“Хятадад үйлдвэрлэв” шошгоор дэлхийг хэрэх нь

П.Мөнхжаргал


Хятад аяганд хятад будаа л аягална. Энэ бол яг л бидний “Монгол эх орныхоо хөрсөнд тарьж ургуулсан тариа, ногоог хүнсэндээ хэрэглэе. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжье. Монголоороо л байя” гэдэгтэй адилхан уриа. Гол ялгаа нь Хятад улсын энэ уриа хөгжлийнх нь амин сүнс, тунхаг болж чадсанд байгаа юм. Дэлхий нийтээрээ нэг хэлээр ярьж, даяаршил хүчтэй явагдаж буй энэ үед үндэстнийхээ онцлогоо авч үлдэн, хөгжиж байгаагийн нууц нь энэ. 

Та бидний мэдэхээр саяхан л Хятадын ихэнх бараа бүтээгдэхүүн “Хуурамч, дууриамал” гэсэн цолтой байсан. Тэгвэл тэд энэ хандлагыг эвдэж, хөгжлийг дагаж биш дагуулж болдогийн жишээг бусад улс орнуудад харуулж, амыг нь ангайлгаж байна. Аль л шинэ санаа бүхнийг бүтээгдэхүүн болгож, тэрхүү бүтээгдэхүүнээрээ дэлхийг хэрэхээр амбийцалж байна. Тэр амбийц нь ч БНХАУ-ын нэг тэрбум хүн амаасаа давж, дэлхийн зах зээлд хүч түрэн, орсноор биелээд эхэлжээ.

Ганцхан баримт дурдахад, 1990-ээд онд дэлхийн нийт үйлдвэрлэлийн гуравхан хувийг бүрдүүлж байсан БНХАУ өдгөө нийт үйлдвэрлэлийн 25 хувийг дангаараа бүрдүүлж байна. Тэр дундаа дэлхийн нийт суурин компьютерийн 90.6 хувийг, гар утасны зах зээлийн 70.6 хувийг дангаараа эзэгнэж байна. Тэд чаджээ. Чадахын төлөө чармайж ч байна.  Тус улс хэрхэн бүтээж, хэрхэн хөгжиж буйг бидний 47 сэтгүүлч хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Бээжин, Гуанжоу, Шэнжэн, Хан жио, Нин Бө хотоор аялах явцдаа энэ бүхэнтэй танилцсан юм. 

Аялал гэдэг малгайтай ч ажлын томилолт маань эхнээсээ л цагаахан атаархал, бас алмайрлыг төрүүлж байв. Эхний өдөр бид Хятадын Шинжлэх ухаан технологийн хороогоор зочилж, тус улс энэхүү салбарт ямар бодлого баримталж, хэрхэн ажиллаж буйтай танилцсан юм. Хятад улс Шинжлэх ухаан, технологийн яамтай болоод ч тэр үү шинжлэх ухааны бүтээл, суурь судалгаанд мөнгө харамгүй “хаяж”, тэр хэрээр тус салбарын хөгжил гэрлийн хурдаар шат ахижээ.

Хятадын инновацийн судалгааны санхүүжилт нэг их наяд, 550 тэрбум юаньд хүрч, инновацид оруулж байгаа хөрөнгө оруулалтын жагсаалтаараа дэлхийд дэд байрт орсон.

Энэ талаар Хятад улсын Инновацийн хороон дарга  Зан Шин /Zhang Xin/ хэлэхдээ “2016 онд Хятадын инновацийн судалгааны санхүүжилт нэг их наяд, 550 тэрбум юаньд хүрч, инновацид оруулж байгаа хөрөнгө оруулалтын жагсаалтаараа дэлхийд дэд байрт орсон. Бид сансарын пуужин, робот, машин бүтээх, хиймэл дагуул нисгэх, газрын гүнийг судлах, далайн ёроолд шумбах шумбагч онгоц зэрэг технологийн шинэ ололт амжилтад суурилсан томоохон төслүүдийг инновацийн хөгжилд суурилан амжилттай хэрэгжүүлж чадсан. Мөн газар тариалан, аж ахуйд инновацийн хөгжлийг нэвтрүүлж, Бээжин, Шанхай зэрэг том хот болон бүх хятадад 16 инновацийн паркийг нээн ажиллуулсан. Шинжлэх ухаан, технологи инновацийн хөгжлийн бодлогод зарцуулж байгаа нийт зардлын 70 хувийг аж ахуй эрхлэгчид, 22 хувийг төрөөс, үлдсэн найман хувийг бусад эх сурвалжаас санхүүжүүлэх байдлаар зохицуулж ирсэн. Төрөөс гарах санхүүжилтийн ихэнх нь шинжлэх ухааны суурь судалгааны зардалд зарцуулагддаг” хэмээсэн юм. Хамгийн гайхалтай нь төр нь шинжлэх ухаанаа дэмжиж, тэднийг шүтэж байна.  

