Л.Цог: Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах гэж байгааг торго шиг имэрч үзэх хэрэгтэй

С.Шийлэгтөмөр


УИХ-ын дэд дарга асан Л.Цогтой ярилцлаа.

-Олон нийтийн анхаарлыг татаж буй нэг чухал асуудал бол Үндсэн хуулийн өөрчлөлт. Энэ УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар идэвх зүтгэлтэй ажиллаж байна. Өмнөх парламентын үед таны ахалсан ажлын хэсэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаж байсан. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа юу?

-Өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд ажлын хэсэг ахалж ажиллаад гаргасан дүгнэлт бол “Эхний удаад дордуулсан долоон өөрчлөлтийг өөрчлөх замаар нэмэлт оруулж болно” гэсэн дүгнэлт байсан. Бид олон жил энэ өөрчлөлтийг хууль бус гэж ярьж ирсэн боловч өөрчлөх алхам хийгээгүй. Тиймээс эхлээд үүнийг хүчингүй болгох ёстой гэж дүгнэж байлаа. Үүнээс гадна УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгчийн насны хязгаарыг өөрчлөх санал байсан. Энэ удаагийн УИХ Үндсэн хуулийг өөрчлөлтийг зохиомол байдлаар хэлэлцүүлж хийх гэж байснаа харин больчих шиг боллоо. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээрээ хэлэлцүүлэх ёстой. Түүнээс биш шууд хэдэн хүн цуглуулаад асууж болохгүй л дээ. Тиймээс хавар зохион байгуулсэн зөвлөлдөх хэлэлцүүлгийг би дэмжээгүй. Харин ашгүй Ерөнхийлөгчийн сонгуультай хамт ард нийтийн санал асуулга явуулах байр сууриа өөрчилж төслөө ард түмнээрээ хэлэлцүүлэхээр боллоо. Гэхдээ өмнөх парламентын үед манай ажлын хэсгээс гаргаж байсан санал хэлэлцэгдэхгүй юм шиг байна. Дордуулсан долоон өөрчлөлт үнэндээ Үндсэн хуулийн эргэлт хийсэн үйлдэл болсон юм. Манайхан үүнийг авах ч юм бий, хаях ч юм бий гэж өмөөрдөг. Ингэж болохгүй. 1992 оны Үндсэн хуулийн логикийг эвдсэн, ардчилсан шинжийг алдагдуулсан, намыг төрийн дээр гаргасан өөрчлөлт болсон гэж боддог. Ерөнхийлөгчийн эрх мэдэлд халдаж хязгаарласан. Үндсэн хууль тогтоогчдын холбоо гэж бий. Тухайн үед Үндсэн хууль баталсан хүмүүсээс амьд сэрүүн байгаа 200 гаруй хүн энэ холбоонд харъяалагддаг. Энэ хүмүүс Үндсэн хуулийнхаа мөн чанар, үг үсгийг өөрийнхөө төрсөн хүүхэд шигээ хамгаалж тэмцэх ёстой. Гэвч ингэж чадахгүй байгаад харамсч байгаа.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар олон жил ярьж байгаа ч энэ удаагийн парламент шиг тодорхой алхам хийж байгаагүй. Энэ нь өмнөх УИХ-уудад Үндсэн хууль батлалцсан хүн олон байсантай холбоотой гэдэг. Харин одоогийн УИХ-д Үндсэн хууль батлалцаж явсан хоёрхон гишүүн бий. Тэгэхээр энэ ойлголт үнэн гэсэн үг үү?

