Ж.Амгалан: Ерөнхийлөгч үүргээ мөр бүтэн, тэгш дүүрэн биелүүлсэн

С.Шийлэгтөмөр


Монголын медиа корпорацаас зохион байгуулж буй “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аян энэ удаад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үндэсний язгуур эрх ашиг, батлан хамгаалах бодлогын хүрээнд, энэ чиглэлд санаачлан хэрэгжүүлсэн ажлуудыг онцолж байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын ахлах референт, төрийн удирдлага-үндэсний аюулгүй байдлын стратегийн судлаач Ж.АМГАЛАНТАЙ ярилцлаа.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэр бүр хэлэлцэж өөрчлөөд байдаггүй Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг өөрчлөх санаачилга гаргаж УИХ-аар батлуулсан. Үүнээс ярилцлагаа эхлэх үү?

-Ерөнхийлөгчийн санаачилгаар Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчилж 2010 онд УИХ-аар батлуулсан. Төрийн тэргүүний үүрэг, хариуцлагын хүрээнд энэ үзэл баримтлалыг шинэчлэх нэлээд хэдэн шаардлага, үндэслэл байсан юм. Улс орныхоо тусгаар тогтнолыг сахин хамгаалахын тулд хамгийн их үүрэг хүлээдэг хүн бол Ерөнхийлөгч байдаг.

Одоогийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөж байгаа 14 хууль тогтоомжийн  56 зүйл, заалтын хэрэгжилтийг хариуцаж 150 гаруй ажил арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг ногддог учир эх орон, тусгаар тогтнол гэж ямар үнэ цэнэтэй зүйл болохыг хамгийн их мэдэрдэг албан тушаал юм л даа. Улс, орон бүрийн Ерөнхийлөгч нар улсынхаа тусгаар тогтнолыг сахин хамгаалахын тулд санаачилга гаргаж идэвхтэй ажилладаг хүмүүс байдаг нийтлэг жишиг л дээ. Энэ утгаараа Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал бол эхний ээлжинд шахам барьж авч, санаачлан боловсруулсан эрх зүйн баримт бичиг. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэдэг Монгол Улсын төрөөс тусгаар тогтнолоо эрхэмлэж үндэсний аюулгүй байдлаа хангах ажлын удирдамж, зааварчилга гэж ойлгож болно. Дөрвөн том бүлэгтэй энэхүү баримт бичигт үндэсний аюулгүй байдалтай холбоотой эрхэмлэж явах бүхнээ тусгасан байдаг. Монголын ард түмэн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа уншиж судалж байх хэрэгтэй юм шиг санагддаг. Нийгэмд үүсч буй бүх асуудлыг хэрхэн зохицуулж авч явах талаар маш энгийнээр тодорхой заачихсан удирдамж. Манай Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг гаднын улс орнууд сонирхдог. Киргиз, Израйль, Казахстан, Серби зэрэг улс орнууд манай улсын Үндэсний үзэл баримтлалыг орчуулан судалсан, судлаачид нь өндөр үнэлдэг юм билээ.

-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа шинэчлэн баталснаар Монгол Улсад ямар давуу тал, боломж бий болсон бэ?

-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа шинэчилснээр гадаад талаас тодорхой хэмжээний хамгаалалт бий болж, зарим бүдэг ойлголтуудыг арилгаж байгаа юм. Даяарчлагдаж буй олон эрсдлээс урьдчилан сэргийлж буй нэг арга. Манай улстай харилцаж байгаа улс орнууд аюулгүй байдал талаасаа ямар үзэл баримтлалтай улс вэ гэдгийг судалдаг. Улмаар энэ улстай ямар асуудлаар, ямар төвшинд харилцаж болох вэ гэдгээ тодорхойлдог. Энэ бүхний хариултыг бид Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаараа өгдөг. Тухайлбал, хоёр хөрштэйгөө сайн хөршийн найрсаг харилцаатай байж хамтын ажиллагаагаа өргөн хүрээнд хөгжүүлнэ. Мөн үндэсний эрх ашгаа нэгдүгээрт тавьж энх тайванч, тогтвортой байдлыг эрхэмлэнэ гэдгээ заасан байдаг. Гуравдагч хөршийн тухайд Монгол Улс ардчилсан орны хувьд дэлхийн улс орнуудтай улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн гэх мэт олон талаар харилцаагаа хөгжүүлнэ гэдгээ энэ удирдамждаа баталгаажуулаад тусгачихсан. Монгол Улс бие даасан тусгаар улсын хувьд олон тулгууртай гадаад бодлогыг эрхэмлэн дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагатай идэвхтэй хамтарч ажиллана гэх зэргээр гадны сонирхол татдаг олон зүйлийг ил тодорхойлчихоор хэн ч тэгсэнгүй, ингэсэнгүй гэхгүй болсон. Батлан хамгаалах салбарын тухайд хоёр хөрш, НАТО-гийн орнууд, Европын холбоо, Ази, Номхон далайн орнуудтай аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллаж энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцохоо илэрхийлсэн. Манай улс сүүлийн жилүүдэд энхийг дэмжих ажиллагаанд цэргүүдээ илгээж амжилттай оролцож байгаа нь үүнтэй холбоотой.    