-Гадаадын ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫГ улсдаа урьж ажиллуулан бүх ХЭРЭГЦЭЭГ НЬ ХАНГАДАГ-

Тэр дэмжлэг, бодлого нь ч хөрсөн дээрээ гайхалтай бууж, ажил хэрэг болсон байгаа юм. Зөвхөн дотоодын боловсон хүчин гэлтгүй хаана, хэн мундаг ажиллаж байна тэр бүхнийг Хятад руу татах бодлого ч үйлчилж эхэлжээ.  Өдгөө Хятадын хоёр сая гаруй шинжлэх ухааны мэргэжилтэн гадаадад мэргэжил эзэмшиж байгаа бол дэлхийн ТОП гэгдэх 6000 гаруй мэргэжилтэн Хятадад урилгаар ажиллаж байна. Мэргэжилтнүүдийн ихэнх нь 20-30 насны залуус бөгөөд тэднийг Хятад улсын шинжлэх ухааны ирээдүй  гэдгийг тус улсын Инновацийн хороон дарга  Зан Шин онцолж байлаа. Тиймдээ ч тэдгээр залуустаа цалин хөлсний нэмэгдэл олгох, бүтээл нь амжилттай танигдвал ашгийн 70 хувийг өөрт нь, 30 хувийг байгууллагад нь олгож, урамшуулдаг байна. Тэр ч бүү хэл судалгааны лаборатори байгуулж, багийг нь бүрдүүлж өгөх, амьдрах байрыг нь хангах зэргээр дэмждэг ажээ. Мөн судалгааны бүтээлийг нь татвараас хөнгөлөх, зах зээл дээр амжилттай эргэлтэд орж чадвал татварыг нь буцаан олгох зэргээр төрөөс дэмжин, ажилладаг аж. Ингэж эрдэмтэн судлаачдаа “бөөцийлөх” болсон гол шалтгаан нь Хятад улс шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн салбарын хөгжлөөр дэлхийд тэргүүлэх гэсэн том санаархалтай нь холбоотой. Энэхүү “санаархал” нь хэдийнэ хурдан галт тэрэгний замаар хөдөлсөн. Одоогийн байдлаар тус улсад шинжлэх ухаан, технологийн 483 лаборатори, тэдгээрийн гурав нь нээлттэй том лаборатори, 386 инновацийн компани үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Улсын хэмжээнд ганц ширхэг инновацийн төвгүй бидний хувьд энэ бол гайхшруулам том тоо байв.  Энэхүү салбараа Хятад улсын Засгийн газар Шинжлэх ухааны шинэчлэлийн хууль, Оюуны өмчийн тухай хуулиар зохицуулж, гадаад, дотоодын зах зээлийн халдлагаас хамгаалдаг аж.

Эрдэмтэн судлаачдаа “бөөцийлөх” болсон гол шалтгаан нь Хятад улс шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн салбарын хөгжлөөр дэлхийд тэргүүлэх гэсэн том санаархалтай нь холбоотой. 

Гар утасны зах зээлд “Huawei” хүч түрэн орж ирж, “Iphone”, “Samsung”-тэй өрсөлдөн, зарим үзүүлэлтээрээ тэднийг ардаа орхих амжилтын нууц нь ерөөс энэ бололтой. Түүнчлэн олон нийтийн сүлжээний “Теncent” буюу “We Chat” нь фэйсбүүк, твиттер, инстаграмм зэргийг хол хаяхаар хөгжиж.  “We Сhat”-аар фэйсбүүкийн бүхий л үйлдлийг хийж болохын зэрэгцээ хоол захиалах, такси дуудах, бүх төрлийн төлбөр тооцоогоо хийж болдог давуу талтай юм байна. Тодруулж хэлбэл, дэлгүүр хэсч, татвараа төлж, дугуй түрээсийн тооцоогоо хүртэл хийж болно гэсэн үг.

