Мьянмарын өмнөд хэсгийн Миейк хотоос Янгон хот хүрэхээр явж байсан цэргийн “Y-8” онгоц өчигдөр орон нутгийн цагаар 21.48 цагийн орчимд сураггүй алга болсон билээ.
Уг онгоцонд 122 хүн байсан бөгөөд нисэх багийн 14 гишүүн болон 108 зорчигч зорчиж явжээ. Зорчигчдын ихэнх нь Мьянмарын армийн цэргүүд болон гэр бүлийнхэн нь байсан юм. Мөн зорчигчдын дунд бага насны 12 хүүхэд байжээ. Онгоц Давэй хот хүрэхээс 20 гаруй км дутуу байхад төв станцаасаа холбоо тасарч, удалгүй радарын дэлгэцнээс алга болжээ.
Аврагчид онгоцны сэг болон зарим зорчигчдыг цогцсыг олсон талаараа албан ёсоор мэдэгдсэн юм. Онгоцны сэгийг Андаман тэнгисээс олжээ. Энэхүү мэдээллээс хэдхэн хормын дараа тус улсын Зэвсэгт хүчний албан ёсны фэйбүүк хуудастаа “Цэрэг эрс, тэдний гэр болон нисэх багийн гишүүдийг тээвэрлэж явж байсан нисэх онгоц Андаман тэнгист осолдлоо. Үнэхээр харамсалтай зүйл боллоо” гэж бичжээ.
Андаман тэнгист тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд болон гурван нисдэг тэрэг эрэн хайх ажиллагааг явуулж байна. “Онгоцны эх биеийг олоогүй байгаа учир уг ослоор хэдэн хүн амиа алдсан эсэхийг нарийн мэдэх боломжгүй байгаа” талаар Тээврийн яамны мэргэжилтэн мэдэгдэв.
“Y-8” онгоцыг БНХАУ-д үйлдвэрлэсэн бөгөөд уг онгоцыг өнгөрсөн оны гуравдугаар сард худалдан авчээ. Энэхүү онгоц 809 цаг агаарт нислэг үйлджээ. Ахмад болон хоёрдугаар нисгэгч туршлагатай, сахилга бат сайтайгаас гадна ур чадвараараа хамт олноо тэргүүлдэг байжээ.