Улс орныхоо тусгаар тогтнолыг сахин хамгаалахын тулд хамгийн их үүрэг хүлээдэг хүн бол Ерөнхийлөгч байдаг.  Одоогийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөж байгаа 14 хууль тогтоомжийн  56 зүйл, заалтын хэрэгжилтийг хариуцаж 150 гаруй ажил арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг ногддог учир эх орон, тусгаар тогтнол гэж ямар үнэ цэнэтэй зүйл болохыг хамгийн их мэдэрдэг албан тушаал юм л даа. 

-Батлан хамгаалах бодлогын үндэс мөн шинэчлэгдсэн. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа шинэчилсэнтэй холбоотойгоор хийгдсэн шинэчлэл үү?

-Монгол Улс аюулгүй байдлаа ийм үзэл баримтлалаар авч явна гэдгээ тодорхой болгосны дараа энэ бүхнээ ямар бодлого, арга тактик, процессоор хэрэгжүүлэх вэ гэдгээ тодорхойлох шаардлага гарсан. Улсынхаа тусгаар тогтнолыг сахин хамгаалах, нутаг дэвсгэрээ бүрэн бүтэн байлгах нь мэдээж батлан хамгаалах салбартай нягт холбоотой. Улсын хэмжээнд яригдаж байгаа батлан хамгаалах бодлогыг энгийнээр тайлбарлахад хүнээр бол биеэ зөв авч явах л гэсэн үг. Зөв хүн зөв л явдаг шүү дээ. Түүнтэй яг адилхан. Олон эрдэмтэн, судлаачийг хамруулж батлан хамгаалах бодлогоо удаан хугацаанд судалсан байдаг юм. Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд арвин их материал цуглуулж судалгаа сайн хийлгэсэн. УИХ-ын 2015 оны 85 дугаар тогтоолоор баталсан Батлан хамгаалах бодлогын үндэс бол энэ салбарын Үндсэн хууль, төртэйгөө байгуулсан гэрээ нь гэсэн үг. Байлдагч, генерал гээд хэн ч байсан энэ гэрээг хэрэгжүүлэх үүрэгтэй. Ер нь манай үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Батлан хамгаалах бодлогын үндэс гэсэн баримт бичгүүдийг  ирээдүй рүүгээ харсан,  чадамж өндөртэй гэж гадна, дотны судлаачид үздэг нь олон талын өргөн агуулгатай баримт бичиг гэдгийг л харуулж байгаа байх.

-Ойрын хугацаанд өөрчлөлт оруулах шаардлага гарах болов уу. Та судлаачийн хувьд юу гэж харж байна?

