О.Чулуунбилэг: Сонгогдсон албан тушаалтнууд иргэдэд мэдээлэл өгдөг байх хэрэгтэй

Б.Мичид


Монголын медиа корпорацаас зохион байгуулж буй “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аян Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр бүрэн эрхийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар мэдээллийг өгч байгаа. Энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэгтэй ярилцлаа.

-“Ардын үг” аяны хүрээнд олон нийтийн зүгээс ямар хандлага Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиглагдав. Иргэдээс ирж байгаа энэхүү хандлагыг хэрхэн хүлээн авч ямар дүгнэлт хийж байна?

-“Ардын үг” аян эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл иргэдээс хоёр төрлийн хандлага маш хүчтэй мэдрэгдэж байгаа . Нэгдүгээрт манай сонгогдсон албан тушаалтан улс төрийн хүрээнийхэн иргэддээ хийсэн болон хийх гэж байгаа ажлынхаа тайланг дутуу өгдөг юм байна. Магадгүй заримдаа бид ч гэсэн дутуу өгч байсан юм байна. “Ардын үг” аяны хүрээнд “Ийм ажлууд хийлээ, одоо ийм ажил хийх төлөвлөгөөтэй байна” гээд тодорхой салбаруудаар мэдээлэл өгөөд эхлэхээр иргэдийн хувьд үүнийг хийж байсан бол бид ингэж дэмжиж оролцож болж байна. Энэ хийж байгаа ажилдаа үүнийг заавал нэмж оруулаач гэхчлэн тодорхой саналууд хэлж эхэлдэг юм байна. Өмнө нь иргэд мэдээлэл дутуу байсан учраас та нар юу ч хийсэнгүй ийм зүйл хиймээр байна гэж аль хэдийнээ хийгдсэн ажлуудыг ярьдаг байсан бол одоо тодорхой ажлууд хийснээ санал болгохоор түүнийг дэмжиж хүлээж авч өөрсдийнхөө санаа бодол, оролцоогоо илэрхийлдэг шинэ хандлага  ажиглагдаж байна.

Хоёрдугаарт хэвлэл мэдээллүүдээр авч байгаа мэдээлэл ихэвчлэн улс төрийн хүрээнийхэн өөрсдийнхөө хийж байгаа ажлыг байнга шүүмжилж явсаар байгаад иргэд бодитойгоор ямар ажил хийгдсэн юм бэ болон одоо юу хийх гэж байгаа тухай мэдээлэл байдаггүй байсан байна. Иргэдээ мэдээлэлжүүлээд дараа нь тэдний саналыг авсан зүйл гэхээр иргэдээрээ илүү дэмжигддэг юм байна. Одоо манайд ирж байгаа иргэдийн санал санаачилга дандаа тодорхой зүйлс байгаа. Өмнө нь та нар үүнийг шийдэх ёстой, та нар юу ч хийхгүй байна , та нар л хийх ёстой гэсэн бүдэг мэдээллүүд байдаг байсан бол одоо оролцоонууд илүү нэмэгдсэн нь илт мэдэгдэж байна.

-Өмнө нь Ерөнхийлөгч ажлын тайлангаа хэрхэн тавьдаг байсан юм бэ?

-Хуулиараа бол УИХ-д хүргүүлдэг ёстой. Бид Ерөнхийлөгчийн ажлын тайланг жил бүр УИХ-д хүргэдэг байсан. Хуулиараа үүнийг бичгээр хүргэдэг. Бичгээр хүргэхээр нэг дутагдал байдаг нь УИХ-ынхан түүнийг нь уншдаггүй юм билээ. Сүүлд Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ руу ороод өөрийн биеэр индэр дээр гараад илтгэл тавьсны дараа үнэхээр их зүйл хийсэн юм байна гэсэн. Та бүхэн санаж байгаа байх.  Зарим УИХ-ын гишүүн одоо хүртэл телевизээр Ерөнхийлөгч ажлын тайлангаа УИХ-д тавиагүй гээд л ярьж байна. Тэр нь сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгч тайлангаа УИХ-д явуулж байсан түүнийг одоо хүртэл уншаагүй байгаа байхгүй юу. Тиймээс хэлбэрийн хувьд ч өөр хэлбэр рүү орохгүй бол УИХ-ын гишүүд гээд мэдээлэл авах цаас уншаад суух нь дутагдалтай юм байна гэдэг нь харагдаж байгаа.

-Хуулийн зохицуулалт учир дутагдалтай байна гэсэн үг үү?

