Н.Амарсайхан: Хамтын хүчээр аюулгүй байдлаа хангадаг нь дэлхийн жишиг юм

Б.Мичид


Монголын медиа корпорацаас зохион байгуулж буй “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аян Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр бүрэн эрхийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар мэдээллийг өгч байгаа. Тэгвэл Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ямар санал санаачилга гарган бодит ажил хэрэг болсон талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны ахлах референт Н.Амарсайхантай ярилцлаа.

-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал 2010 онд батлагдсаны дараа бусад хууль , тогтоомж хэрхэн өөрчлөгдсөн бэ. Иргэд ямар үүрэг хүлээдэг вэ?

-1990 оноос өмнө бол Батлан хамгаалах зөвлөл буюу хоёр туйлт системд хуваагдсан цэрэг дайны уламжлалт аюул гэсэн түвшинд байлаа. 1992 оны Үндсэн хуулиар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэсэн Үндсэн хуулийн байгууллага орж ирсэн. Үндсэн хуулийн байгууллагыг Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүлээд УИХ-ын дарга, Ерөнхий сайд бүтцэд нь орж явдаг байсан. 1994 оны Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлагдахаас өмнө 1992 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хууль батлагдсан. Өөрөөр хэлэх юм бол Үндсэн хуулийнхаа эрх зүйн орчинг бүрдүүлсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулиараа энэхүү зөвлөл яаж ажиллах вэ, зөвлөлийн тэргүүн Үндсэн хуульд зааснаараа Монгол Улсын Ерөнхийлөгч байна. Гишүүд нь УИХ-ын дарга, гишүүд байна. Түүний хэвийн үйл ажиллагааг хангах хуулиар хүлээсэн бүрэн эрх чиг үүргийг хангахын тулд дотоод үйл ажиллагааг хангах нарийн бичгийн дарга байна. Үүнд тусалх ажлын албатай байна гэж эрх зүйн орчныг бүрдүүлсэн. 2001 онд Үндэсний аюулгүй байдлын тухай хууль батлагдсан.  Энэ хууль батлагдсанаар төрийн болон төрийн бус байгууллага, засаг захиргааны нэгж үндэсний аюулгүй байдлыг хангахад ямар үүрэг, оролцоотой байхыг нэлээд тодорхой хуульчилж өгсөн байгаа.

-Иргэдийн зүгээс үндэсний аюулгүй байдлын нөхцөл байдалтай холбоотойгоор ямар үүрэг, хариуцлага хүлээж байгаа вэ?

-Үндэсний аюулгүй байдал хангана гэдэг бол тухайн нутгийн багийн Дорж гэдэг иргэнээс Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл байдаг тогтолцоо. Тиймээс таны, миний хамтын хүчээр аюулгүй байдлаа хангадаг дэлхий нийтийн жишиг байна. Жишээ нь, дэлхийн улс орнууд буюу манай хоёр хөрш цэрэг зэвсгийн хүчээр аюулгүй байдлын нэг хэсгээ хангаж байна. Нэг хэсэг нь эдийн хүчирхэг байдлаар аюулгүй байдлаа хангаж байна. Мөн улс төр дипломатын аргаар нийт иргэдийнхээ оролцоон дээр аюулгүй байдлаа хангаж байна.