-Өөрчлөлт оруулах эсэх цаг хугацаа, нөхцөл байдлаас л хамаарна байх. Үүнийгээ  хэрэгжүүлээд явахад хоёр хөрш болон гуравдагч хөрш гэгддэг улс орнууд манай аюулгүй байдлын бодлогыг сайн ойлгохоор бодлогын баримт бичгүүд болсон. Энэ бүхэн нь Ерөнхийлөгч батлан хамгаалах салбарынхаа бодлогод их анхаарч ажилласны бодит үр дүн юм. “Хаан хүний гавьяагаар ард түмэн жаргадаг” гэж Чингис хааны хэлсэн гэсэн үг бий. Үүнтэй адилхан батлан хамгаалах салбарын чиг шугамыг  тодорхойлсон бодлогыг зөв хэрэгжүүлбэл улс орон амар тайван байна. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, түүнд суурилсан Батлан хамгаалах бодлогын үндсээ нэлээд чамбайруулж батлахгүй бол энэ цаг үед мэдээж болохгүй. Эдгээр баримт бичгүүдийг сайн дархлаатай, доторхи агуулга нь тодорхой  байж л хөрш улс орнуудтайгаа аюулгүй байдлын талаар хэл амаа ололцоно. Ийм учраас манай улс ийм ийм аргаар ажиллана шүү гэдгээ ч тодорхой тусгасан. Дэлхийн улс орнуудад өөрийгөө хамгаалах цэргийн болон цэргийн бус арга гэсэн олон арга зам байдаг. Монгол Улсын хувьд газар нутгийн байршил өвөрмөц, хоёр том хөршийн дунд оршдог, өөрийн түүхэн онцлогтой. Үндсэндээ 1990 он хүртэл ЗХУ-ын нөмөр нөөлөг дор хэрэгжиж байсан манай батлан хамгаалах салбарын бодлого бие дааж эхэлсэн боловч харьцангүй залуу шүү дээ. Гэвч бие дааж эхэлсэн тэр үеийг бодвол энэ салбарт жилээс жилд шинэ гарц, боломжууд бий болж, бодлогоо явуулах эрх зүйн орчин Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн дэмжлэг, санаачилгаар энэ бүрэн эрхийн хугацаанд бүрдээд байна.

-Хамгийн сүүлд батлан хамгаалах салбарын багц хуулиа баталлаа шүү дээ?

-Энэ багц хууль багагүй удаж, их чамбай судалгааны үндсэн дээр боловсруулагдаж,  УИХ-ын ээлжит бус чуулганаараа батлагдсан. Эх орныхоо тусгаар тогтнолыг чанд сахин хамгаалахад мөрдөх, зохицуулах гол баримт бичгийн нэг, багц асуудал энэ юм. Тийм ч учраас батлан хамгаалах салбарын багц хуулийг Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд шинэчлэн боловсруулж батлуулсан. Үүнд батлан хамгаалах салбарынхан сэтгэл өндөр байгаа. Батлан хамгаалах салбарын багц хуулийн төслийг боловсруулахдаа гадаад, дотоод нөхцөл байдал, улсынхаа бодит боломж бололцоог бүх талаас нь судалж үзээд зэвсэгт хүчнийг нэгдмэл, төрийн цэргийн байгуулал ийм байх нь зүйтэй гэж үзсэн. Төрийн цэргийн байгууллагуудын гүйцэтгэх үүрэг нь хуулиараа харилцан адилгүй ч гэсэн эрх зүйн хэм хэмжээ, дүрэм, стандарт, цол, бие бялдрын бэлтгэлжилт гээд ижил түвшинд байх зүйл их байдаг. Эдгээр нь зохицуулагдсан. Улс орны батлан хамгаалах бодлогодоо, тэр салбартаа дүн шинжилгээ хийдэг батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагчийг бий болгож улсын хэмжээнд батлан хамгаалах бодлого ямар байна вэ гэдгийг дүгнэдэг болсон гээд их олон зохицуулалт шийдэгдсэн.

-Монгол цэргүүд энхийг сахиулах ажиллагаанд тууштай оролцсоор байх уу. Бодлогын баримт бичгүүдэд энэ талаар юу гэж тусгасан бэ?

-Олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоно гэдэг нь Монгол Улс үндэсний аюулгүй байдлаа хангаж байгаа нэг арга, хэлбэр. Энэ үүргээ манай цэргүүд нэр төртэй гүйцэтгэж байна. Бүр том утгаар нь авч үзвэл Монгол Улс дэлхийн энх тайвны төлөө зүтгэж байна шүү дээ. “Монгол Улс бидэнд ингэж тусалж дэмжиж, дэлхийн энх тайвны төлөө хамтран зүтгэж байгаа учраас бид ч бас тусалж дэмжих ёстой” гэсэн нааштай хандлага бий болсон. Үүний илэрхийлэл нь олон улстай хамтран хийдэг “Хааны эрэл”, ОХУ, БНХАУ-тай хийдэг цэргийн сургалт гээд хамтын ажиллагаанууд өргөжиж байна. Дэлхийн энх тайвны төлөө хамран зүтгэж байгаа учраас хамтарч бэлтгэл хийе, сургая, бас суралцъя гэдэг байдлаар хандах болсон. Тийм ч учраас “Хааны эрэл” олон улсын сургалтад оролцох улс орон, цэргийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Энэ бол батлан хамгаалах бодлогын эрх зүйн баримт бичиг нь тодорхой, монгол цэргүүд энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож байгаагийн үр дүн. Нөгөө талаар цэргийн албан хаагчдаа бусад улс оронд сургаж бэлтгэхэд маш их зардал гарна. Манай улсад цэргийн албан хаагчдаа ингэж сургах эдийн засгийн боломж одоохондоо хязгаарлагдмал. Тиймээс олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох замаар бид албан хаагчдаа сургаж байна. Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон манай албан хаагчдын эх орноо аюулгүй байлгах тухай ойлголт, зэвсэг, техник эзэмших чадвар маш их нэмэгдээд дэлхийд танигдаад, итгэл бий болгоод ирдэг. Мөн улс орны тусгаар тогтнол, эрх чөлөө, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал гэдэг ямар чухал үнэ цэнэтэй зүйл болохыг бүрэн ойлгочихоод ирдэг.

