваад сар гаруй болоод жигтэйхэн ядарчихсан ирдэг байлаа. Үнэхээр урлагийн тэнгэртэй хүн байсан хэмээн хань Р.Думхүү нь дурсан ярьсан юм. Амьдралын нугачаанд хэн хэн нь өгсөж уруудан, зовлон үзэж явахдаа тэд биеэ түшжээ. Р.Думхүү гуай ханиа хараахан эрт алдаж гурван балчир хүүхэдтэй бэлэвсэрч хоцроод байх үедээ Ц.Пүрэвдорж гуайтай учирсан гэдэг.

…Нэг өдөр гавьяат жүжигчин В.Сүрэнхорлоо “Чи алийн болгон ингэж гурван нялх хүүхэдтэй амьдрах юм. Чамайг харахад их л хэцүү байна. Чиний халамж дутаж байгаа нэг хүнийг чамтай танилцуулна” гэсэн. Тэгээд л Пүрэвдоржийг дагуулаад ирсэн. Манай өвгөн угийн дуу цөөтэй хүн. Нөгөө сайхан дөлгөөн тайван хүн чинь дуугарах ч үгүй суугаад л байсан хэмээн Р.Думхүү гуай хуучилсан юм. Гуч гаруй жил ханилахдаа  тэд нэг ч удаа ам зөрж үзээгүй гэнэ. Ц.Пүрэвдорж гуай хүүхэд загнах байтугай муухай ч хардаггүй нэгэн байжээ. Жил бүр төрсөн нутаг Хэнтийдээ очиж амарна. “Волга-21” хэмээх хуучны загварын хар тэргээ унаад, хань, хүүхдүүдээ бүхээгтээ суулгаад нутагтаа очих дуртай байв.      

Тэрээр тэтгэвэрт гарснаасаа хойш СУИС-д багшилж залуу халаа дуучдыг бэлтгэхэд өөрийн авьяас, хөдөлмөрөө дайчлах болжээ. Шавь нар нь багшийнхаа гэрээр ирэх тун дуртай. Оюутан хүүхдүүд өлсөж яваа байлгүй гэсээр Думхүү гуай цай, хоол бэлтгэн хөл болон угтдаг байсан гэнэ.

Багшийн хувьд тэрээр тийм ч зөөлөн багш биш. Шавь нартаа маш хатуу шаардлага тавина. Хэзээ ч нааштай дүн тавихгүй. Тийм л өндөр шалгуур тавьж байсны ачаар тэд Ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн шавь хэмээн дуудуулах эрхийг олж авдаг байжээ. Дунд үеийнхнээс Сэлэнгийн Оюун, ДБЭТ-ын дуучин Д.Долгормаа нар гавьяат жүжигчин хэмээх эрхэм алдрыг хүртжээ. Мөн соёлын тэргүүний ажилтан Р.Доржхорлоо, Ч.Батцэнгэл, Р.Батболд, Б.Баттөр гээд дуурийн урлагт цахиур хагалж яваа олон залуус түүний шавь нар юм. ДБЭТ-ын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Долгормаа багшийнхаа тухай ийн дурсч байна.

“Багш их хатуу, бас ширүүн. Энэ нь шаардлага өндөр гэсэн үг.  Оюутнуудын дунд академи гэж шалгалт явдаг байв. Багш биднийг сайн дуулсан ч онц тавихгүй. Дандаа сайн тавина. Нэг удаа Загдсүрэн багштай дүн хэлэлцэж байхыг нь санамсаргүй сонссон юм. Энэ Долгормаа сайн дуулж байна. Онц тавих болоогүй юм уу гэхэд багш “Болоогүй ээ” гэж байсан. Тэгэхэд л би багш биднийг ирлэж, хурцалж, улам их хөдөлмөрлө гэж өндөр шаардлага тавьж байгааг ойлгосон. Сүүлд дипломын ажил дээрээ харин онц авч байсан. Багш уурлана гэж байхгүй. Ганц цөөхөн, жинтэй, хатуу үг хэлнэ. Үнэхээр агуу, ухаантай. Нотоо маш сайхан нямбай хуулна. Түүнийг нь хараад бид багшийг дууриан нотоо шөнөжин сууж хуулдаг байв”.

Зууны манлай дуурийн дуучин агсны дуулж амьдруулсан Г.Дарамзагдын хөгжим, Б.Цэдэндамбын шүлэг “Сайхан Монгол орон” дууг Монголын дуурийн баргил хоолойт дуучид өнөө ч дуулсаар буй.

Багшийнхаа дуулах эрдмийг өвлөсөн олон шавь нар нь түүний үйл хэргийг үргэлжлүүлэх их урлаг, сонгодог урлагийн түүчээ болж явна. Түүний нэрэмжит ари, романс дуулаачдын уралдаан олон улсын дуулаачдын наадам болон өргөжиж, Монголын алтан хоолойтнууд дэлхийн тайзнаа дуулж, шилдгийг шилдгүүдийн тоонд орсоор байна. Энэ бүхэн Ц.Пүрэвдорж XX зууны төдийгүй  XXI зууны дуучин гэдгийг нотлон харуулнам.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)