-Тийм. “Ардын үг” аян үүнийг нэлээд нөхөж байгаа. Ер нь бол зөвхөн Ерөнхийлөгчийн хүрээнд биш сонгогдсон албан тушаалтнууд иргэдэд зориулаад мэдээлэл өгөх хэлбэр нь сул байгаа нь харагдаж байгаа.  УИХ-ын гишүүд хууль сурталчлах гэсэн төсөвтэй байдаг. Тэд иргэдэд баталсан хуулийн төслөө танилцуулаад дээрээс нь санал бодлыг нь сонсоод ирэх ёстой юм. Гэтэл харамсалтай нь манайд амьдрал дээр яадаг вэ гэхээр тэрхүү төсвийнхөө тал хэсгийг хэвлэлийнхэнд зориулж өгөөд хэвлэлийнхэн очоод өөрийг нь  магтаад өрсөлдөгч намыг баахан шүүмжилж байгаад хүрээд ирдэг. Гэтэл зориулалт нь яг энэ л “Ардын үг” аян шиг иргэдээ мэдээлэлжүүлээд тэндээсээ мэдээлэл авах зорилготой юм байна. Амьдрал дээр энэ нь арай өөр хэлбэртэй яваад байгаа. “Ардын үг” аяны хүрээнд улс төржихөөсөө илүү тодорхой ажлууд ярьж байгаа учраас иргэдэд бодитоор хүрч байгаа учраас таалагдаж байна.

-Сэдэв тус бүр дээр өөр өөр үнэлгээнүүд гарсан.  Үүнд Ерөнхийлөгчийн Тамгын газар ямар дүгнэлт өгч байгаа вэ?

-Ингэж сонгогдсон албан тушаалтнууд иргэддээ зориулаад хийгдсэн ажлынхаа талаар анх удаа тавьж байна. Тийм болохоор иргэд тэр хийсэн ажлыг өөрийн биеэр ирж мэдээлэл аваад  үүнийхээ үр дүнд үнэлгээ өгч байгаа нь анхны удаагийнх болохоор иргэдийн сэтгэгдэл өндөр байгаа юм байна гэж бодож байгаа. Төрийн албан тушаалтнууд иргэдээ мэдээлэлжүүлэх үүргээ байнга тогтмол хүргэж байх ёстой юм байна гэдгийг эндээс харсан.

-Монголын медиа корпораци яагаад “Ардын үг” аяныг хэрэгжүүлсэн бэ гэхээр зөвлөлдөх ардчиллын загвар дээр суурилсан төсөл байгаад байгаа. Үүнийгээ нэгдүгээрт олон нийтэд танилцуулах юм. Хамгийн чухал зорилго бол сонгогдсон албан тушаалтанд хийсэн ажлынхаа тайланг олон нийтэд нээлттэй хэлэлцүүлдэг жишгийг тогтоохыг эрмэлзсэн. Энэ тогтоосон жишгийг цааш нь хадгалж өвлүүлэх тал дээр юу хийх ёстой гэж бодож байна?

-Сайн удирдагч соёл бий болгодог гэдэг. Үүн шиг нийгмийн хариуцлагатай хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрөө соёлыг бий болгож байна. Үүнийг би хувьдаа, танайхыг шинэ соёл бий болголоо гэж харж байгаа. Нэгэнт иргэдэд мэдээлэл өгөөд иргэд түүнийг хүлээж аваад үр дүнгээ өгнө гэдэг нь зөвхөн сонгуулийн үеэр “би мундаг ажил хийлээ, нөгөө өрсөлдөгч нам тэрийг хийсэнгүй”  гэж шүүмжилдэг хандлагаас огт өөр. Тиймээс өдөр тутам хийж байгаа ажлаа иргэдээ зайлшгүй тайлагнаж байх ёстой юм байна. Үүнд ямар оноо авах нь тийм ч чухал биш. Энэ соёлыг бий болгож байгаа нь л чухал. Үүнийг цаашдаа ч гэсэн ингэж байнга хийж дараа дараачийн сонгогдсон албан тушаалтнууд тогтмол хийж явах ёстой. Ингэсний үр дүнд иргэд мэдээлэлжиж байна.   Мөн зөвхөн улс төрчдийн хүрээнд эргэлдэж байгаа мэдээллээсээ биш анхан шатны эх сурвалжаас иргэд мэдээлэл аваад эхлэхээр үнэлэлт дүгнэлт өгөх боломж  бий болж байна. Ингэснээр нийгмийн хагарал бутрал үүсгэж байгаа янз бүрийн зүйлд турхирч байгаа тэр хандлага багасах шинж рүүгээ орох юм байна. Энэ бол маш том соёл. Үүнийг авч явах хэрэгтэй. Ингэснээр нийгэмд маш том үүрэг гүйцэтгэх, гэгээрэл бий болгох, улс төрийн боловсрол бий болгох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх бодит зүйлүүд бий болж байгаа гэж харж байгаа. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 255 , 8, 19 , 12

АРДЫН ҮГ: Ерөнхийлөгчийн батлан хамгаалах, энхийг сахиулах чиглэлээр хийсэн ажлуудыг танилцуулж байна
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)