Ид хав, эр зоригийг сэргээсэн их хар сүлдний тайлга

-Бүх цэргийн их хар сүлдийг цэнгүүлэв-

Бүх цэргийн их хар сүлдийг цэнгүүлэх тайлга өнөөдөр боллоо. Их хар сүлдний тайлга нь төр, цэргийн ид хав, эрдэм чадал, эр зоригийг бадрааж, сүлд хийморийг сэргээх зорилготой эртний монгол цэргийн уламжлалт зан үйл, ёслол хүндэтгэлийн ажиллагаа юм. Түүнчлэн дайчин уламжлал, баатарлаг үйлсийн баялаг түүхтэй монгол цэрэг, зэвсэгт хүчнээрээ бахархах, үйл хэрэг, үнэт зүйлсийг нь үеийн үед хүндэтгэн дээдэлж, туурга тусгаар Монгол эх орноо хайрлан хамгаалах эх оронч үндэсний үзлийг иргэдэд төлөвшүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээ хэмээн Монгол Улсын бүх цэргийн хар сүлдний дүрэмд заасан байдаг ажээ. Бүх цэргийн их хар сүлдний тайлга нь цэнгүүлэх тайлга, цагаалах тайлга гэж хоёр янз байдаг аж. Цагаалах тайлгыг жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн гурванд үйлддэг бол цэнгүүлэх тайлгыг жил бүр Үндэсний их баяр наадмын өмнө үйлддэг журамтай. Энэ дагуу өнөөдөр буюу XVII жарны гал тахиа жилийн зуны тэргүүн сарын 21-ний бэлэг дэмбэрэлт сайн өдөр Бүх цэргийн их хар сүлдээ цэнгүүллээ. Сүлд цэнгүүлэх ёслол Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Агуйт уулын оройд болсон юм.

Уулын оройд их овооны хойт талын тэгш довцог дээр Бүх цэргийн их хар сүлдийг цэнгүүлэх талбайг засч баруун, зүүн, өмнөд этгээдээр нь зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний төлөөлөл болсон офицер, ахлагч нар болон цэргийн албан хаагчид сүр жавхлантайгаар эгнэн жагссан байлаа. Мөн төрийн хонжин болон сүлдэч нар байраа эзэлжээ. Талбайн голд тайлгын шүүс, идээ будааг хүндэтгэлийн ширээнээ залж, сангийн бойпорт арц хүж уугиулжээ. Бойпорын дэргэд гуулин цөгцтэй зулыг бадраахад бэлэн тавьжээ. Морин цаг болмогц Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний командлагч Ц.Элбэгдорж залран ирснээр Бүх цэргийн их хар сүлдийг цэнгүүлэх тайлга эхэллээ. Хүндэт харуулууд Их хар сүлдийг өрнө, дорно, умард, өмнийн дөрвөн элч сүлдийн хамтаар ёслолын талбай дахь тусгай зассан сууринд байрлуулсны дараа тайлгын ёслолыг удирдагч хонжин “Бүх цэргийн их хар сүлдийн дор номхон” хэмээн сүрлэг дуугаар командлан,  хөгжимд хүндэтгэлийн аялгуу эгшиглүүлэв. Үүний дараагаар хонжин Бүх цэргийн их хар сүлдний зарлигийг уншин сонордуул хэмээхүйд сүлдэч Бүх цэргийн их хар сүлдний тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны тавдугаар сарын 29-ний 126 тоот зарлигийг уншиж сонордууллаа.    