Манай сонгож авсан зам бол улс төр дипломатын аргаар буюу нийт иргэдийнхээ оролцоон дээр улс орныхоо аюулгүй байдлын хангана. Үүнд Монгол Улсын иргэн ямар үүрэгтэй вэ гэвэл эх орноо батлан хамгаалах Үндсэн хуулийн журамт үүрэгтэй. Яг энэ үүргийнхээ дагуу иргэн бүр ажил хөдөлмөр эрхлэх, бусдын эрх чөлөөг хүндэтгэх ёстой. Язгуур эрх ашиг гэхээр хүмүүс төрийн байгууллага, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд хйих ажил мэтээр ойлгодог. Энэ бол тийм биш юм. Тэд хуулиар хүлээсэн үүргээ хүлээнэ. Иргэн хүн үүнд асар чухал үүрэгтэй. Нэгдүгээрт, иргэн экологийн аюулгүй байдал дээр үүрэг хүлээдэг. Жишээлбэл, иргэд дотоодын аялал жуулчлалаар их явж байгаа.  Ингэхдээ, хогоо хаяхгүй соёлтой аялахаас эхэлж байна. Учир нь иргэдийн хаясан хог байгальд хэдэн зуун жилийн дараа шингэнэ  гээд экологийн аюулгүй байдалд хохирол учруулж байна. Иргэн ногоон байгалиа хамгаалж самар түүхдээ модны мөчир хугалахгүй байх ёстой. Энэ чинь иргэн экологийн аюулгүй байдлаа хангах үүрэг нь юм. Би эрхээ эдлэхийн тулд таны эрхийг хүндэтгэх ёстой. Энэ бол иргэний үүрэг. Эрүүл мэндийн асуудал дээр ч гэсэн хэрвээ би ханиад туссан бол өөрт чинь халдаахгүй тулд би маск хэрэглэж бусдад халдаахгүй байх арга хэмжээ авах ёстой. Энэ бүхэн бол иргэний үүрэг. Үүнээс шалтгаалаад аюулгүй байдлын дархлаа байж байх ёстой. Иргэн төвтэй аюулгүй байдал гээд үүнийг л хэлээд байгаа. Төрийн байгуулалгууд бол хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу иргэнд аюулгүй байдлын талаар сурталчилдаг, түүнд үйлчилгээгээ үзүүлдэг, хуульд нийцсэн дүрэм журмаа гаргадаг, шударга хуулийг хэрэгжүүлэх зарчмыг ил тод хэрэгжүүлдэг байх ёстой.

-2010 онд шинэчлэгдсэн батлагдсан Үндэсний аюулгүй байдлын бичиг баримтыг харж байхад дотор нь Үндэсний эв нэгдэл гэдэг томёолол байна. Гэтэл одоо олон нийтийн сүлжээ, мэдээлэл авдаг олон хэрэгслүүд бий болсон. Үүнд эд хөрөнгө, шашин шүтлэг, нас хүйс, улс төрийн нам, үндэс угсаагаар ялгаварлан гадуурхах, нэг нэгнээ доромжлох зүйл их явах юм.

-Манай Монгол түмэн эвтэй байхдаа хүчтэй байсан.  Дэлхийд эрх зүйт төрийг байгуулсан гэж судлаачид ярьдаг. Эрх зүйн орчныг анх үүсгэж байсан гэдэг нь эвтэй байсан үе нь юм. Манжийн дарлалд ороод доройтсон түүхэн үе бол монголчуудын бутралын үе юм. Түүнээс хойш эвлэлдэн нэгдэж хамтын бүтээл бий болгон багаараа ажиллаад л. Монголчуудын багаар ажиллах зарчим их өндөр байсан байдаг.  Жишээ нь Монгол хүн өөрийг тань ажил хийж байхад туслаад ерөөл хэлдэг, айл нүүгээд явж байхад өмнөөс нь цай хоол бариад угтдаг байсан гээд хүндлэх, мэндлэх, багаар ажиллах зарчим дээр нэгдэж байсан. 1990 оноос эхлээд зах зээлийн нийгэм буюу нийгмийн нэг цалгилт явлаа. Энэ үед эдийн засгийн, албан тушаалын тийм зүйл рүү хэт давалгаалаад ороод ирсэн.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд үүнийг хараад эв нэгдлээ хангахгүй бол болохгүй юм байна. Тэгэхгүй бол эх орон маань аюулд орж хойч үед өв соёл үлдэхгүй нь. Наад зах нь хүндлэх мэндлэх ёс байхгүй болох юм байна гээд үүнийг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгаад хэрэгжүүлээд холбогдох хууль тогтоомжоо гаргаад явж эхэлж байгаа.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 255 , 8, 19 , 12

АРДЫН ҮГ: Ерөнхийлөгчийн батлан хамгаалах, энхийг сахиулах чиглэлээр хийсэн ажлуудыг танилцуулж байна
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)