Эрдоганы учруулах гурван эрсдэл

Х.Батсайхан


2017 оны тавдугаар сарын 21.

Энэ өдөр Туркийн Парламент ээлжит бусаар хуралдаж, Ерөнхийлөгч Р.Т.Эрдоганд Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу олгогдсон нэмэлт бүрэн эрхийг хуульчилсан билээ. Энэ өдрөөс Турк улс мөн шинэ удирдагчийнхаа заасан замаар лалын шашны хуулийг суурь болгосон хаалттай улс болох замдаа шуударсан гэж олон улсын ажиглагчид тэмдэглэсээр байна. Лалын шашны нөлөөнд бүрэн автсан, курд үндэстнийг үзэн яддаг, маш зөрчилтэй бие хүн болох Р.Т.Эрдоган Ази, Европын заагт оршдог Турк улсын жолоог бүрэн атгаснаар маш өргөн хүрээг хамарсан геополитикийн донсолгоог Европ, Азид үзүүлж, улс төрийн газрын зурагт ч өөрчлөлтийг авчирч болзошгүй гэсэн таамгийг ажиглагчид тэд дэвшүүлж байна. 

Эрсдэл №1
Геноцид, Евразийг хамарсан геополитикийн эрсдэл

Османы эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж асан курд үндэстнүүд, тэдэнд хандах Р.Т.Эрдоганы харгис дээрэнгүй бодлого яваандаа Ойрхи Дорнод, Ази, Европын газар нутгийг хамарсан тогтворгүй байдлыг үүсгэж мэднэ. Р.Т.Эрдоганы Европын холбоо, АНУ-тай үүсгэсэн зөрчил, Иракийн эрх баригчдын байр суурийг үл харгалзан Мосулд явуулж байгаа цэргийн ажиллагаа, ОХУ Башар Асадын холбоо нийлээд Сирийн нутагт Курдистан хэмээх тусгаар улс бий болох замыг шулуутгасан байж болзошгүй юм. 

Хэд хоногийн өмнө “Лалын улс” бүлэглэл нийслэлээ Раккагаас Дэйр эз Зор хот руу нүүлгэсэн талаар Пентагоноос мэдээлэл хийсэн. Гэхдээ энэ мэдэгдлийн хамгийн чухал хэсэг нь “Лалын улс” нийслэлээ шилжүүлсэн нь биш, харин тус Раккаг бүслээд буй Курдын Өөрийгөө хамгаалах ардын отряд хотыг авсныхаа дараа тэнд өөрийн автономит улсыг байгуулах бодолтой байгаа тухай мэдээлэл байсан юм. Мэдээлэл дөрөвдүгээр сарын 22-нд олон нийтэд цацагдсан бөгөөд үүнээс гурав хоногийн дараа Р.Т.Эрдоган Сирийн хойд хэсэг рүү байлдааны онгоцуудаа илгээн Өөрийгөө хамгаалах ардын отрядын байрлалыг бөмбөгдүүлсэн нь цаанаа нарийн учиртай. 