-Цэргийн алба хаасан залуус улс орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын үнэ цэнийг илүү мэдэрдэг. “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан хүмүүс ч ялгаагүй байх. Ерөнхийлөгч энэ хөтөлбөрийг анх санаачлахдаа хаанаас сэдэл авсан юм бол?

-Үндсэн хуульд “Иргэн бүр эх орноо хамгаалах үүрэгтэй” гээд заачихсан, төрийн гэрээ байгаа. Улс орноо батлан хамгаалахын тулд илүү их хүч хэрэгтэй. Тэр хүч нь бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Гэтэл бүх иргэнээ байг гэхэд эрчүүдээ бүгдийг нь сургах ч боломж хязгаарлагдмал. Тиймээс өөр ямар арга байна вэ гэдгийг судалж үзэж байгаад цэргийн алба хаах арга хэлбэрийн хүрээг нь өргөх зорилгоор “Оюутан цэрэг” хөтөлбөрийг Ерөнхийлөгч санаачлан хэрэгжүүлсэн. Хамгийн анх хэрэгжүүлж эхлэхэд  зарим цэргийн мэргэжилтнүүд “Энэ ч юу л бол доо, ямар санаачилга вэ” гэж хүлээж авч байсан тухайгаа одоо ярьдаг юм. Гэтэл үүнийг олон нийт шууд дэмжин хүлээн авч амжилттай хэрэгжсэн. Тиймээс үүнийг цааш нь үргэлжлүүлэх нь зүйтэй юм байна гэсэн нэгдсэн ойлголтод хүрээд байгаа. Хамгийн анх зөвхөн Улаанбаатар хотод хэрэгжих эхэлсэн бол одоо Дорнод, Орхон, Ховд аймагт бүсчилсэн байдлаар хэрэгжүүлээд 3500 гаруй оюутан хамрагдчихсан явж байна. Ерөнхийлөгчийн санаачилгаар шинээр батлагдсан батлан хамгаалахын багц хуульд албан ёсоор суулгаж өгсөн. Одоо “Оюутан цэрэг” хөтөлбөр хуульчилагдсан, цаашид тууштай хэрэгжинэ гэсэн үг.

-Оюутнууд цэргийн алба хаахаас гадна ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд албан ёсоор цэргийн эрдэмд суралцах боломжтой болсон. Энэ боломжийг “Тэмүүжин өрлөг” сургууль олгож байгаа. Энэ сургуулийг байгуулах болсон шалтгаан юу байв?

-Оросын Александр Васильевич Суворов  жанжны нэрэмжит Суворовын сургууль гэж байдаг шүү дээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Орос улсад өчнөөн хүүхэд аав, ээж, гэр оронгүй болж хоцорсон. Тэр хүүхдүүдэд төрийн ямар халамж үзүүлэх вэ гэдгийг судлаад Суворовын сургуулийг байгуулсан түүхтэй. Энэ сургууль хэлбэршиж хөгжсөөр одоо дэлхийн хэмжээнд жишиг болж Суворовын сургуулийг төгссөн хүн гэвэл эх орны цэрэг мөн гэж хүлээн зөвшөөрөгддөг болжээ. Манайд энэ жишгээр эхэлж байгуулагдсан, хоёр орны гэрээний дагуу манай улсын хүүхдүүд ч Орост очоод амжилттай суралцаж байна. Хүүхэд багаасаа жинхэнэ  витязь болох зам эндээс л эхэлдэг.

-Манайд анх байгуулагдаж байсан халамжийн чиглэлээ өөрчилсөн гэсэн үг үү?

