А.Ганбаатар: Сонгогдсон албан тушаалтан хийсэн ажлаа анх удаа иргэдийн дунд нээлттэй хэлэлцлээ

Eagle.mn


Өнгөрсөн хоёрдугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд бид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр бүрэн эрхийнхээ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг “Ардын үг” зөвлөлдөх аянаар хэлэлцүүлж үнэлгээ өгч ажиллаж байгаа билээ. Тэгвэл “Ардын үг” зөвлөлдөх аян төгсгөлийн шатандаа орсон. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатарыг урьж ярилцлаа.

-“Ардын үг” аяны гол үр дүн юу байх вэ гэвэл, сонгогдсон албан тушаалтан хийсэн ажлынхаа тайланг анх удаа олон нийтэд нээлттэй хэлэлцүүлж дүгнүүллээ. Энэ нь цаашид жишиг болж тогтоосой, улс төрийн ийм соёл нутагшаасай гэсэн зорилгыг Монголын медиа корпорац тавьж байгаа.

-Танай байгууллагаас манай Тамгын газарт хүсэл тавьсан. Бид зөвлөхүүдийн зөвлөл дээр ярилцсан. Зарим нэг саналууд байсан. Өмнө нь ийм жишиг байхгүй байсан учраас нийгэмд буруу зөрүү ойлгох вий. Магадгүй танай байгууллагыг Ерөнхийлөгчид захиалж өөрсдийнхөө ажлыг эерэг байдлаар дүгнүүлэх гэж байна гэсэн хардлага байгаад байсан. Бид ярилцаад үүнд орох нь зөв гэсэн байр сууринд хүрсэн. Зөвлөлдөх ардчилал гэдэг бол бас нэгэн хэлбэр байна. Олон нийтэд хийсэн зүйлээ танилцуулж үнэлгээ, дүгнэлт авдаг. Эцсийн бүлэгт оролцох нь зөв гэдэг шийдвэр юун дээр тулгуурлаж гарсан бэ гэхээр өөрийн тань хэлдэг Монголд сонгогдсон болон томилогдсон албан тушаалтан цаашдаа олон нийтэд өөрийн хийсэн ажлаа танилцуулах нь зөв юм байна гэсэн. Энэ чинь манайд улс төрийн шинэ соёл нөхцөл байдал үүсч байна. Анхны оролдлого, сорил бүхэн сайн мууг дагуулдаг. Бид маргаашаа, ирээдүйгээ харсан энэ алхам зөв юм байна. Ерөнхийлөгч өөр дээрээ жишээ болгож улс төрийн соёл тогтооё гэдэг үүднээс энэ шийдвэрийг хүлээж авсан. Энэ хугацаанд бид чиглэл чиглэлээрээ тайлангаа тавилаа. Ерөнхийлөгч маань чиглэл бүр дээр өөрийн хийсэн ажлыг оролцож ярьсан. Үндсэндээ 5-6 багц сэдвээр тайлан тавигдсан. Эргээд харахад үнэлгээ дүгнэлт нь наанатай, цаанатай шүүмжилсэн хандлагууд байна. Миний хувьд буюу Ерөнхийлөгчийн зөвлөхөөр найм дахь жилдээ ажиллаж байгаа хүний хувьд маш зүйтэй алхам байлаа гэж дүгнэж байгаа. Жишээлбэл, сошиал ертөнц хавтгай болсон байна. Ор үндэслэлгүй мэдээллийг тэр сошиал ертөнцийн хүн бүр авч байна. Тэр мэдээллээр үнэн зөвийг дүгнэнэ гэдэг бол ерөнхийдөө байхгүй. Хийсэн зүйлтэй хийх бодолтой хүмүүс өөрийнхөө хийсэн ажлыг тайлагнаж байж тэр мэдээлэл дээр өөрийн үзэл бодлоо өөр эх сурвалжаас олж авсан мэдээллээ тэнцвэржүүлэн тухайн сэдэвт үнэлгээ өгөх бололцоог гаргаж өгч байгаагаараа зөвлөлдөх ардчиллын энэ хэлбэр маш зүйтэй юм байна гэж бодож байгаа.

-Өөрөөр хэлбэл зөвлөлдөх ардчиллын загвараар сонгогдсон болон томилогдсон албан тушаалтны ажлыг хэлэлцэх нь оновчтой шийдвэр байсан гэж та хэлэх гээд байна уу?

-Би өнөөдрийн байдлаар маш оновчтой байна гэж хэлнэ. Яагаад гэвэл сонгууль өнөөдөр болж байна. Сонгуулиар амлалтууд өгөөд хийх зүйлээ ирээдүй цаг дээр ярьж сонгогддог. Тэр сонгогдсон хүн заримдаа буруу байдаг. Гэтэл найман жил ажлаа хийсэн хүн тайлангаа тавихаар хийсэн зүйлээ ярьж байгаа учраас мөр үлдэж байна шүү дээ. Тэр мөрөн дээр нь мэдээлэл авч өөрийн үзэл бодлоо нэмэн үнэлгээ өгнө гэдэг нь хамгийн бодитой байх магадлалтай гэж үзэж байгаа.

-Учир дутагдалтай тал байсан уу?