-Үнэн байхыг үгүйсгэхгүй. Өмнөх парламентад Үндсэн хууль батлалцсан долоон гишүүн байсан. Гэхдээ энэ хүмүүс юуг хамгаалж байна вэ гэдгээ торго шиг имэрч үзэх хэрэгтэй. Нэмэлт оруулах гэж байгаа төслийн үр дагавар нь юу вэ гэдгийг сайн бодож судлах шаардлагатай. Үндсэн хуулийн яг ямар заалт нь гай болж байна вэ гэхээр тодорхой заалт хэлэх хүн олддоггүй. Одоо Ерөнхийлөгчийн эрх мэдэл тодорхой биш байна гэж худлаа ярьж байна. Ерөнхийлөгчийн эрх мэдэл тодорхой байгаа. Тодорхой биш гэдгийнхээ цаана өөр зүйлийг гулгуулж хийх гээд байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, эрх мэдлийн төвлөрлийг гүйцэтгэх засаглал руу өгөх гээд байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүн буюу Ерөнхий сайд нь ихэнх тохиолдолд намын дарга байдаг. Тэгэхээр тухайн намын эрх нэмэгдэж Засгийн газраа ямар ч хяналтгүй, бүр төлөөллийн байгууллага болох УИХ-ын ч хяналтгүйгээр удирдах төсөл боловсруулчихаад байна. Ийм байж болохгүй. Бид өөрсдийгөө мэдэхгүй их том зүйл ярьж, зүйрлэдэг. Тухайлбал, АНУ Ерөнхийлөгчийн засаглалтай хэрнээ бүх шийдвэр нь конгрессоороо орж байж эцэслэн батлагддаг шүү дээ. Энэ юу вэ гэхээр, төлөөллийн байгууллагаар шүүлгэж ард түмний хяналтыг хэрэгжүүлж байна гэсэн үг. 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлахдаа УИХ хууль батална, баталсан хуулийг нь Засгийн газар хэрэгжүүлнэ, Ерөнхийлөгч хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван засаглалын дунд хяналтын маягтай ажиллана гэж үзэл баримтлалыг нь тодорхойлсон юм. Гэвч энэ уяас холбоос нь алга болоод байна. Хамгийн гол нь Үндсэн хууль муудаа биш, түүнийг дордуулсанд хамаг учир байгаа юм. Дээрээс нь Үндсэн хуулиа мөрдөхгүй, тойрч байна. Мөн хувь хүмүүсийн ёс зүй их муудаж байна. Бүтэхгүй нөхдүүдийг албан тушаалд тавьж эрх мэдэл атгуулчих юм.

-Хууль хэрэгжүүлэхгүй байгаа нь хуулийн цоорхойтой холбоотой юу, эсвэл хүмүүсийн ёс зүйтэй холбоотой юу?

-Хууль хэрэгжүүлэхгүй байхад хамгийн их нөлөөлж байгаа хүчин зүйл нь хувь хүмүүсийн ёс зүй. Үндсэн хууль, бусад хуульд бичсэн үгийн дагуу ажил үүргээ гүйцэтгэх ёстой. Ингэхгүйгээр ямар ч сайн хууль гаргаад нэмэргүй. “Хууль дээдлэх ёс бол төр барих урлаг мөн” гэж Б.Чимэд гуайн хэлсэн үг байдаг юм.

-Дордуулсан долоон өөрчлөлт гэж нэрлэгддэг өөрчлөлтийг МАН буюу тухай үеийн МАХН УИХ-д 72 суудалтай байхдаа баталгаажуулсан. Одоо бас хэт олонхи буюу 65 суудалтай МАН Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байна. Олон нийтээр хэлэлцүүлж, ард нийтийн санал асуулга явуулж өөрчлөлт оруулна гэж байгаа ч нэг нам дангаараа хэт олонхи байгаа үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь хэр зохимжтой вэ?

-Ганцхан МАН ч биш л дээ. Өмнөх парламентынх нь үед тухайн үеийн улстөрийн лидерүүд хоорондоо үгсэн хуйвалдаж байгаад л хийсэн юм. Түүнийг нь МАН баталгаажуулсан. Ихэнх нь хуралдаа суудаггүй байсан учраас ирцийн квотыг багасгасан. Өнөөдөр дөрвөн хүн Байнгын хорооны дүгнэлт гаргах, 20 хүн хууль батлах боломжтой байгаа. Ийм байж болохгүй. Үндсэн хуульд аль нам өөрчлөлт оруулах нь чухал биш. Ямар өөрчлөлт оруулах гэж байгаа, түүний үр дагавар зэрэг нь чухал. Хамгийн гол нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гээд хоёр том эрх мэдлийг хольчихсон. Үүнийг цэгцлэхээс эхлээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой. 

-Гэтэл одоо боловсруулчихаад байгаа төсөл дээр нь Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болно гэсэн заалт орсон байна лээ?

