Лондоны Гренфелл цамхагт гарсан галын талаарх сүүлийн үеийн мэдээллийг хүргэж байна.

Ерөнхий сайд нь халдлага байж магадгүй гэж хардаж байна

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Лондоны хойд хэсэгт орших Гренфелл цамхагт гарсан галын шалтгааныг олж тогтоох мөрдлөгийг нээлттэй явуулах саналтай байгаагаа зарлалаа. Гал маш хурдан тархаж, богино хугацаанд барилгыг түргэн хамарсан нь түүний гайхлыг төрүүлжээ. Тэрээр 17 хүн нас барж, олон хүн одоо болтол сураггүй алга болсонд тооцогдож байгаа энэ хэргийн талаар олон нийт шаардлагатай бүх л мэдээллийг мэдэх эрхтэй гэж үзэж байгаа аж. Тереза Мэй хуулийн байгууллагын дарга нартай хамт хэргийн газар очиж танилцах үедээ дээрх мэдэгдлийг хийжээ.

Төрөл төрөгсдөө амьд үлдсэн байгаасай гэж найдан хүлээх хүмүүсийн итгэл бөхөөгүй хэвээр...

Цамхагт гал гарснаас хойш хоёр хоног өнгөрсөн ч олон арван хүн сураггүй алга болсонд тооцогдсон хэвээр байна. Цагдаагийнхны мэдэгдсэнээр, цамхгийг бүрэн самнаж дуустал дахиад хэдэн долоо хоногийн хугацаа хэрэгтэй ажээ. Одоогийн байдлаар 17 хүн нас барсан нь тогтоогдсон бол Лондоны эмнэлгүүдэд 70 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна.

Нээлттэй мөрдөн байцаалт гэж юу вэ

Нээлттэй мөрдөн байцаах ажиллагаа гэдэг нь тухайн хэрэгтэй холбоотой олдсон баримт, гэрчийн мэдүүлгийг нээлттэйгээр мэдээлж, задлан шинжлэхийг замаар мөрдөн байцаахыг хэлдэг байна. Ихэвчлэн олон хохирогчтой хэргийг ийм аргаар мөрддөг ажээ. Нээлттэй мөрдлөг явуулж байгаа үед үйл явцыг телевизээр шууд дамжуулах явдал ч байдаг юм байна. Гэрчээс мэдүүлэг авахдаа Шүүхийн танхимд тангараг өргүүлж байгаад авдаг, үйл явцад шүүгчийг оролцуулах нь ч бий. Т.Мэйн танхимын төлөвлөж байгаагаар бол энэ удаагийн мөрдлөгөд шүүгчийг оролцуулах нь зөв гэж үзэж байгаа ажээ.

Галын улмаас амиа алдсан анхны хохирогч нь Мохаммад Алхажали хэмээх сири залуу байв. Тэрээр Сириэс ирсэн, инженерийн чиглэлээр суралцаж байсан оюутан бөгөөд шатсан цамхагийн 14 дүгээр давхарт амьдардаг байж.

Лондон хотын дарга Садик Хан барилгад засвар үйлчилгээний ажил явагдаж байсан эсэхийг онцолж үзэх ёстой мэдэгдэлдээ анхааруулсан. Тэгвэл уг барилгад засвар хийж байсан бөгөөд 8.6 сая фунтын өртөгтэйгөөр засварын ажлыг “Rydon” гэх компани гүйцэтгэсэн байна. Компанийн зүгээс мөрдөх ажиллагаа нээлттэй явагдах болсонд баяртай байгаагаа илэрхийлсэн гэнэ.

Анхны хохирогч нь сири залуу байжээ

Хохирогчдын тоо бүрэн гүйцэд тогтоогдоогүй байгаа талаар дээр мэдээлсэн. Лондон хотын цагдаагийн газрын дарга Стюарт Кандигаас энэ талаар лавлахад “Одоогоор тодорхой болоогүй, гурван оронтой тоонд хүрэхгүй гэж найдаж байна” гэсэн хариулт өгчээ. Сураггүй алга болсонд тооцогдож байгаа хүмүүс бүгд амиа алдсан байх учиргүй гэж тэрээр итгэж байгаа аж.

Мохаммад Алхажали

Галын улмаас амиа алдсан анхны хохирогч нь Мохаммад Алхажали хэмээх сири залуу байв. Тэрээр Сириэс ирсэн, инженерийн чиглэлээр суралцаж байсан оюутан бөгөөд шатсан цамхагийн 14 дүгээр давхарт амьдардаг байж. Гал гарч байх үед тэрээр гар утсаараа Сирид байдаг найзтайгаа холбогдож, гэр бүлийнхэнтэй нь яриулж өгөхийг гуйж байсан байна. Тэрээр гарц бүхэлдээ шатаж байгаа тул өрөөнөөсөө гарах ямар боломжгүй байгаа талаараа найздаа хоёр цагийн турш утсаар ярихдаа тодорхой ярьсан байна.

Хохирогчдыг орон гэртэй болгоход анхаарна

Их Британийн орон сууцны бодлого төлөвлөлтийн асуудал эрхэлсэн сайд Алок Шарма олон нийтэд хийсэн мэдэгдэлдээ түймрийн улмаас орон гэргүй болж үлдсэн иргэдийг тухайн дүүрэгт нь орон сууцтай болгох талаар орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж байгаа гэж хэлжээ.

Эмгэнэлт явдал болсон газар руу амьд цэцэг авч явж буй иргэн.

Мөн галын аюулгүй байдал эрхэлсэн сайд Ник Херд Гренфеллд гарсан галыг “Үндэсний эмгэнэл” гэж нэрлээд галын шалтгааныг заавал олох болно гэж амалсан байна.

Гал хуучин хөргөгчнөөс болж гарсан байж магадгүй

Гал гарсан шалтгааныг тогтоож амжаагүй байгаа талаар дээр мэдээлсэн. Гэхдээ орон нутгийн хэвлэлүүдэд бичигдэж байгаа мэдээллээс үзвэл гал дөрөвдүгээр давхарт байх нэгэн айлын хөргөгч шатсанаас болж гарсан байж магадгүй гэнэ. “Daily Telegraph” сонинд бичсэнээр, барилгын хаалганууд нь галд тэсвэргүй материалаар хийгдсэн нь хурдан тархах нөхцлийг бүрдүүлсэн гэжээ. Гал шөнө дунд, хүмүүс бүгд гэртээ амарч, унтаж байх үед гарсан учраас олон хүн хохирох шалтгаан болсон байна.

Орон гэргүй болсон элэг нэгтнүүддээ туслах аяныг лондончууд өрнүүлж, хувцас, хоол унд, бусад хэрэгцээт зүйлсийг хандивлаж байна.

Гал гарах үед зарим айл хөршүүддээ чимээ өгч, сэрээж чадсан учраас барилгыг орхисон байна. Харин ихэнх нь дүрэм ёсоор гэрээсээ гаралгүй тусламж ирэхийг хүлээж байжээ. Цагдаа нар галаас хүүхэд, насанд хүрэгсэд нийлсэн 65 хүнийг эсэн мэнд гаргасан байна.

Орон сууцны чанар стандарт, галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар холбогдох албанаас олон ажил хийх шаардлагатай байгааг энэ удаагийн гал харууллаа.