Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос батлан хамгаалах салбарт юу үлдэх вэ

Eagle.mn


Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 1983 онд цэрэгт алба хааж байхдаа дараахь шүлгийг бичиж байжээ.

Би эх орны цэрэг Нандин эрднийн баялаг хангайгаа
Наран тунамал шаргал говио
Үүл сэмэлсэн өндөр Алтайгаа
Үйлс нь ариун ард түмнээ
Эх орон ахан дүүс минь гэж
Элэг зүрхэндэ багтааж чадсан
Хүү чинь хилийг тань мандаг болохоор 
Хэн ч эх орон таныг цочоох ёсгүй
Тойром бүрд, булаг, нуурууд нь
Толионд нь сүүдэр буухад эвгүйцдэг
Амгалан тайван миний эх орон
Аяа та надад итгэж болно
Хурганы арьсан өлгийд
Өлхөн багтаж бойжсон
Хуруун чинээ газарт тань
Өлмий тавин боссон хүү чинь
Эх орон танд аюул тулгарвал 
Энэ биеэрээ хаагаад зогсох
Алтан манжлагат тугийн чинь намираан дор
Алдраар тань овоглосон цэрэг болсон

Түрүүч Ц.Элбэгдорж энэхүү шүлгээ бичиж байхдаа хожим нь зэвсэгт хүчний ерөнхий командлагч болно гэж санаагүй л байх. Байлдагч байхдаа эх орныхоо тухай ийнхүү шүлэглэж байсан Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий компандлагч болсныхоо дараа үндэсний язгуур эрх ашиг, батлан хамгаалах бодлогын хүрээнд ямар санаачилга гарган хэрэгжүүлснийг Монголын медиа корпорациас зохион байгуулж буй “Ардын үг” аян онцолж байна. 

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэн батлуулав

Дэлхийн дэг журам, эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхойлогч их гүрнүүд хүчний тэнцвэрт томоохон өөрчлөлт гарч байгаа. Ингэснээр олон улсын хэмжээнд шинэ аюул гарсаар байна. Манай улс хоёр том гүрний дунд оршдог харьцангуй амгалан тайван хэдий ч дэлхий нийтийн энэхүү өөрчлөлт бидэнд хамаагүй гэх нь өрөөсгөл. Тийм ч учраас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэн боловруулан 2010 онд УИХ-аар батлуулсан. Уг баримт бичигт Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, хил хязгаарын халдашгүй байдал, соёл, эв нэгдэл, мэдээллийн салбарт аюулгүй байдлыг хангах, баримтлах бодлогыг нарийвчлан тусгасан байна. 

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа шинэчилснээр гадаад талаас тодорхой хэмжээний хамгаалалт бий болж, зарим бүдэг ойлголтуудыг арилгажээ. Манай улстай харилцаж байгаа улс орнууд аюулгүй байдал талаасаа ямар үзэл баримтлалтай улс вэ гэдгийг судалдаг. Улмаар энэ улстай ямар асуудлаар, ямар төвшинд харилцаж болох вэ гэдгээ тодорхойлдог. Энэ бүхний хариултыг бид Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаараа өгдөг. Ерөнхийлөгч шинээр батлуулсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэн батлуулснаас гадна төрийн бодлого, үйл ажиллагааг агуулгад нийцүүлэх зарлиг гаргасан юм.

“Оюутан цэрэг” гэх онцгой хөтөлбөр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан эхлүүлсэн ажлуудын нэг нь “Оюутан цэрэг” хөтөлбөр. Түүний санаачилгаар “Оюутан цэрэг” хөтөлбөрийг 2014 онд баталсан юм. Уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр 2014 онд 418 оюутан, 2015 онд 995 оюутан, 2016 онд 1000 оюутан хамрагджээ. Өнгөрсөн жилийн “Оюутан цэрэг” хөтөлбөрт хөдөө орон нутагт хэрэгжсэнээрээ онцлог байв. Орон нутагтаа их, дээд сургуультай аймгуудын удирдлагууд, нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу энэ хөтөлбөр Ховд, Дорнод аймагт хэрэгжсэн юм. Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын цэргийн насны оюутан залуус иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцлийг нэмэгдүүлэх, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийсэн чухал арга хэмжээ болсон төдийгүй Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлсэн билээ. Оюутан залуус цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болон төлөвшсөнөөр дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгааг албаныхан онцолж байна. Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөр Улаанбаатар хотоос гадна Дорнод, Ховд, Орхон аймагт хэрэгжихээр болоод байгаа билээ. 

