Б.Ууганбаяр: Гамшгаас сэргийлэх бэлтгэлийг зөвхөн төр биш байгууллага, иргэн бүр хангах ёстой

Eagle.mn


Монголын медиа корпорацаас зохион байгуулж буй “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аян Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр бүрэн эрхийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар мэдээллийг өгч байгаа. Бид өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний командлагч, Үндэсний аюулгүй байдлын тэргүүн Ц.Элбэгдорж гамшгийн асуудалд хэрхэн анхаарч ямар хууль, журам батлуулж чадсан талаар мэдээлэл хүргэж байна.

Энэ сэдвээр Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга Б.Ууганбаяртай ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч гамшгаас олон нийтийг хамгаалах тэр дундаа эрсдэлд бэлэн байх сургалтыг төрийн анхааралд авчирсан. Иргэд энэ талын мэдлэг мэдээлэлтэй болж эхэлсэн. Аливаа зүйл багаасаа эхэлдгийн адил өсвөр насныханд энэ чиглэлийн боловсролыг хэрхэн яаж олгож байна. ОБЕГ-ын хөтөлбөр, төлөвлөгөөнд энэ ажил хэрхэн туссан байдаг вэ?

-Сүүлийн үед манай гамшгаас хамгаалах үйл ажиллагаа шинэчлэгдэж байгаа. Бид өмнө нь гамшгийн хор уршиг арилгах менежмент рүү чиглэж байсан бол одоо эрсдэлийг бууруулах чиглэл рүүгээ явж байна. Энэ бол Монгол орон төдийгүй дэлхий нийтийн чиглэл рүүгээ явж байгаа. Ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг газар хөдлөлт төдийгүй бусад гамшгийн үед өөрийгөө хамгаалах чиглэл рүү бодлогын чанартай үйл ажиллагаа зохион байгуулж явуулж байгаа. Бид энэ чиглэлээр ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт тодорхой хичээлүүдийг заах чиглэлээр санал боловсруулан Боловсролын яаманд хүргүүлсэн.

Боловсролын яам энэ цөм хөтөлбөр дотроо сургуулийн өмнөх насныхан болон сургуулийн дунд насны хүүхдүүдэд гамшгаас хамгаалах чиглэлээр газар хөдлөлтийн аюулаас хамгаалах чиглэлээр сургалтын хөтөлбөртөө тусгах асуудлыг одоо судалж байгаа. Энэ бол удахгүй шийдэгдэх байх. Мөн ОБЕГ-аас хүүхэд багачууд, ард иргэдийнхээ дунд гамшгаас хамгаалах сургалтуудыг зохион байгуулж явуулж байна. Дээр нь бид дадлага, сургалтыг зохион байгуулж хийж байна. Энэ жил бид зарлан мэдээгээр ажиллах дадлага сургуулийг үндэсний хэмжээнд зохион байгуулан ажилласан. Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жил уг арга хэмжээнд оролцогчдын тоо сая гарсан. Яагаад ийнхүү хүмүүсийн тоо өсч тэд ач холбогдол өгч оролцож байна гэхээр бид Засгийн газрын тогтоолоор газар хөдлөлтийг таниулах өдөртэй албан ёсоор боллоо. Энэ өдөртэйгөө холбогдуулаад бид газар хөдлөлтийн аюулаас хамгаалах талаар сургалтуудыг өргөн хүрээтэй зохион байгуулж явуулсан. Бид орон нутгийн салбар нэгжүүдээрээ дамжуулаад орон нутагт хүүхдүүдэд сургуулиудад очиж сургалтууд хийлээ. Бид танхимын сургалтыг сайн зохион байгуулж явуулж байна. Танхимын сургалтаар олж авсан мэдлэгээ дадлага сургуулилтаар олж авах чиглэл дээр илүү анхаарч байгаа. Гамшгаас сэргийлэх бэлтгэлийг зөвхөн төр хангах бус байгууллага, иргэн бүр хангах ёстой.

