А.Баттөр: Энхийг дэмжих ажиллагаан дахь Монголын оролцоо нэмэгдсэн

Eagle.mn


Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөртэй ярилцлаа. 

-Аль ч улсын аюулгүй байдалд маш том нөлөө үзүүлдэг зүйл бол цэрэг армийнхан. Тэр тусмаа энхийг сахиулагчид.  Энхийг сахиулах үйл ажиллагаанд манай улс хэр идэвхтэй оролцдог вэ. Манай улсад ямар ашигтай вэ?

-Монгол Улсын Зэвсэгт хүчин анх 2002 онд Бүгд найрамдах ардчилсан Конго улс дахь НҮБ-ын “MONUC” ажиллагаанд хоёр офицерыг цэргийн ажиглагчаар оролцуулж эхэлснээс хойш энхийг дэмжих 15 ажиллагаанд оролцсон туршлагатай. Үүнээс есөн ажиллагаа нь дуусгавар болж, өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд давхардсан тоогоор нийт 14000 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн. Одоогийн байдлаар БНАКУ, БНӨСУ, Судан, Баруун Сахар, Абией, Афганистан улсад явагдаж буй энхийг дэмжих ажиллагаанд 1100 гаруй цэргийн алба хаагч цэргийн багт болон цэргийн ажиглагч, зөвлөх, холбогч офицероор, мөн тухайн ажиллагааны Хүчний төв штаб, секторын штабуудад штабын офицер зэрэг албан тушаалуудад үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд оролцохдоо дэлхий дахинд болон бүс нутагт энхтайван, тогтвортой байдлыг тогтоох, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах зорилтыг хэрэгжүүлэх, төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиглэлийг баримтлан ажиллаж байна. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхи, оролцоог дээшлүүлэх, цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах улмаар Монгол Улсын олон улсын хамтын нийгэмлэг дэх оролцоог нэмэгдүүлэх, олон тулгуурт гадаад бодлогын үндсэн нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгддэг.

-Дайн байлдааны байдалтай улс оронд цэрэг удирддаг монгол генерал байдаг гэж бишгүй л сонсож байсан. Манай энхийг сахиулагчид үүргээ хэр биелүүлдэг гэж тухайн орны Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчин дүгнэдэг вэ?

-Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаан дахь оролцоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа. 2014-2016 онд Бүгд найрамдах өмнөд Судан улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд бүсийн командлагчаар бригадын генерал Д.Баярсайхан, хурандаа С.Амарсайхан нар үүрэг гүйцэтгэж, ажиллагааны хойд бүсэд НҮБ-д цэрэг хандивлагч 5-6 орны 6000-7000 гаруй цэргийн алба хаагчдыг удирдан зохион байгуулж, НҮБ-ын Нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч болон Хүчний командлагчаас “Онц” үнэлгээтэйгээр үүргээ гүйцэтгэсэн. Түүнчлэн манай улс НҮБ-ын  байнгын цэргийн хүчний тогтолцоонд чухал байр суурийг эзлэн, НҮБ-д цэрэг хандивлагч орнуудын дунд 2016 оны арванхоёрдугаар сарын байдлаар 30 дугаарт байгаа нь төрийн энхийг эрхэмлэсэн гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар, улс орноо батлан хамгаалах боломж, чадавхийг нэмэгдүүлэх зорилтоо бүрэн ханган ажиллаж байна.

-Энхийг сахиулагчдын нийгмийн баталгааны асуудлыг хөндвөл...

-Монгол Улсын Зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй цэргийн алба хаагчдын нийгмийн баталгааг хангах хууль эрх зүйн хүрээнд нэлээдгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тухайлбал, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчдын албан тушаалыг хэвээр хадгалан, үндсэн цалинг 100 хувь олгохоос гадна энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх үеийн албан томилолтын зардлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын дагуу олон улсын жишигт нийцүүлэн олгодог. Цаашид энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй цэргийн алба хаагчдад чиглэсэн нийгмийн хамгааллыг сайжруулах бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд цэргийн алба хаагчдад үзүүлэх эмнэлэг сувилал, сэтгэл зүйн үйлчилгээг тогтмолжуулж, зах зээл дээрээс орон сууц худалдан авахад  дэмжлэг үзүүлэх, ипотекийн зээлд хамрагдахад  зуучлах, баталгаа гаргах эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэх ажлуудыг бодлогын төсөл, хөтөлбөрүүдэд тусган үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энхийг дэмжих ажиллагаанд оролцсоноор цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар дээшлэн, орчин үеийн цэргийн ажиллагаанд ашиглагдаж байгаа техник, технологид суралцахаас гадна эх орон, гэр бүл, найз нөхдийнхөө үнэ цэнийг хүний нутагт илүү ихээр ойлгож, цэргийн алба хаагчийн ёс зүй, эх оронч үзэл төлөвшиж байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 251 , 8, 19 , 12

АРДЫН ҮГ: Ерөнхийлөгчийн батлан хамгаалах, энхийг сахиулах чиглэлээр хийсэн ажлуудыг танилцуулж байна
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Монголчууд зоригтой авхаалжтай, бэлтгэл сайтай, амархан зохицох чадвартай гэж онгироож байгаад манай хэдэн муу ядарсан хөвгүүдийг чинь хамгийн хүнд хэцүү цэгүүд рүү явуулж байна. Явах өөр улс үндэстэн олдохгүй байна. Яагаад гэвэл тэд чинь ард түмнээ хайрладаг учраас. Манайхан иг ядарсан хэдэн ардынхаа хүүхдүүдийг бууны амны өөдөөс явуулчихаад хэдэн төгрөгөөс нь бас шомбдоод сууж байдаг дүүрчихсэн улс цаана чинь алга. Дэргэд чинь Хятад гээд хүн нь багтахгүй улс байна. Ялгаагүй НҮБ-ийн гишүүн тэд яагаад хүнээ явуулахгүй байна. Орос яачихав. Удирдагчид нь ухаантай учраас.

    0 1 Хариу бичих
    • ирээдүйд хятад эсвэл оросоос ирэх болзошгүй түрэмгийлэлээс хамгаалахын тулд НҮБ ийн дэмжлэг Монголд хэрэгтэй ...хилээ хаагаад зүгээр суудаг амиа хичээсэн улсыг дэлхий тоохгүй нулимана шүү Хятад цэргээ НҮБ ын шугамаар явуулдаг Мэдэхгүй байж мэргэжлийн хүмүүсийн ажилд битгий саад болж бур бур гээд бай

      0 0