Ирээдүйн генаралуудыг бэлтгэх “Тэмүжин өрлөг”

Ерөнхийлөгч ОХУ-ын Суворовын сургуультай адил төстэй сургууль байгуулах чиглэлийг Батлан хамгаалах яам болон Батлан хамгаалахын их сургуулийн удирдлагад өгсөн юм. Үүний дагуу Батлан хамгаалахын сайдын 2010 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн 79 тоот тушаал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2010 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 435 дугаар захирамж гарч “Тэмүжин өрлөг” бүрэн дунд сургууль байгуулагдав. Тус сургууль Монгол Улсынхаа хөгжил дэвшилд манлайлан оролцох оюуны өндөр чадавхитай, бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй, хүмүүнлэг иргэнийг төлөвшүүлэх эрхэм зорилготой. Үйл ажиллагааны хувьд нийгэм хүмүүнлэг, байгаль, техникийн ухааны хичээлүүдийн стандартыг хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийг сургуулийнхаа онцлогт тохируулан  чанартай боловсруулж, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэхийн зэрэгцээ цэргийн анхан шатны боловсрол олгодгоороо онцлог. Ийнхүү Монголдоо цорын ганц цэргийн сургалттай “Тэмүжин өрлөг” бүрэн дунд сургууль байгуулагдсанаар зэвсэгт хүчний залуу халаа бэлтгэгдэж, цэрэг эх оронч хүмүүжлээр хүмүүжиж байгаа юм. Тус дунд сургуулийн сонсогчдын 30 хувь нь цэргийн албан хаагчдын хүүхдүүд. Өөрөөр хэлбэл, удам залгасан зэвсэгт хүчний алба хаагчид юм. Жил бүр 50 хүүхэд элсүүлдэг энэхүү бүрэн дунд сургуульд суралцахын төлөө 300-400 хүүхэд өрсөлддөг байна.

Батлан хамгаалах салбарын хуулийг багцаар нь шинэчлэв

Эх орныхоо тусгаар тогтнолыг чанд сахин хамгаалахад мөрдөх, зохицуулах гол баримт бичиг бол батлан хамгаалах салбарын хуулиуд. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зэвсэгт хүчний ерөнхий командлагч гэдэг утгаараа батлан хамгаалах салбарын багц хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-аар батлуулсан юм. Ингэхдээ багагүй хугацаанд чамбай судалгааны үндсэн дээр боловсруулагджээ. УИХ ч нухацтай хэлэлцсэн байна. Өмнөх УИХ батлах зорилт тавьж байсан боловч амжаагүй учраас энэ удаагийн УИХ-ын ээлжит бус чуулганаараа баталсан. Судлагаа сайн хийж боловсруулан нухацтай хэлэлцсэн учраас шинээр батлагдсан багц хуульдаа батлан хамгаалах салбарынхан сэтгэл өндөр байгаа аж. Батлан хамгаалах салбарын багц хуулийн төслийг боловсруулахдаа гадаад, дотоод нөхцөл байдал, улсынхаа бодит боломж бололцоог бүх талаас нь судалж үзээд зэвсэгт хүчнийг нэгдмэл байх нь зүйтэй гэж үзжээ. Батлан хамгаалахын багц хуульд дараахь хуулиуд багтаж байгаа юм.
-Батлан хамгаалах тухай хууль
-Зэвсэгт хүчний тухай хууль
-Цэргийн албаны тухай хууль
-Цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хууль

