Ойн түймэрт нэрвэгдсэн Португал Европын холбооноос тусламж хүслээ

Х.Батсайхан


-Португалийн ойн түймэр 62 хүний амийг аваад байна-

Португал улсад сүүлийн хэдэн жил болоогүй аймшигтай ойн түймэр дэгдэж, улс орон гамшгийн байдалд байна. Бямба гаригт эхэлсэн түймэр одоо ч унтраагүй бөгөөд амиа алдсан хүний тоо тасралтгүй өссөөр 62-т хүрчээ.

Хэтэрхий хүчтэй, их зай талбайг хамран асч байгаа гал түймрийг унтраахад улс орны хүчин чадал мөхөсдөж байгаа хэдий үргэлжлүүлэх тэмцэх ёстой талаар Ерөнхийлөгч нь телевизээр ярьсан гэхээр байдал ямар хүнд байгаа нь ойлгогдох байх.

Испани улс ойн түймэр унтраах зориулалттай дөрвөн онгоц, Франц улс мөн ийм зориулалттай гурван онгоцоо ажиллуулахаар болсон байна.

Гал гарсан газар нь Лиссабоноос зүүн хойд зүгт 150 километрт байх Педрогао Гранде гэдэг газар юм байна. Ой ширэнгээр битүү хучигдсан энэ газарт бямба гаригт дуу цахилгаантай бороо орж, аянга бууснаас түймэр дэгджээ. Тус улсад энэ жил гандуу, хуурай зун болж байгаа бөгөөд сүүлийн хэд хоногт 40 хэмээс дээш халсан нь хуурайшилтыг дээд цэгт хүргээд байгаа аж. Одоогоор Педрогао Грандегаас гадна гурван ч газар түймэр асч байгаа талаар тус улсын онцгой байдлын албаныхан мэдээлж байна.    

Гал түймэртэй тэмцэхэд дотоодын нөөц бололцоо хангалтгүй байгаа учраас тус улс Европын холбоонд хандан тусламж хүсчээ. Үүний үр дүнд Испани улс ойн түймэр унтраах зориулалттай дөрвөн онгоц, Франц улс мөн ийм зориулалттай гурван онгоцоо ажиллуулахаар болсон байна. Мөн Грекийн Ерөнхий сайд гал унтраах ангиудаа ажиллуулахад бэлэн гэдгээ мэдэгджээ. 

Дэлхийн олон орны удирдагчид, тэр дундаа Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Ромын пап Франциск, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой нар Португалийн ард түмэнтэй сэтгэл сананы хувьд нэгдэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