АРДЫН ҮГ: Г.Уянга: Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэ шатанд гаргасан

Eagle.mn


Монголын медиа корпорацаас зохион байгуулж буй “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аян Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр бүрэн эрхийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар мэдээллийг өгч байгаа. Өнөөдрийн сэдэв бол Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ямар санал санаачилга гарган бодит ажил хэрэг болсон юм бэ гэдэг сэдвийн хүрээнд та бүхэнд мэдээлэл хүргэж байна.

Энэ хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны референт Г.Уянгатай ярилцлаа.

-1994 онд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг УИХ-аар батлуулж байсан. 2009 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрдэмтэн мэргэд, УИХ-ын гишүүдийн оролцоотой өргөн ажлын хэсэг байгуулж Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэх ажлыг хийж эхлүүлсэн байдаг. Чухам үүнийг шинэчлэх болсон үндсэн гол шалтгаан нь юу байсан юм бол оо?

-Улс орны аюулгүй байдалтай холбоотой асуудал бол тухайн улсын дотоод байдал болон гадаад орчин нөхцөл нь ямар байгаагаас ихээхэн хамааралтай байдаг. 1994 оны үед Монгол Улс шинэ тутам ардчилсан чөлөөт эдийн засгийн системд шилжин шинэ Үндсэн хуулиа баталсан байдаг. Ер нь аливаа төрийн бодлого үйл ажиллагаа бол нэг нь явж байгаад тасран нөгөө нь гэнэт шинээр орж ирдэг үйл явдал биш. 1994 оны Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хамгийн эхний өгүүлбэр юу гэж эхэлсэн байдаг вэ гэхээр “Монгол Улсын Үндсэн хууль нь нийт ард түмний нийтлэг эрх ашгийн илэрхийлэл мөн” гэж эхэлсэн байдаг. Энэ нь ямар утга санааг илэрхийлж байна вэ гэхээр Үндсэн хууль одоо бидний тайлбарлаж байгаа язгуур эрх ашгийг тодорхойлсон зүйл байгаа. Бид тодорхой нийгмийн нэг системээс нөгөө системд шилжиж байгаа тохиолдолд эхний ээлжид Үндсэн хууль тэр байгууллагынхаа аюулгүй байдлыг хангах, түүний учирч болзошгүй зүйлс, түүнд тохирсон үзэл баримтлалыг тодорхойлох юм. Энэхүү үзэл баримтлалыг 1994 онд аюулгүй байдлын үүднээс гаргаж явж байсан байгаа юм. 2010 онд гарсан үзэл баримтлал бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын гадаад дотоод орчин нөхцөлийн өөрчлөлттэй уялдаатайгаар бид дараагийн шатандаа орсон. Үүнд Үндсэн хуульт байгууллынхаа аюулгүй байдлыг илүү бэхжүүлэх, хамгаалах, хөгжүүлэх тал руугаа явах нь зүйтэй гэсэн ийм бодлоготойгоор үзэл баримтлалд өөрчлөлт орсон гэж үзэхээр байгаа. Жишээ нь, дотоод аюулгүй байдал дээр Үндсэн хуульт байгууллын аюулгүй байдал, шударга ёс, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хараат бус ил тод байдал гэх мэт зүйлсийг баталгаажуулж өгснөөр Монгол Улсын аюулгүй байдлын тогтолцоонд үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг илүү тодорхой болгож өгсөн. Ингэснээр хүрэх зорилго, чиглэлийг нь илүү тодруулж өгсөн үзэл баримтлал болсон гэж хэлэх боломжтой.

-Энэ нь өөрөө хугацаатай хэрэгжих баримт бичиг байгаа шүү дээ?

-Яг тодорхой хугацаа заасан гэж хэлэхэд хэцүү. Аюулгүй байдалтай холбоотой асуудлыг бид өнөөдөр тийм, маргааш ийм зүйл болно гэж шууд таамаглах боломжгүй. Гэхдээ бид алсын хараа ийм чигтэй явах юм байна гэдгийг эндээс харж болох байгаа.

-Түрүүн хэлсэн хамгийн гол суурь зарчим өөрчлөгдсөн нь өмнө нь үндэсний аюулгүй байдлыг цэрэг дайны улс төрийн гол байгууллагуудтай холбож ойлгодог байсан бол одоо энэ ойлголт өөрчлөгдсөн. Ингэснээр илүү иргэн төвтэй иргэдийн мэдлэг чадварыг сайжруулсан иргэний аюулгүй байдал дээр дулдуйдсан суурь зарчмын өөрчлөлт орсон гэж тодотгож болохоор байгаа?

-Үүнд би нэг зүйл тодруулж хэлэхэд Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо гэдэг бол босоо, хэвтээ байдаг. Хэвтээ тогтолцоо нь орон нутаг гээд задраад явна. Босоо тогтолцоонд байгаа Үндэсний аюулгүй байдлын тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд түүний салбар нэгжүүд орон нутагт байгаа нэгжүүд гээд явна. Мөн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн хуралд гээд. 2010 оны үзэл баримтлалд орсон нэг шинэ ойлголт бол үндэсний аюулгүй байдлыг хангахад иргэдийн оролцоо гэдэг зүйлийг тодруулж тусгаж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл иргэн бүр үндэсний аюулгүй байдлынхаа язгуур эрх ашгийг дээдэлж түүний талаар тодорхой ойлголттой явснаар Монгол Улсын аюулгүй байдал хангагдана гэсэн үзэл баримтлалтай болсон.

-2010 онд батлагдсан бичиг баримтын хэрэгжилт дээр буюу УИХ, төр засгийн байгууллагуудын түвшинд хэрэгжиж байгаа бодит жишээ гээд юуг хэлж болох бол?

-Хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах асуудалтай холбоотойгоор Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн асуудал байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Ерөнхийлөгч болсон цагаасаа хойш хотын барилгажилт , суурьшмал бүсийн гамшигт өртөх асуудал дээр нэлээд анхаарал тавьж ирсэн. Газар хөдлөлтийн гамшгаас иргэдийг хамгаалах, иргэдэд энэ талаар тодорхой хэмжээний ойлголт өгөх боломжтой тохиолдолд гамшгийг бага хохиролтой даван туулах чиглэлээр маш том ажлуудыг хийсэн байдаг. Жил бүр гамшгаас хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудаас мэдээ мэдээлэл авч энэ асуудлыг олон нийтийн сонорт хүргэх ажлыг эрчимтэй хийж байсан. Иргэд энэ талаар тодорхой ойлголттой явж байгаа байх. Мөн агаарын бохирдолтой холбоотой асуудлыг байнга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн анхааралд явж ирсэн асуудал. Үндэсний аюулгүй байдлын анхаарч хардаг гол асуудлуудын нэг бол Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдал юм. Мөн Монгол төрийн залгамж чанарыг хангах асуудал, Монгол хүний аюулгүй байдлыг хангах асуудал байдаг. Үүнтэй холбоотой гол асуудлуудыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл түүний ажлын алба анхаарч судалж үүнд дүгнэлт, саналаа гаргаад явдаг.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 254 , 8, 19 , 12

АРДЫН ҮГ: Ерөнхийлөгчийн батлан хамгаалах, энхийг сахиулах чиглэлээр хийсэн ажлуудыг танилцуулж байна
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. toonoos chanar huulind onol praktikiig yalgaj oruul

    0 0 Хариу бичих
  2. Битгий худлаа шаагаад бай наад балай чинь астанад тоож дуугарах хүн бөйхгүй булай болж явна.

    0 0 Хариу бичих