Курд үндэстэн бол Дундад Азийн нүүдэлчин үндэстэн бөгөөд Турк сэргэн мандаж байх үед Османы эзэнт гүрний захиргаанд байсан юм. Эзэнт гүрэн задран унасны дараа тусгаар тогтнох боломж нэг бус удаа олдсон ч Иран, Ирак, Турк, Армян зэрэг олон улсад тархай бутархай аж төрдөг байснаасаа болоод ашиглаж чадаагүй. Гэтэл 2014 онд “Лалын улс” бүлэглэл курдуудын амьдардаг Сири, Ирак, Иран Турк улсын заагт гэнэт хүчирхэгжиж, курдуудын Курдистан хэмээх нэгдмэл улсаа байгуулахыг хүсдэг яг тэр газар нутгийг эзэрхийлэн захирсан нь үнэхээр хачин. Албан бус нийслэл Эрбилээ хамгаалан тэмцсэн Иракийн курдууд алан хядагчдын эсрэг ялалт байгуулсан анхны хүчин болж, улмаар АНУ-ын дэмжлэгийг авч “томорсон”. Вашингтон курдыг “Лалын улс”-ын эсрэг тэмцэлд ашиглах санаатай байсан бол курдын сонирхол тусгаар тогтнол гэдэг нь одоо нэгэнт ойлгомжтой болжээ. Р.Т.Эрдоган Европын холбооны зөрчил, Сири дэх ОХУ-ын нөлөө энэ бүгд нийлээд барууны орнууд курдын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөд хүргэж мэднэ. Чухам тийм учраас л Р.Т.Эрдоган Ирак, Сирийн курдуудыг тэнд нь нам дарах нь зөв гэж үзэн байлдааны ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ курд үндэстнээр шалтаглан Иракийн хойд нутаг, “Арслангийн хөндий” гэж нэрлэдэг газрын тосны асар их баялагтай газрыг эзлэн авах атгаг санаа агуулж байгааг ч үгүйсгэх аргагүй. Иракийн курдууд автономит эрхтэй, өөрийн парламенттай. Хэрвээ Сирийн курдууд автономит эрх авчихвал яваандаа нэгдэхийг эрмэлзэх нь гарцаагүй. Туркийн курдууд Р.Т.Эрдоган эрх дархаа нэмэгдүүлснийхээ дараа геноцид явуулах вий гэсэн айдастай байгаа. 

Цагтаа Иракийн хэмжээгүй эрхт хаан, дарангуйлагч байсан Саддам Хуссейн Курдуудын эсрэг үй олноор хөнөөх зэвсэг ашиглан геноцид үйлдэж байсан удаатай. Шинэ тулгар НҮБ Дэлхийн дайнд хамгийн ихээр хэлмэгдсэн еврей үндэстэнд Палестиний газар нутгаас тасдаад өгчихсөн тохиолдол бий. Хэрвээ энэ удаад дайны цагийн онцгой эрхээр Сирийн нутагт Курдын улс цогцолж мэднэ. Цаашлаад курдын нэгдмэл улс байгуулахын төлөө тэмцэл залгах ч магадлалтай. Иракийн курдуудын удирдагч Нечирван Барзанигийн “Тусгаар тогтнох нь манай ард түмний эрхийн асуудал. Хил хязгаараа хаагуур тогтоохоо бид шийднэ” гэсэн мэдэгдлийг ч энд сануулахад илүүдэхгүй. Ирак өөрийгөө яая гэж байгаа болохоор ингэж том мэдэгдэл хийсэн хэрэг. Курдуудын амьдардаг газар нутаг 5-6 улсыг хамардаг гэхээр энэ асуудал цаашдаа яаж ч өрнөсөн Евразийн улс төрд томоохон нөлөө үзүүлэх нь гарцаагүй юм. 

Эдийн засгийн хоригоо цуцлуулсан Иран Башар Асадын армийг санхүүжүүлсэн нь үнэн хэрэгтээ “Курдыг битгий хяналтаасаа алд” гэж өгсөн мөнгө болох нь одоо ойлгогдож байгаа биз ээ.

Эрсдэл №2

УАЦЭ-д нөлөөлж, хүчний харьцааг өөрчилнө

Туркт Р.Т.Эрдоган хүчээ авч, эрх мэдлээ батжуулахын хэрээр харгислал үйлдэж, хүний эрхийг зөрчих болсон нь Европын холбоог тус улсаас зай барихад хүргэсэн. Харин Р.Т.Эрдоган ОХУ-ыг налаад авлаа. “Налах” төдийгүй оросуудын зэвсэглэлд байдаг С 400 хэмээх пуужингийн гайхамшигтай цогцолборыг нь авахад тун ойртоод байна. Түүнийг ийнхүү ОХУ-тай “ураг барилдсан” явдалд барууныхан ихэд сэтгэл түгшиж байгаа юм. Турк бол Ази, Европыг холбох гүүр. Умард Атлантын цэргийн эвслийн хувьд маш чухал улс.