Эдгээрээс гадна банкны үйлчилгээ ухаалгийн ухаалаг болсныг “GRG Banking” компаниар ороод мэдэрсэн юм. АТМ-ны өмнө очиж зогсоод овог нэр, регистрээ хэлээд видео теллертэй дуу хоолойгоо сонсож, ярилцаад, виза карт захиална. Энэ үйлчилгээ ердөө гурван минут. “Гүйцээ. Банкинд очиж олон цагаар дугаарлаад, дараа нь 1-2 хоноод очиж авдаг явдал, чирэгдэл ингээд төгсгөл болжээ, хө” ингэж л бид дуу алдсаар явлаа.

Тэрчлэн лед дэлгэцийн “ALPD”, “ZTE” зэрэг компаниудтай танилцсан. Яваандаа хүн төрөлхтөн лед дэлгэц, хиймэл тайзны тусламжтайгаар хүссэн оддынхоо тоглолтыг тайзан дээр амилуулж, алсын зайнаас үзэж таашаал авдаг болох нь. Нэг талаараа амьд харилцаа үгүй болж байгаа мэт боловч хүний оюун ухаан технологийн хөгжлийг ашиглаж, ганцхан товчлуураар юу эсийг өөрчилж болохын гайхамшгийг тэндээс харж болно. Цааш нь тоочоод байвал сонин содон, дэвшилттэй зүйл их. 

Эзнээ өөрөө дагаж “гүйдэг” ухаалаг чемодан, дээрээс нь хэчнээн литр ус гоожуулсан ч хэвийн ажиллах залгуур,  хүний биеийн яснаас эхлээд байлдааны онгоцны сэлбэг хэрэгсэл зэрэг бүх төрлийн хатуу биетийг хэвлэх 3D принтер. Урдах саадыг мэдрээд автоматаар чиглэлээ удирддаг автомашин, ус төрөгчөөрс гаргаж авсан цахилгаанаар ажилладаг жолоочгүй автомашин л гэнэ... Цахилгаанаар ажилладаг эко автомашин л гэхэд хэдийнэ зах зээлийн эргэлтэд орж, өдгөө нэг сая гаруй хэрэглэгчтэй болоод амжсан гэсэн. Мөн аюулгүй байдлыг бүрэн хангасан цахилгааны залгуур, /бидний хэлдгээр уртасгагч/ борооны ус шингээж, агаар нэвтрүүлдэг чулуун хавтан. Ийм хавтантай байхад үерийн далан, ус зайлуулах хоолой байх шаардлагагүй ажээ. Учир нь, борооны ус үерлэж, тогтохгүй шууд хөрс рүү нэвчинэ. Бас зөв, буруу суухыг мэдэрдэг үзэг гэж байна. Буруу сууж буруу баривал хошуу нь гарч ирэхгүй нуугдчихдаг аж. Ухаалаг үзэг эзнээ энэ мэт төлөвшүүлэх янзтай.  Ер нь сэдэж болох бүхнийг санаачилж, хийж болох бүхнийг үйлдвэрлэжээ. Бас Хятадууд долоон тэрбум хэрэглэгчтэй 4G-г “аних” 5G сүлжээ туршаад эхэлсэн гэдгээ бахархалтайгаар бидэнд ярьж байв. 

-МАЛ АЖ АХУЙГАА ТҮШИГЛЭЖ, ИННОВАЦИЙН БҮТЭЭЛ ГАРГАЖ, ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ БОЛОМЖТОЙ-

Бид мөнхийн хөршөө хөгжиж, хөгжлөөрөө бараа сураггүй алга болох гэж байгааг ийнхүү мэдэрлээ. “Одоо бид яах вэ. Боловсон хүчний нөөцтэй, ген сайтай. Байгалийн асар их баялагтай. Алс холын хэнбугай ч шүлсээ залгиж, нүдээ унагасаар л байна. Үгүй ер нь юу дутуу юм бэ. Хөл бол хөл, толгой бол толгой, гар бол гар байна” гэсэн бодолд үе үе автаж явсаар аялалаа өндөрлөлөө. 