-Учир дутагдалтай тал нь гар утас барьж байгаа хүн бүр сэтгүүлчийн үүргийг гүйцэтгэж болохоор үзэл бодлоо илэрхийлж байгаа. Гэтэл тэр хүмүүс олон эх сурвалжаас тэнцвэртэй мэдээллийг авч чадахгүй учраас зарим нэг нөлөөтэй гэж хэлж болох хүмүүсийн мэдээлэлд автагдах магадлал байгаа. Тэр утгаараа тайлангаа тавиад цөөн хүрээний хүмүүс цуглаад үнэлгээ дүгнэлт өгөхөөр үнэлгээ нь өндөр гараад байгаа. Тийм болохоор нөгөө талд хардалт байгаад байгаа. Энэ байгууллагатай тохироод цөөн хэдэн хүмүүс цуглуулаад тэндээ тайлан тавиад тэнд сууж байгаа хүмүүс нааштай үнэлгээ өгөлгүй яах вэ гэс эн нийгмийн хандлага байгаа. Үүнийг цаг хугацааны хувьд мэдэрч ойлгох байх гэсэн бодолтой байсан. Сөрөг тал нь энэ байсан. Өнөөдөр энэ бүхнийг харахад мэдээлэл авсан иргэд маань хамт олон гэр бүлдээ зөв ойлголт өгч ярьдаг гээд үр дүн нь харагдаж байна.

-Та бол олон нийтийн харилцааны чиглэлээр мэргэшсэн хүн. Энэ чиглэлээр мэргэшсэн хүний хувьд аяны хугацаанд иргэдийн зүгээс ирүүлсэн хандлагад ямар дүгнэлт хийж байгаа вэ?

-Үндсэндээ 2000 оноос хойш олон нийтийн чиглэлээр мэргэшиж ажиллалаа. Бүх сонгуульд үндсэндээ ажилласан байдаг. Эргээд харахад өнөөдрийн сошиал ертөнцийн давлагаа шинэ нөхцөл байдал үүсгээд байна. Тухайн үед цөөн хэдэн телевизээс мэдээлэл аваад түүнийгээ эх сурвалжаа гэж үздэг байсан. Эсвэл нийгмийн нөлөөтэй хүмүүсээс нөлөөлөл авч түүгээрээ сонголт хийн өөрийнхөө дүгнэлтийг баталгаажуулдаг байсан бол өнөөдөр иргэн бүр сошиалд орж ирээд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа нөхцөлд энэ дотроос зөвийг нь олно гэдэг маш хэцүү нөхцөл байдал үүссэн. Гэхдээ тэглээ гээд үүнийг зөнд нь хаяж болохгүй заавал үнэн мэдээллийг нэг талд нь тавьж байж түүнийг нь тууштай цаг хугацааны хүрээнд танилцуулж байж үр дүнд нь гарна гэж хараад байна.

-Мэдээллийн замбараагүй урсгалаас зөв мэдээллийг системтэй өгнө гэж хэлэх гээд байна уу?

-Ер нь бол зогсож болохгүй юм байна. Зөв үнэн мэдээллийг байнга өгч байх хэрэгтэй юм байна. Системтэй өгч байх ёстой юм байна. Ялангуяа түүврийн аргаар сонгосон хүмүүс нийгмийн янз бүрийн давхаргын төлөөллүүд байгаа. Тэр төлөөлөл болсон хүмүүс өөрөө өөрсдийн дүгнэлтээ хийнэ. Өөрөө өөрийнхөө нийгмийн тусгалаар гаргаж ирсэн үнэлгээ хамгийн бодитой байх юм байна. Нөгөө талдаа бид шууд ардчилал гэж ярьж байгаа ч нэг удаа суртал ухуулга маягтай явуулсан мэдээлэл нөгөө талд иргэдэд үнэн зөв очиж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Нэг урсгалыг нь бид энэ хүн сайн хүн, зөв боллоо гэж бодсон ч нөгөө талдаа маргааш нь буруу болсон байна гээд савлуураар нөгөө талдаа сөрөг сурталчилгаанд автах магадлалтай. Үнэн зөв мэдээллийг эх сурвалжаас системтэйгээр авсан хүн тэр мэдээлэлдээ үнэнч байж чаддаг. Тэр талаасаа зөвлөлдөх ардчилал бол заавал нэг хэлбэр нь байх ёстой юм байна гэж харж байна.

-Одоо байгаа хуулийн зохицуулалтаар Ерөнхийлөгч тухайн жилдээ хийсэн ажлынхаа тайланг УИХ-д л цаасаар хүргүүлдэг байсан. Тэгэхээр хязгаарлагдмал хүрээнд тэр ажлын тайлан танилцуулагдаад олон нийтэд гарахгүй орхигдоод байсан?

-Хуулиараа Ерөнхийлөгч УИХ-д ажлаа тайлагнах үүрэгтэй. Тэрийгээ Ерөнхийлөгч хууль дүрмийнхээ дагуу жил бүр тайлагнаж цаасан хэлбэрээр болон өөрөө орж, хаалттай, нээлттэй хэлбэрээр хийж байсан. Өмнөх Ерөнхийлөгч нартай харьцуулж хэлэхэд хамгийн олон удаа УИХ-д орж хууль дүрмийнхээ дагуу ажлын тайлангаа хүргүүлж тайлагнаж байсан. Мөн мэдээлэл сонсгол хаалттай болон нээлттэй хэлбэрээр хийж байсан. Тухайн цаг үеийн болон улс эх орны эрх ашигтай холбоотой асуудлаар хийж байсан Ерөнхийлөгчийг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч гэж бодож байна. Статик тоо баримт ч гэсэн тийм байгаа.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 254 , 8, 19 , 12

АРДЫН ҮГ: Ерөнхийлөгчийн батлан хамгаалах, энхийг сахиулах чиглэлээр хийсэн ажлуудыг танилцуулж байна
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. iigliiheniig elbegdorj dailj tsailaad 100 dollar ugluud enhboldiig buh talaar n demjij ajilhiig ytaglaa

    0 0 Хариу бичих