Дэлхийд нэр хүндтэй монгол цэрэг

Монгол Улсын хувьд анх 2002 онд хоёр алба хаагчийг Конго улсад энхийг дэмжих ажиллагаанд илгээснээр НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож эхэлсэн түүхтэй. Түүнээс хойш 15 жил энхийг сахиулах үйл ажиллагаанд тасралтгүй оролцож байна. Монгол цэргүүд НҮБ-ын цэнхэр дуулгатнуудын эгнээнд багтан даян дэлхийд энх тайван тогтоох үйлсэд оройлон оролцож буй. Манай улс өнгөрсөн 15 жилийн хугацаанд давхардсан тоогоор нийт 14 мянга 148 алба хаагчийг хилийн чанадад илгээж, энхийг дэмжих ажиллагаанд оролцоод байна.

Бүр тодруулбал, манай улсаас 2002-2008 онд энхийг дэмжих ажиллагаанд нийт 2978 алба хаагч оролцсон байдаг. Харин сүүлийн найман жилийн хугацаанд энэ тоо дөрөв дахин нэмэгдэж 11178-д хүрчээ. Мөн 2012 оноос хойш нэг жилд дунджаар 1500 алба хаагч Монгол Улсаа төлөөлөн энхийг дэмжих ажиллагаанд оролцдог болсон юм. Ийнхүү энхийг дэмжих ажиллагаанд оролцох нь ямар ач холбогдолтой вэ. Энэ талаар ЗХЖШ-ын АУГ-ын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ж.Молорболд “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох нь улс төр, дипломатын аргаар тусгаар тогтнол, аюулгүй байдлаа бэхжүүлж байгаа юм” хэмээн товч тодорхой хэлсэн. Мөн түүний хэлснээр манай улсаас АНУ, Итали, БНХАУ, Герман зэрэг улсад цөөнгүй тооны хүн энхийг сахиулах ажиллагаа болон цэрэг армийн бусад чиглэлээр суралцдаг ажээ. Түүнээс гадна энхийг дэмжих ажиллагаанд оролцсон цэргийн алба хаагчдын нийгмийн асуудалд зориулан НҮБ-аас анх 1028 ам.доллар олгодог байжээ. Харин 2016 оны долдугаар сард 1335 ам.доллар болгож нэмсэн байна. Ирэх долдугаар сараас энэ мөнгө 1735 ам.доллар болох аж. Мөн энхийг дэмжих ажиллагаанд оролцсон алба хаагчдын энэхүү мөнгөний 60 хувийг өөрт нь, 40 хувийг Монгол Улсын зэвсэгт хүчинд хуваарилагддаг байжээ. Харин 2011 онд Засгийн газар шийдвэр гарч 70 хувийг алба хаагчид, үлдсэн 30 хувийг Зэвсэгт хүчинд өгөхөөр болсон юм. Энэ бүхэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар санаачлан шийдвэрлэсэн эерэг, нааштай алхмуудын нэг.

Удахгүй дараагийн Төрийн тэргүүн шинээр сонгогдож Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажлаа хүлээлгэж өгнө. Төрийн тэргүүний хувиар хийж буй түүний сүүлчийн ажлууд үргэлжилж байна. Саяхан тэрээр хамгийн сүүлийн гадаад томилолтоо хийж ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 17 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчийн хувиар оролцлоо. Тэрээр маргааш зэвсэгт хүчний ерөнхий командлагчийнхаа хувиар сүүлийн удаа Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслолд оролцох юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 254 , 8, 19 , 12

АРДЫН ҮГ: Ерөнхийлөгчийн батлан хамгаалах, энхийг сахиулах чиглэлээр хийсэн ажлуудыг танилцуулж байна
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Одоо болиоч ээ, ийгль одоо өөр мэдээ явуулаач, энэ хүн нам аа самарч эцэст нь МАН д яаж хандаж байгааг гь харлаа, одоо цаашаа явж далд ор.

    0 0 Хариу бичих
  2. Танай тв энэ богино хүзүүтэй балай новшийг одоо 60 хоног долдой дож худлаа шаалаа одоо болиоч? Энхболдтой хийсэн худал магтуугаа явуул, Жаргалмаа эгч гайхаж л байгаа байх,

    0 1 Хариу бичих