Уг нь ч Монголын эрдэмтэн, судлаачид ч хийдгээ хийж л байгаа.  Гурван жилийн өмнө л СУИС-ийн багш, оюутнууд “Торгон хэвлэл”-ийг Монголдоо анх удаа туршиж, ХААИС-ийн багш нар биодизель түлш гаргаж авлаа хэмээн шуурч байсан. Харамсалтай нь одоо нам гүм.  Зах зээлийн эргэлтэд орж, гарт баригдсан зүйл алга л байна. Тухайн үед СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн захирал Д.Уранчимэг “Бидэнд олон улсын стандартад нийцсэн Инновацийн төв байгуулаад өгчихвөл өөр зүйл хэрэггүй. Түүхий эд буюу  хонины ноос, хөөвөр зэргийг ашиглаад бид шинэ тренд гаргах боломжтой. Хүмүүс нимгэн эсгийгээр бүтээл хийдэг болж. Бид судалж байна. Эсгийн дээр торгон хэвлэлээр зураг зураад малгай, цамц, оймс, даашинз зэрэг бүхий л зүйлсийг хийж болно. Бид мөн арьс, ноос, хөөвөр зэргийг ч судалж байгаа. Өөрийн гэсэн “Инновацийн төв”-тэй бол соёлын үйлдвэрлэл, сургалт, дугуйлан явагдаж байдаг. Тэндээс чадварлаг уран бүтээлчид төрөн гардаг тийм орчин удахгүй бүрдэх байх гэж найдаж, мөрөөдөж байна. Одоогоор сургалтын орчинд тийм өргөн хэмжээгээр үйлдвэрлэх боломжгүй байгаа” гэж бидэнд ярилцлага өгөх үеэрээ онцолж байсан юм. 

Гарцыг нь Концессийн гэрээгээр зохицуулж болох талаар ч дурдаж байсан санагдаж байна.  Ер нь л бид мал аж ахуйгаа түшглэж инновацийн маш олон бүтээл гаргаж, дэлхийд өрсөлдөх боломжтой гэдгийг учир мэдэх хүн бүр л хэлдэг, ярьдаг. Саяхан л гэхэд “Шинэ Монгол” технологийн дээр сургуулийн химийн инженер Т.Ганбаатар органик нарны зайны судалгааг амжилттай хийж, түүгээрээ дамжуулан Японд ажиллаж, суралцахаар болсон амжилт бий.  Мөн тэрээр цонх, шилний цаанаас орж ирэх нарны гэрлийн дулааныг тусгаарлагч нээгээд байгаа.  Төр засгаас бодлогоор дэмжээд өгвөл ч... Ярилцлагыг ЭНД дарж үзнэ үү.

Эцэст нь, БНХАУ гадаадын үнэтэй бүтээгдэхүүнийг оруулахгүй, хямд чанартай дотоодын бүтээгдэхүүнээр иргэдээ хангаж, цаашлаад “Хятад энд байна”, “Хятадад үйлдвэрлэв” гэсэн шошгоор дэлхийг хэрэхээр зорьж байна. Зорилтоо ч хэрэгжүүлж байна. Манай улсад ч цаг хугацаа, нийгмийн шаардлагаар инноваци, шинжлэх ухаан хөгжиж, мөдхөн тэднийг гүйцэж ирнэ биз ээ. 

-Хятадын инновацийн бүтээлүүд-

-Элсээр хийсэн ус, агаарнэвтрүүлдэг хавтан. Үүнийг ашигласнаар борооны ус хөрсөнд шингэж зам, талбайд ус тогтдоггүй-

-Дээрээс нь ус гоожуулсан ч хэвийн ажиллах цахилгааны аюулгүй байдлыг бүрэн хангасан залгуур-

-Жолоочгүй машин. Грашаа өөрөө олоод зогсчихно-

-Хүний яснаас эхлээд байлдааны онгоцны сэлбэг хэрэгсэл зэрэг бүх төрлийн хатуу биетийг хэвлэх боломжтой 3D принтер-

-Энэ бол хүний тархи, мэдрэлийн системд хагалгаа хийх технологи. Уг төхөөрөмж нь хүний тархины зургийг авч, өвчилсөн газрыг оношилж, тодорхойлсны дараа ердөө 2 мм-т зүсэлт хийж, 30 минутын дотор мэс засал хийнэ-

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. органик нарны цайны гэж юу билээ?

    0 0 Хариу бичих
  2. Экспорт Импорт хоёроо ялгаж сур.

    0 0 Хариу бичих