Хэтийн зорилго авлигаас ангид дэлхий ертөнц

“Хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж чаддаггүй улсуудад авлига цэцэглэн хөгждөг. Авлига бол жижиг гэмт хэрэг биш. Авлига иргэдийн идэх хоол, мэдлэг боловсролоос хумсалж, эрүүл мэндийн үйлчилгээг муутган хүний амь насыг авч оддог алуурчин мөн” гэж Транспэрэнси Интэрнэшнл байгууллагын ТУЗ-ийн дарга Хосе Угаз энэ оны гуравдугаар сарын 7-нд Берлин хотод хийсэн мэдэгдэлдээ дурджээ. 

Дэлхий нийтэд хийж буй ажил нь хүлээн зөвшөөрөгдсөн, үр дүн нь үнэн бодитой хэмээх итгэлийг хүлээсэн иргэний нийгмийн байгууллагууд төдий л олонгүй. Авлигатай хийх тэмцэлд юу дутагдаж, юу тохирч, хэн хамгаас илүүгээр холбогддог гэхчилэн бодит, мэргэжлийн судалгаа, дүн шинжилгээ хийж чаддагаараа Транспэрэнси Интернэшнл байгууллага нэр хүндтэй, судалгаа нь, дүн шинжилгээ нь жинтэй тусдаг. 
Авлига гэдэг хориотой сэдэв байсан тэртээх 1990-ээд оны үед авлигыг хэмжих индекс, түүнийг хазаарлаж чадах олон улсын түвшний арга зам ч гэж байсангүй. Авлигаас үүссэн гажуудлыг өөрийн ажил дээр мэдэрсэн Петр Эйжен, түүний анд 9 хүн нийлэн жижиг байгууллага байгуулан авлигатай тэмцэхээр шийдсэнээр Транспэрэнси Интернэшнл хэмээх байгууллага үүссэн түүхтэй. Өдгөө тэдний хийсэн судалгаа, судалгаан дээрээ тулгуурлан гаргасан зөвлөмжүүд авлигатай тэмцэхэд хамгийн үнэ цэнэтэй зүйлс болж, тэдний хийсэн авлигын индексээр улс орнуудыг дүгнэдэг болсон гэхэд хилсдэхгүй. Улс орнуудыг дүгнэдэг гэдэг нь үнэндээ тухайн орны төр засаг, нийгэм дэх бүтэж буйгаас нь бүтэхгүйг нь ялгах шүүлтүүр болсон. Дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаагаа явуулах өөрийн 90 гаруй салбартай, иргэний болон бизнесийн байгууллагууд, Засгийн газруудтай хүртэл хамтран авлигын эсрэг тэмцдэг гэдгээрээ Транспэрэнси Интернэшнлийн хүрээ нь өргөн байж чаддаг онцлогтой. Транспэрэнси Интернэшнлийн хийдэг хамгийн чухалд тооцогддог судалгаа нь яалт ч үгүй Авлигын төсөөллийн индексийн судалгаа юм. Байгуулагдсан даруйдаа дэлхийн 50 орныг хамруулан хийж эхэлсэн Шинжээчийн төсөөлөлд тулгуурлан хийдэг уг судалгааг санаачлан боловсруулж, олон жил удирдан явуулсан хүн нь Германы эрдэмтэн Йохан Графф Лэмсдорф. Гэхдээ уг судалгааг хийхэд аливаа улсын өсөлт, бууралтыг харьцуулахдаа болгоомжтой хандахгүй бол судалгаанд хамрагдаж байгаа улс орнууд тогтвортой биш, эх сурвалж нь ч гэсэн жил бүр өөрчлөгддөг гэдгийг Лэмсдорф өөрөө хүртэл анхааруулж байсан удаатай. Аливаа улсыг удирдаж буй хүмүүсийн явуулж буй үйл ажиллагаа олон нийтэд хүрснээр иргэдэд нь тодорхой нэгэн ойлголт, итгэл үнэмшил бий болж байдаг. Тэрхүү ойлголт, итгэл үнэмшлээ өөр өөрийнхөөрөө илэрхийлж, ямар нэгэн төсөөлөлтэй болдог. Чухам тэр төсөөллийг нь судалгааны аргачлалаар авч тоон утга болгон хувиргахыг төсөллийн судалгааны индекс гэж хэлдэг. Авлигын төсөөллийн индекст тухайн орны ядуурлын судалгаа хүртэл ашиглагддаг гэхээр та бидний бодож байгаагаас илүү олон хүчин зүйлсийн дүнд тоон утга бий болж, тэр ч утгаараа бодитой, үнэн дүн гардаг гэсэн үг юм. 

Дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаагаа явуулах өөрийн 90 гаруй салбартай, иргэний болон бизнесийн байгууллагууд, Засгийн газруудтай хүртэл хамтран авлигын эсрэг тэмцдэг гэдгээрээ Транспэрэнси Интернэшнлийн хүрээ нь өргөн байж чаддаг онцлогтой.

Транспэрэнси Интернэшнл байгууллагын хувьд авлигын төсөөллийн индексээрээ тухайн улс орон авлигад их, бага идэгдсэн хэмээн үнэлэлт дүгнэлт өгөх биш үнэлэлт дүгнэлт хийх, тухайн индексийг үйл ажиллагаандаа хэрхэн ашиглахыг нээлттэй үлдээдэг. Тухайлбал Авлигын төсөөллийн индексийг хэмжсэнээр, түүний тоон утгыг жил жилээр нь мэдэж авснаар хүрэх үр дүнгээ тодорхойлох, хэрхэн бууруулах, бүр эцсийн дүнд олон улсын түвшинд сайн засаглал бий болгох, иргэд, байгууллага, төр нь авлигагүй сайхан улсыг бий болгох зорилгодоо ойртоход туслах юм. 

Транспэрэнси Интернэшнл байгууллагаас хамгийн сүүлд Ази Номхон Далайн бүс нутгийн 16 орны 22,000 хүнийг хамруулан тэдэнд тохиолдсон авлигын тохиолдлуудыг асуун тодруулж (3 жил тутам хийдэг) Global Corruption Barometer судалгааг хийжээ. Ази Номхон далайн бүсийн 16 орны хүн амын 25 хувь нь буюу 900 сая хүн төрийн үйлчилгээг авахын тулд авлига өгдөг гэдгийг уг судалгааны дүн нотлон гаргасан байна. Судалгаанд хамрагдсан 16 орны дунд энэ бүсийн хүчирхэг эдийн засагтай орнууд багтсан байгаа нь тун харамсалтай. Судалгааны үр дүнгээс харахад бүсийн хэмжээнд хууль тогтоогчид Авлигыг мэдээлэгч буюу Шүгэл үлээгчдийг хамгаалах хуулийн орчинг бий болгох, Засгийн газрууд авлигатай тэмцэнэ гэсэн амлалтаа биелүүлэх, түүн дотроо НҮБ-аас батлагдсан Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг биелүүлэх чиглэлд ажиллах шаардлагатай байгаа аж. Тухайлбал Хятадад судалгаанд оролцогчдын 75 хувь нь Авлига сүүлийн 3 жилд өссөн гэж хариулсан нь Хятадын Засгийн газрын Авлигын эсрэг явуулж буй томоохон үйл ажиллагаануудын үр дүн иргэдэд нь тодорхой харагдахгүй байна гэж үзэхэд хүргэж байгаа юм. Бүсийн хэмжээнд судалгаанд оролцогчдын 20 хувь нь л авлига буурсан гэж үзсэн бол оролцогчдын тал хувь нь Засгийн газар авлигыг зогсоох чиглэлд хангалтгүй ажиллаж байна гэж дүгнэжээ. Транспэрэнси Интэрнэшнл байгууллагын ТУЗ-ийн дарга Хосе Угаз “Засгийн газрууд Авлигын эсрэг ажиллахаар амласан амлалтуудаа биелүүлэх хэрэгтэй, одоо Авлигыг зогсоох хоосон амлалт биш ажил хэрэгч байж үр дүн гаргах цаг болжээ. Сая сая хүмүүсийг төрийн үйлчилгээг авахын тулд авлига өгөхөөс өөр аргагүй байдалд оруулж байна. Үүнээс болж эмзэг ядуу хүмүүс хүнд байдалд орж байна” гэдгийг онцоллоо. Судалгааны дүнд анзаарагдсан нэг содон зүйл нь ядуу иргэд хамгийн өндөр буюу 38 хувь нь авлига өгсөн гэж хариулсан явдал юм. Орлогын түвшин ялгаатай иргэдээс авсан судалгааны дүн нь авлигыг ядуу иргэд хамгийн ихээр өгч хэлмэгдэж хохирч байгааг харуулж байгаа юм. 

Төрийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудаас Цагдаагийн газар авлигад хамгийн өртөмтгий байгаа бөгөөд бүсийн хэмжээнд судалгаанд оролцогчдын 30 хувь нь сүүлийн 12 сард Цагдаагийн газарт авлига өгсөн гэж хариулжээ. Монголын иргэдийн 61 хувь нь Засгийн газар Авлигатай тэмцэхэд хангалтгүй ажиллаж байна гэж үзсэн ба энэ үзүүлэлтээрээ судалгаанд ороцсон 16 орноос Монгол, Малайз ба Өмнөд Солонгосын иргэд Авлигатай тэмцэж буй Засгийн газрынхаа үйл ажиллагаанд хамгийн сэтгэл ханамжгүй байгаагаа илэрхийлсэн. Төрийн үйлчилгээ үзүүлэгч 6 байгууллагаас Монголд цагдаа болон эрүүл мэндийн байгууллага авлига авдаг байгууллагуудыг тэргүүлжээ. Судалгаанд оролцсон бүсийн 16 орноос Монгол, Пакистан улсын иргэдийн 33- 49 хувь авлигыг зогсоох, өөрчлөлт хийхэд төр нэмэр болж чадахгүй байх гэж хариулсан байна. 

Авлигыг зогсоох хамгийн чухал арга бол авлигыг мэдээлэх, өгөхөөс татгалзах гэж хариулсан хэдий ч 20 хувь нь Авлигатай тэмцэхэд иргэдийн хүч тус нэмэр болохгүй гэж боддогоо илэрхийлцгээжээ. 
Авлига гэгч аюулаас салахад, түүнийг бүхий л түвшинд бууруулахад авлигатай тэмцэх эрхзүйн орчинг нэн тэргүүнд боловсронгуй болгох нь хамгийн үр дүнтэй арга гэдгийг дэлхий нийтээрээ ойлгосон гэхэд хилсдэхгүй. Тийм ч учраас Транспэрэнси Интэрнэшнл байгууллагаас:

-    Засгийн газрууд Авлигатай тэмцэхдээ үйл ажиллагаагаа НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн зорилт болох өлсгөлөн, ядуурал, эрүүл мэнд, боловсрол, хүйсийн тэгш харьцаа, байгаль орчны өөрчлөлтийн эсрэг зорилтуудтай уялдуулан авлигын эсрэг эрсдэлийг бууруулах механизмыг бий болгох 

-    Хууль эрх зүйн хувьд Авлигыг мэдээлэх, Шүгэл үлээгчдийн эрхийг хамгаалах олон улсын жишиг хуулиудыг батлах, хэрэгжүүлэх түүн дотроо Транспэрэнси Интэрнэшнл байгууллагын боловсруулсан стандартыг жишиг болгох 

-    Авлигын хэрэг үйлдэгчид ял шийтгэлгүй үлддэг, тэдний учруулсан хохирол төлөгдөлгүй үлддэг жишгийг эцэс болгох 

-    Авлигатай тэмцэх газрууд авлига төлөхөөс татгалзаж буй иргэд, авлигыг мэдээлэхийг хүсэж буй иргэдтэй хамтран ажиллаж тэднийг дэмжих зөвлөмжийг хүргүүлж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)