Гэтэл Р.Т.Эрдоган эвслийг “Үүргээ гүйцэтгэх чадваргүй” хэмээн шүүмжилж байна. Өнгөрсөн долоо хоногт Станбулд болсон УАЦЭ-ийн VIII уулзалт дээр Р.Т.Эрдоган “Эвсэл бүс нутгийг тогтвортой байлгах үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Манай өмнөд хилийн дагуу алан хядагч байгууллага (Курдын ажилчдын нам), тэдэнтэй холбоотой (Сири дэх “Өөрийгөө хамгаалах ардын отряд”-ыг хэлжээ) бүлэглэл хяналтаа тогтоохыг Турк улс хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Одоогийн тогтолцоо асуудлыг шийдэж чадахгүй байна. Бүс нутаг эмх замбараагүй байдлын ирмэг дэр ирчихлээ. Ингээд цаг алдаад байвал өөрчлөлтийн салхи үлээдгээрээ үлээж, бүгд өөрсдийн замаар одох болно. Гэхдээ үнийг зогсоох боломжтой. Бүх зүйл бидний гарт бий” гэж хэлжээ. Түүний Европын холбоотой сөргөлдсөн цагаас эхлээд л шинжээчид “Хэрвээ бүс нутгийн асуудалд олон улсын нийгэмлэгийн зүгээс дэмжлэг үзүүлэхгүй бол Турк улс холбооноос гарч, ОХУ-тай холбоо байгуулна. Ингэснээрээ УАЦЭ-ийг хүчгүйдүүлнэ” хэмээн болгоомжлон бичиж байсан. Тэгвэл одоо харах өнцөг нь өөрчлөгдөж, Турк улс гарах биш, үлдвэл эвсэлд илүү аюултай гэж дүгнэх хандлагатай болжээ. Агамемнон хааны цэргүүд Трой хотыг эзлэхийн тулд аварга том морь бүтээгээд гэдсэнд нь орж, улмаар хотод нэвтрэн эзэлж авдаг тухай Гомерын туужид өгүүлдэг. Шинжээчид өдгөө уг туужаас жишээ авч, Турк улсыг эвсэлд үлдвэл “Трояны морь” болно гэж бичиж байна. Тэд Турк эвлслээс гаргах шийдвэрт нөлөөлөх замаар идэвхийг нь бууруулах вий гэж санаа зовсондоо ийнхүү бичиж байгаа юм. Турк ОХУ-тай ойртож, Армян дагаад, эрчим хүчний хамааралтай Зүүн Европын орнууд холбооноос зай барьчихвал бүс нутаг дахь хүчний харьцаа ОХУ-ын тал руу хэлбийнэ. Бүс нутагт хүчний харьцаа тэнцвэргүй болоод ирэхээр заавал зөрчил гардгийг бид Украины жишээнээс харсан. 

Р.Т.Эрдоган дээрх хурал дээр хэлсэн үгэндээ маш их түгшүүр төрүүлэхүйц бас нэгэн зүйлийг дурдсан нь алан хядлагатай тэмцэх арга замын тухай. Тэрээр “Лалын улс” зэрэг бүлэглэл нь үндэстний цэвэрлэгээ хийх бодлого явуулж байгаа тул бүх л аргаар тэмцэж устгахад бэлэн байна гэсэн утгатай үгэндээ Турк дэх Курдын ажилчдын нам, Сирийн “Өөрийгөө хамгаалах ардын отряд”-ыг оруулж хэлжээ. Тэднийг “Лалын улс”-тай зүйрлэж, хатуу ширүүнээр залхаах ёстой гэсэн санаа гаргасан байна. Түүний хэлснээр Турк улс курдуудыг алж, устгаж байгаа нь алан хядагчидтай идэвхитэй тэмцэж байгаа хэрэг, тиймээс олон улсын зүгээс хамтарч, энэ үйл хэрэгт нь туслах ёстой аж.