-Ерөнхийлөгч санаачлан Суворовын нэрэмжит сургуультай яг адилхан зарчмаар “Тэмүүжин өрлөг” сургууль байгуулах тусгайлсан зарлиг гаргаж, Засгийн газрын тогтоолоор байгуулсан. Эхлээд нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдийг сургаж байсан бол одоо тэр хүрээнээсээ халиад эцэг, эхчүүд хүүхдээ энэ сургуульд оруулах гэсэн өрсөлдөөн бий болсон. Энэ хэрэгцээ шаардлагыг үндэслэн цаашид энэ сургуулийн салбаруудыг орон нутагт нээх тухай судалж байна.  Ийм сургууль  дэлхийн 20 гаруй оронд бий. Ерөнхийлөгчийн энэхүү санаачилгыг ард түмэн мэдрээд дэмжин хүлээж авсан, нэг тийм хүлээлт ч байсан юм шиг билээ. 

-Үндсэн хуульд “Иргэн бүр эх орноо хамгаалах үүрэгтэй” гэж заасан байдаг. Сурагч, оюутнуудаа цэргийн эрдэмд сургаад ч нийт иргэдээ энэхүү үүргээ биелүүлэхэд нь бэлтгэх боломжгүй. Тиймээс Ерөнхийлөгч нийт иргэдээ бэлтгэх уриалга гаргаж байсан санагдаж байна. Энэ уриалга үр дүнгээ өгч байгаа юу? 

-Монгол Улс дайн дажингүй ч гэсэн эх орноо хамгаалахад бэлтгэгдсэн, аюулгүй орчинд амьдарч чадах иргэдтэй байж л амар тайван амьдарна. Тиймээс Ерөнхийлөгч 2016 оны зургадугаар сарын 3-нд төрийн цэргийн болон хүчний байгууллагын дарга нарыг оролцуулсан уулзалт зохион байгуулж “Иргэнээ бэлтгэхэд анхааръя. Иргэнээ бэлтгээгүйгээс осол аваар, гамшигт өртөх эрсдэл өндөр байна” гээд “Эх орноо хамгаалахын тулд иргэний бэлтгэе” гэсэн санал, санаачилга дэвшүүлсэн. Одоо бүх цэргийн ангиуд үндсэн үүргээсээ гадна байгаа газрынхаа иргэдийг аюулгүй амьдрахад бэлтгэх сургалт дадлагын бааз, цэрэг-иргэний харилцааны төв болох ажлууд эхэлсэн. Иргэдийг эх орноо хамгаалах, аюулгүй орчинд аж төрөх, бэрхшээл, эрсдлийг даван туулах чадвартай болгох энгийн боловч маш чухал санаачилга юм л даа.  
Товчхондоо, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, язгуур эрх ашгаа сахин хамгаалах олон талт, нэн ээдрээтэй  үүргээ мөр бүтэн, тэгш дүүрэн, хэрсүү ухаанаар авч яваад дараагийн үедээ хүлээлгэн өгөх цаг ойртож байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 254 , 8, 19 , 12

АРДЫН ҮГ: Ерөнхийлөгчийн батлан хамгаалах, энхийг сахиулах чиглэлээр хийсэн ажлуудыг танилцуулж байна
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. yamar byalduuch hulgaich ve Shudarga Nyamdorj guai hurtel Elbegdorjiig suuliin 8 jil Mongol uls bolon 2 tom namyg suiruulsen gej helsen sh tee har bugs doloogch guai

    0 0 Хариу бичих
  2. Хүзүүгүй хүн ийглээс хувь эзэмшдэг болсон юм шиг санагдах юм, уул нь ажилладаг хүмүүс нь арайч урвахгүй байх аа.

    0 0 Хариу бичих
  3. цаазын ялыг халж нийгэмд яргачин, хар тамхичин зэрэг муухай бүхнийг цэцэглүүлсэн хүн ажлаа сайн хийсэн байх уу

    0 0 Хариу бичих
  4. Энэ хүн хийх естой ажлаа хийсээн, гэхдээ өөрийнхөө төрөлх намыг хагардуулж хүний нохойьой нийлж улсаа түвээж ГОК ийг авч МБ хүртэл хяналтаа тогтоож олон зүйлээр ухарч бид ямар байдалтай аж төрж баыгаа билээ. Дэндүү донгосч чаддаг хуурамж нүүртэй бас аймхай араа яаж хамгаалж 17-20 жил ханилсан нөхрөө мурьж байгааг нь харахаар хүний шаар адгийн новш,

    0 0 Хариу бичих