-Цөөхөн хүн амтай улсын цөөхөн суудалтай парламентад огт хэрэггүй юм бол энэ. Нэг нь нөгөөгөө хянах ёстой суудал дээр нэг хүн сууж болохгүй шүү дээ. Засгийн газарт хариуцлага тооцоод огцрууллаа гэхэд УИХ-ын гишүүнээрээ үлдэнэ гэсэн үг. Тиймээс хоёр албан тушаал зэрэг хашиж байгаа хүн хариуцлагаас айхгүй, нэгийг нь алдсан ч нөгөө суудалд нь үлдэнэ гэсэн сэтгэхүйтэй л ажиллана шүү дээ.    

-Одоо хоёулаа ярианыхаа сэдвийг өөрчилье. Та Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг дэмжиж байгаа. Ямар учраас түүнийг дэмжихээр болов?

-МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг дэмжиж байгаа. Хоёрдугаарт, хүнийг нь сайн мэдэх учраас энэ хүнийг өрсөлдөгчдөөсөө илүү гэж бодож иргэний хөдөлгөөнүүдийн эвслийг зохион байгуулан дэмжиж байна. Г.Арслан тэргүүтэй “Шударга иргэдийн фронт”, Ш.Нанжид тэргүүтэй “Үндэсний хас”, Баярхүү тэргүүтэй “Тусгаар тогтнол, Эрс шинэчлэл”, “Жудагт Монгол” хөдөлгөөний төлөөллийг оролцуулсан эвсэл байгуулж “Эвтэй Монголын төлөө” гэдэг нэр өгсөн. Энэ нь МАН-аас нэр дэвшиж байгаа М.Энхболд даргын мөрийн хөтөлбөрийнх нь монголчууд эвтэй байх ёстой гэсэн агуулгатай нийцэж байгаа. Мөн өнгөрсөн 27 жилийн хугацаанд нийгэм үндсэндээ задарсныг хүлээн зөвшөөрч эвсэл байгуулсан юм. 2016 оны УИХ-ын сонгуулиар ард түмэн дүнгээ тавьсан. Тиймээс олонхи болсон улс төрийн хүчнээс нэр дэвшиж байгаа хүнийг дэмжиж амьсгаа нэгтэйгээр том бодлого хэрэгжүүлэх боломж олгох хэрэгтэй. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нэг зүгт харж нэгдсэн бодлогоор улс орноо хөгжүүлэх ёстой. Энэ үүднээсээ МАН-аас нэр дэвшигчийг дэмжиж байгаа. Өнгөрсөн бүрэн эрхийн хугацаанд би М.Энхболд даргатай УИХ-ын дэд даргын төвшинд хамтарч ажилласан. Тэр хугацаанд түүнийг улстөрчийн хувьд, хувь хүний хувьд хэн бэ гэдгийг нь мэддэг болсон учраас дэмжихээр шийдсэн юм.

-Таны байгуулсан эвсэл дотор МАХН-ын гишүүд бий. Тэд яагаад намаасаа нэр дэвшигчийг бус  өөр намын нэр дэвшигчийг дэмжихээр болов. Тухайлбал, “Жудагт Монгол” хөдөлгөөнд хуульч С.Нарангэрэл тэргүүтэй МАХН-ын гишүүд байдаг шүү дээ?  

-“Жудагт Монгол” хөдөлгөөнд Монголын нэртэй сэхээтнүүд бий. Мөн Үндсэн хууль батлалцаж байсан олон хүн байгаа. Гэхдээ бид төлөөлөл болж явж байгаа. Ерөнхийлөгчийн сонгууль гэдэг аль нэг намыг сонгож байгаа асуудал огт биш. Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн намын гишүүнчлэлээсээ түдгэлздэг. Аль нэг улс төрийн хүчин, Монголын ард түмнийг ялгахгүйгээр төлөөлөх албан тушаал эв нэгдлийн баталгаа байна гэсэн агуулгыг Үндсэн хуульд суулгаж өгсөн юм. Энэ утгаараа өөр намын нэр дэвшигчийг дэмжихэд харшлах зүйл байхгүй. Харин гурван нэр дэвшигчийн явсан зам мөрийг нь харах хэрэгтэй. Бид өнгөрсөн 27 жилийн хугацаанд Ерөнхийлөгч, УИХ, орон нутаг гээд олон сонгуулийн ард гарлаа. Сүүлдээ сонгууль гэдэг бие биеийнхээ улыг шагайсан байдал руу орж эхэллээ. Үүгээрээ бид улс төрийн ямар ч соёлгүй гэдгээ харуулж байна. Энэ удаагийн сонгууль ч ийм өнгө аястай үргэлжилж байна. Ийм болж болохгүй. Үүнийг бүгд анхаарах ёстой. За яахав сонгуулийн сурталчилгааны хугацаанд элдэв муу мухай, булхайгаа ингээд ярьдаг юм байж. Гэтэл гадна талаас биднийг ажиглаж байгаа шүү дээ. “Хэн нь ч гарсан ёстой бүтэхгүй нь дээ” гэдэг ойлголтыг бид олон улсад өгч байна. Ингэж харагдталаа улайрч болохгүй. Үнэхээр хууль зөрчсөн, хүний ёсноос гажууд зүйл хийсэн бол ярилгүй л яахав.