Эрсдэл №3
Туркт эмх замбараагүй байдал учирна

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлаарх санал асуулга хуудуутай болно, улмаар эсэргүүцлийн хөдөлгөөнийг Р.Т.Эрдоган хатуу ширүүнээр нухчин дарж, тэр нь Турк улсыг улс төрийн хямрал, цаашлаад эмх замбараагүй байдалд ч хүргэж болзошгүй гэж таамаглах хэсэг бүлэг санал асуулгын тов гарсан өдрөөс эхлээд л байсан. Хэрэг явдал ч яг л энэ таамгийн дагуу өрнөж байна. Р.Т.Эрдоганы бүрэн эрхийг нэмэгдүүлэх заалтыг Үндсэн хуульд оруулах шийдвэр гарсны дараа Станбул, Анкара, Измир гэсэн гурван том хотод нь эсэргүүцлийн жагсаал болсон. Энэ сарын 26-27-нд шилжих шөнө цагдаа нар 72 мужид нэгэн зэрэг ажиллагаа явуулж, 1000 гаруй хүнийг баривчилсан юм. 

Туркийн хүн амын 90 хувь нь лалын шашинтнууд, тэр тусмаа бүгд суннитууд. Тийм ч учраас шашин хоорондын зөрчлөөс үүдэлтэй хямралаас ямагт хол байсаар ирсэн. М.К.Ататурк улс гэрээ зарлан тунхагласнаас хойш Турк нь лалын шашинтай бусад орноос хамгийн нээлттэй, өрнөжсөн улс болж хөгжсөн түүхтэй. Газарзүйн байрлал нь ч үүнд нөлөөлсөн байж таарна. Гэтэл лалын шашны хуулийг эрхэмлэдэг Р.Т.Эрдоган Туркийг эргээд лалын хаагдмал улс болгохоор оролдож байгаа нь дотоодын хямрал руу түлхэх хангалттай шалтгаан яах аргагүй мөн. Тийм ч учраас түүний АНУ-д амьдардаг Фехулла Гюлен хэмээх “лүд”-тэй ард түмнээ ноцолдуулж байгаа, Ирак, Сирийн нутагт дайн өрнүүлж байгаа үйлдлийг курдээс гадна элэг нэгтнүүдээсээ болгоомжилсон, “анхаарал сарниулах” зорилготой ажиллагаа гэж үзэх үндэстэй. Чингис хааны гадаадад хийсэн аян дайны үндсэн гурван шалтгааны нэг нь “Дотоодын самууныг намжаахын тулд ард иргэдийн анхаарлыг өөр тийш нь чиглүүлэх” явдал байсан гэдэг. Энэ арга одоо ч ач холбогдлоо алдаагүй нь мэдээж. 

Р.Т.Эрдоганы баримталж буй харгис бодлого, бариа тавиа нь массыг хэтэрхий хамарч байгаа нь удахгүй иргэдийн дургүйцлийг туйлд нь хүргэж мэднэ. Бууны нохой Бинали Йылдеримийнх нь зарласан онц байдал ч олны бухимдлыг тогтоохоо болих тэр цагт Туркт төрийн эргэлт болох нь гарцаагүй. Өөрөө онц байдал тогтоосон ч мөнхийн онц байдалтай байна гэж юу байх билээ. Ард түмэн үнэхээр өөрчилье гэж шийдсэн л бол онц байдал ч нэмэргүй гэдгийг Египетийн жишээ харуулсан. Р.Т.Эрдоганыг өрнийн сургуулиудыг хааж, охидын хаалттай сургуулиудыг олноор байгуулах туркчууд Таксимын талбайдаа гарч ирж байсан удаатай. Р.Т.Эрдоган эсрэг санал өгсөн 49 хувийг харгисласаар байх юм бол туркчууд Таксимын талбай дээрээ дахиад гарч ирж л таарна. Хэрвээ эмх замбараагүй явдал даамжирч, төр улс хүчгүйдэж гэмээ нь өнөөх курдууд тусгаарлах гэж оролдох нь гарцаагүй.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Erdogan gej baritsgui nuhur bnaa. EU-iin zugees Turkiig negtgeh sonirhol bhgui. Yaj ch laliin shashintai ulsiig EU negtgehev de. Odoo NATO ni Turkees salahiin tuus bolj bh shig bna. Erdoganii bodloggui uildelees bolj Orosuudtai uttaggui dain degdeeh sonirhol NATO-d bhgui.

    0 0 Хариу бичих