Зарлигийг сонордуулсны дараа их хар сүлдэнд зул өргөж, бүрээ татан, хэнгэрэг дэлдэв. Ингээд сүлдэч Бүх цэргийн их хар сүлдний өчил сангийн судрыг дуудаж, тайлгад оролцогчид малгайгаа авч баруун өвдөг дээрээ сөхөрч суун их хар сүлдэндээ хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр иж бүрэн хуяг, дуулга агссан баатар эр эвэр нумаа эвшээлгэн гурвантаа сум тавьж ёслол үйлдсэн нь сүлд цэнгүүлэх ёслолын оргил нь байлаа. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа нар Бүх цэргийн их хар сүлдэндээ сацал өргөн хүндэтгэл үзүүлсэн юм. Түүнчлэн монгол цэргийн тангаргийг Бүх цэргийн хар сүлдэндээ уншиж сонордуулдаг уламжлалтай ажээ. Энэ дагуу монгол цэргийн тангаргийг тайлгад хуран цугларсан зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний төлөөлөл болсон албан хаагчид нэгэн дуугаар уншсаны дараа Монгол Улсын төрийн дуулал яруу тунгалаг эгшиглэж хуран цугларсан олны бахархал, омогшлыг бадраалаа. Тайлгад оролцогсод Бүх цэргийн их хар сүлдэндээ мөргөн хүндэтгэл үзүүлсний дараа их хар сүлдийг буцаан залснаар тайлгын ёслол өндөрлөсөн юм.  

Бүх цэргийн их хар сүлдний түүхийг дурдваас Эзэн Чингис хааны цэргийн сүлд хийморийн бэлгэдэл болсон дөрвөн хөхөлт Их хар сүлд нь олон зууны туршид монгол цэргийн дайчин сүрийг илтгэж, эрсийн сүлд хийморь, зориг тэвчээрийн илэрхийлэл болсоор иржээ. Энэхүү Их хар сүлдийг цэнгүүлэх ёслолыг 1992 онд хуульчлан сэргээж, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын зарлигаар 1995 оны зургадугаар сарын 13-нд Хан Хэнтий уулын тахилгатай хамтатган гүйцэтгэснээс хойш ийнхүү жил бүр тахих болсон түүхтэй. Бүх цэргийн их хар сүлд нь Монгол Улсын тусгаар тогтнол, төр, цэргийн сүр хүчний бэлгэдэл, туурга тусгаар монгол түмэнд мөнх тэнгэрээс илгээсэн монгол цэргийн үеийн үед сүсэглэн бишрэх оройн дээд шүтээн мөн хэмээн сүлдний дүрэмд тунхаглан заажээ.

Сүлдийн шилбийг эртний тахилгат Хэнтий хан уулын хус модоор хийсэн бол суурийн чулууг нь Монгол Улсын газар нутгийн төв, Их Монгол Улсын нийслэл Хар хорум орчмын боржин чулуугаар хийж, бат бэхийг бэлгэдэн хээ товойлгон урласан ажээ. Харин сүлдний нөмрөгийг битүү төрсөн хар зүсмийн унаганы туламлан өвчиж элдсэн арьсаар хийсэн нь монгол цэргийн хишиг буян арвижихын бэлгэдэл юм байна. Их хар сүлдээ элч сүлднүүдийн хамт Агуйт уулын оройгоос хүндэтгэлтэйгээр буцаан залснаар Монгол Улсын тусгаар тогтнол, төр, цэргийн сүр хүчний бэлгэдэл болсон Бүх цэргийн их хар сүлдийг цэнгүүлэх тайлга өндөрлөлөө.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Улс орноо,ард түмнийхээ амьдрал ахуйг өөд нь татах хийх юм байхгүй уул овоо,туг сүлд тахиж явсаар огцорвоо хөөрхй энэ тарвагадорж

    0 0 Хариу бичих
  2. Ene yun chas ulaan manuuhai ve??? Communist yum uu? Alialagch yum uu? Yamartai ch style gegch hem hemjeenii uner baihgui bsaar bgaad buuh n ee;))...

    0 0 Хариу бичих
  3. Ерөнхийлөгч минь 60 тэрбумын Сандуй нарыг битгий хамгаалаарай.

    0 0 Хариу бичих
  4. Ene bie hamgaalagch ni ayataihan huvtsasalj boloogvin baihdaa baahan duremt huvtsastai hvmvvsiin dund shal teneg ongiin pudbolk omschihson

    0 0 Хариу бичих