-Энэ байдал хэзээний сонгуулиас хойш эхэлчихэв ээ?

-Ер нь манай нийгэмд нэгнээ муулж байж өөрөө дээшээ гардаг эвгүй жишиг тогтчихоод байна. Энэ байдлыг халах ёстой. Хэдий үед бий болсныг нь сайн хэлж мэдэхгүй байна. 2000 оноос л улбаатай болов уу. Одоо нэгнээ муулах, харлуулах арга нь улам л нарийсаад заваараад, арга, утга нь гүнзгийрээд байх юм.

-Уг нь цэвэр бодлого, хийж бүтээсэн зүйлээрээ өрсөлдөх ёстой биз дээ?

-Тэгэлгүй яахав. М.Энхболд даргын нэг онцолсон нь энэ шүү дээ. Гурван нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг харьцуулаад үзэхэд л хэнийх нь бодого илүү жин дарж байгаа нь харагдана.

-Олон нийт таныг М.Энхболд нэр дэвшигчийг дэмжсэнд гайхсан байх. Яагаад гэвэл, та гурван нэр дэвшигчээс өнгөрсөн хугацаанд С.Ганбаатартай илүү ойр дотно, үзэл бодол нийлдэг байсан шүү дээ. Гэтэл түүнийг дэмжээгүй нь нэр дэвшсэн намтай нь холбоотой юу?

-Оюутолгойн гэрээ яригдаж эхлэх үе буюу “Эрс шинэчлэл” хөдөлгөөн байгуулагдах үеэс С.Ганбаатарыг мэднэ. Мөн түүнийг дэвшүүлсэн намын лидерүүдийн байр суурийг дэндүү сайн мэднэ л дээ. С.Ганбаатар Оюутолгойг өөрийнхөө тэмцлийн гол хэсэг болгон ярьж байгаа. Заримдаа хэтрэхээрээ зөвхөн ганцаараа л тэмцээд байсан юм шиг ярьдаг. Энэ бол түүний сул тал. Яагаад гэвэл, хамгийн анх Оюутолгойн гэрээ яригдаж эхлэхэд тэмцэж байсан хүн олон бий. Тухайлбал, би зохион байгуулж байсан хүний нэг нь л дээ. Тэнд Монголын эх оронч эрдэмтэд байсан юм. Ч.Хурц гуай, доктор Ж.Бямбаа, А.Дамдинсүрэн, талийгаач С.Авирмэд доктор зэрэг Оюутолгойн ордыг бүрэн мэддэг хүмүүсийн үгээр бид явж байлаа. Гэтэл С.Ганбаатар ганцаараа л чөмгөө дундартал зүтгэсэн юм шиг яривал өрөөсгөл ойлголт болно. Залуу хүнд ирээдүй их байгаа ш дээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Үндсэн хуулинд тийм амархан өөрчлөлт оруулдаг юм биш. Монгол улсын гол үзэл баримтлал, амин сүнс учраас болгоомжтой хандах хэрэгтэй. МАНгаруудыг сайн харж байхгүй бол хогийн новшнууд, ханаж цаддаггүй бэрднүүд өөр хэлэх муу үг үнэндээ алга Монголчуудаа сэрцгээ

    0 0 Хариу бичих
  2. Энэ эргүү дагз одоо болиосой. Ичих булчирхай байдаггүй урваж шарвасан шаар. Энхбаярын хүчинд УИХ-д сууж үзсэн чинь ганц гялтайх юм чинь болох байх. Ло овогт Хог оо.

    0 0 Хариу бичих
  3. Bugs doloogch

    0 0 Хариу бичих
  4. ene ats l heregtei bolj gene

    0 0 Хариу бичих