-Энэ чиглэлээр олон нийтийн телевизээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хичээл заасан шүү дээ?

-Тийм ээ. Дадлага сургуулилт хийнэ гэдэг бол тэр заагаад байгаа зүйлээ хэвшил болгох хэрэгтэй байна. Яагаад гэвэл бид одоо “суу, нуугд, хүлээ” гээд гурван зарчим яриад байгаа. Дараа нь баруун гарынхаа дүрмийг бариад сургууль орчноосоо гарч цугларах газраа очин гэж тайлбарлаж яриад байгаа. Тухайлбал, би нэг удаа томилолтоор ажиллаж байхад нэг зүйл болсон. Баянхонгор аймагт ажиллаж байхад сумын Засаг дарга надад “Өрөөндөө сууж байсан чинь ар нуруу руу хүчтэй цохичих шиг л болсон. Гэрлийн шил савлаад байсан. Газар хөдлөлт болж байсан юм билээ. Би хараад байсан” гэж ярьсан. Уг нь бол тэрээр харах биш өөрийгөө хамгаалах ажлыг нь хийх хэрэгтэй байна. Тэгэхээр дадлага, сургууль гэдгийг хэвшил болгох хэрэгтэй. Өнөөдөр яриад л байдаг дадлага, сургуулийнхаа үед нэг хийдэг төдий биш. Байнга хийгээд байвал хүн газар хөдлөлт болон гэрлийн шил савлахад л бушуухан шуурхай ширээн доогуураа орж өөрийгөө хамгаалах арга хэмжээг авах дадлагыг хэвшүүлэх асуудал их чухал. Энэ бол эрсдэлээс зайлсхийх боломж. Энэ чиглэл рүү ОБЕГ ихээхэн анхаарч байгаа.

-Саяхан нэгдүгээр сургууль дээр дуут дохио өгч дадлага хийхэд манай ажилтны нэгдүгээр ангийн охин д багш нь ширээн доогуураа ороод номоо толгой дээрээ бариарай гээд багш нь заасан чинь  нотоо толгой дээрээ бариад уйлж эхэлсэн гэнэ. Одоо би ээжтэйгээ уулзаж чадахгүй юм байна шүү дээ гээд айсан гэсэн. Тэр гамшгийн үед бид сэтгэл санаагаа яаж бэлдэх ёстой вэ гээд тодорхой хэмжээний бэлтгэлтэй байх ёстой юм байна гэдэг ойлголт төрж байсан. Сургууль болон албан байгууллагууд саяны хэлсэнчлэн сэтгэл санаа болон анхан шатны мэдлэгтэй болж чадсан болов уу?

-Газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх бэлтгэл, бэлэн байдлыг хангахад бидэнд том гамшиг тохиолдож байсан туршлага байхгүй. Бид Япон, Турк улсын туршлага судалж байгаа. Үүнд бид нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Газар хөдлөлт бол маш хүнд зүйл гэдгийг тархиндаа төсөөлж ойлгох хэрэгтэй. Өнөөдрийн хийж байгаа дадлага сургуулилт бол бид амьд үлдчихээд гараад ирнэ гэж тооцоолж хийгээд байна шүү дээ. Гэтэл саяхан судалгааны материалтай танилцахад Японд ерөнхий боловсролын сургуулиудийнхаа бараг 99 хувийг газар хөдлөлтөөс хамгаалан хүчитгэсэн гэж байна. Сургууль ямар ч тохиолдолд нурж урахгүй байх нь. Өнөөдрийн бидний хийж байгаа дадлага, сургуулилт бол хүүхдүүдэд аажмаар хэвшил болгох гэж төсөөллийг бий болгож байгаа.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 254 , 8, 19 , 12

АРДЫН ҮГ: Ерөнхийлөгчийн батлан хамгаалах, энхийг сахиулах чиглэлээр хийсэн ажлуудыг танилцуулж байна
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)