Ерөнхийлөгчийн батлан хамгаалах, энхийг сахиулах чиглэлээр хийсэн ажлуудыг танилцуулж байна

А.Санчир


Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлыг хангах, улсыг батлан хамгаалах болон гадаад харилцааны талаар хуулиар олгогдсон бүрэн эрхүүдийг эдэлж, тодорхой чиг үүргүүдийг эдэлдэг. Тухайлбал Ерөнхийлөгч гадаадад улсаа бүрэн эрхтэй төлөөлөх бөгөөд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдэг. Энэ бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн найман жилийн хугацаанд ямар санал, санаачилга гаргаж, хэр идэвхтэй ажилласан бэ. Үүнд “Ардын үг” зөвлөлдөх аяны ээлжит хэлэлцүүлгээр хариу өгч, дүн  тавих гэж байна.

Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд батлан хамгаалах, энхийг сахиулах чиглэлээр, мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдгийн хувьд улс орноо хилийн чанадад төлөөлөх, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хэрхэн баталгаажуулах, даян дэлхийн энх тайвны төлөөх үйлсэд гар бие оролцох талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гаргасан санаачилга, зарлиг, хийсэн алхмууд олон. Энэ бүхнийг товч тоймлон хүргэе.   

Дэлхийд нэр хүндтэй монгол цэрэг

Монгол Улсын хувьд анх 2002 онд хоёр алба хаагчийг Конго улсад энхийг дэмжих ажиллагаанд илгээснээр НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож эхэлсэн түүхтэй. Түүнээс хойш 15 жил энхийг сахиулах үйл ажиллагаанд тасралтгүй оролцож байна. Монгол цэргүүд НҮБ-ын цэнхэр дуулгатнуудын эгнээнд багтан даян дэлхийд энх тайван тогтоох үйлсэд оройлон оролцож буй. Манай улс өнгөрсөн 15 жилийн хугацаанд давхардсан тоогоор нийт 14 мянга 148 алба хаагчийг хилийн чанадад илгээж, энхийг дэмжих ажиллагаанд оролцоод байна.

Бүр тодруулбал, манай улсаас 2002-2008 онд энхийг дэмжих ажиллагаанд нийт 2978 алба хаагч оролцсон байдаг. Харин сүүлийн найман жилийн хугацаанд энэ тоо дөрөв дахин нэмэгдэж 11178-д хүрчээ. Мөн 2012 оноос хойш нэг жилд дунджаар 1500 алба хаагч Монгол Улсаа төлөөлөн энхийг дэмжих ажиллагаанд оролцдог болсон юм.

Ийнхүү энхийг дэмжих ажиллагаанд оролцох нь ямар ач холбогдолтой вэ. Энэ талаар ЗХЖШ-ын АУГ-ын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ж.Молорболд “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох нь улс төр, дипломатын аргаар тусгаар тогтнол, аюулгүй байдлаа бэхжүүлж байгаа юм” хэмээн товч тодорхой хэлсэн. Мөн түүний хэлснээр манай улсаас АНУ, Итали, БНХАУ, Герман зэрэг улсад цөөнгүй тооны хүн энхийг сахиулах ажиллагаа болон цэрэг армийн бусад чиглэлээр суралцдаг ажээ. Түүнээс гадна энхийг дэмжих ажиллагаанд оролцсон цэргийн алба хаагчдын нийгмийн асуудалд зориулан НҮБ-аас анх 1028 ам.доллар олгодог байжээ. Харин 2016 оны долдугаар сард 1335 ам.доллар болгож нэмсэн байна. Ирэх долдугаар сараас энэ мөнгө 1735 ам.доллар болох аж. Мөн энхийг дэмжих ажиллагаанд оролцсон алба хаагчдын энэхүү мөнгөний 60 хувийг өөрт нь, 40 хувийг Монгол Улсын зэвсэгт хүчинд хуваарилагддаг байжээ. Харин 2011 онд Засгийн газар шийдвэр гарч 70 хувийг алба хаагчид, үлдсэн 30 хувийг Зэвсэгт хүчинд өгөхөөр болсон юм. Энэ бүхэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар санаачлан шийдвэрлэсэн эерэг, нааштай алхмуудын нэг.

Энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцсон Монгол Улс оролцох болсноор олон улсад нэр хүндээ өсгөж, дэлхийн хамтын нийгэмлэгт өөрийн гэсэн байр сууриа дархалсан нь том ололт юм. Манай зэвсэгт хүчний цэргүүдийн мэргэжлийн ур чадвар маш өндөр гэдгийг 2003 оноос хойш харуулж чадаж байгаа. Монголын цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж яваа улсдаа гурван зүйлээр бусад улсаас эрс ялгардаг. Нэгдүгээрт, сахилга зохион байгуулалт маш өндөр байдаг. Хоёрдугаарт, тухайн үүрэг гүйцэтгэж байгаа улсдаа, тэр орчиндоо дасан зохицох чадвар маш сайтай. Цаг агаарын 50, 60 градусын зөрүү гарахад ердөө долоо хоногийн дотор дасан зохицчихдог. Гуравт, монголчууд юмхнаар юм хийдэг гэж ярьдаг шиг манай алба хаагчид тэр тал дээрээ маш авьяастай. Үүнийг энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцсон бусад улс орнуудын зэвсэгт хүчнийхэн хүлээн зөвшөөрдөг бөгөөд заавал монгол цэргүүдээр хамгаалалт авна гэсэн санал тавих тохиолдол ч гардаг байна. Энэ бол Монгол Улс, Монгол Улсын зэвсэгт хүчний нэр хүнд өндөр байгаагийн илрэл. Тиймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны есдүгээр сард АНУ-аас зохион байгуулсан Энхийг сахиулах ажиллагааны асуудлаархи дээд хэмжээний уулзалтад хүндэт зочноор уригдаж байсан юм. Энэ уулзалтаар энхийг сахиулах үйлсэд хамгийн идэвхтэй оролцож, өндөр хувь нэмэр оруулдаг 20 улсын нэгийн хувьд манай улсын төрийн тэргүүн дэлхий нийтэж өрнөж буй энхийг сахиулах ажлын үр дүнг хэлэлцэж, ойрын ирээдүйн төлөв байдлыг тодорхойлолцсон билээ.

“Тэмүжин өрлөг”-өөс “Оюутан цэрэг”

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан эхлүүлсэн ажлуудын нэг нь “Тэмүжин өрлөг” сургууль болон “Оюутан цэрэг” хөтөлбөр. Түүний санаачилгаар “Оюутан цэрэг” хөтөлбөрийг 2014 онд баталсан юм. Уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр 2014 онд 418 оюутан, 2015 онд 995 оюутан, 2016 онд 1000 оюутан хамрагдсан юм. Ноднин жилийн “Оюутан цэрэг” хөтөлбөрт хөдөө орон нутагт хэрэгжсэнээрээ онцлог байв. Орон нутагтаа их, дээд сургуультай аймгуудын удирдлагууд, нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу энэ хөтөлбөр Ховд, Дорнод аймагт хэрэгжсэн юм. Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын цэргийн насны оюутан залуус иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцлийг нэмэгдүүлэх, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийсэн чухал арга хэмжээ болсон төдийгүй Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлсэн юм. Оюутан залуус цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болон төлөвшсөнөөр дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгааг албаныхан онцолж байгаа юм. Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөр мөн орон нутагт Дорнод, Ховд аймгуудад хэрэгжихээр болоод байгаа билээ.

Ерөнхийлөгч ОХУын Суворовын сургуультай адил төстэй сургууль байгуулах чиглэлийг Батлан хамгаалах яам болон Батлан хамгаалахын их сургуулийн удирдлагад өгсөн юм. Үүний дагуу Батлан хамгаалахын сайдын 2010 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн 79 тоот тушаал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2010 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 435 дугаар захирамж гарч “Тэмүжин өрлөг” бүрэн дунд сургууль байгуулагдсан юм. Тус сургууль Монгол Улсынхаа хөгжил дэвшилд манлайлан оролцох оюуны өндөр чадавхитай, бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй, хүмүүнлэг иргэнийг төлөвшүүлэх эрхэм зорилготой. Үйл ажиллагааны хувьд нийгэм хүмүүнлэг, байгал, техникийн ухааны хичээлүүдийн стандартыг хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийг сургуулийнхаа онцлогт тохируулан  чанартай боловсруулж, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэхийн зэрэгцээ цэргийн анхан шатны боловсрол олгодгоороо онцлог.

Ийнхүү Монголдоо цорын ганц цэргийн сургалттай “Тэмүжин өрлөг” бүрэн дунд сургууль байгуулагдсанаар зэвсэгт хүчний залуу халаа бэлтгэгдэж, цэрэг эх оронч хүмүүжлээр хүмүүжиж байгаа юм. Тус дунд сургуулийн сонсогчдын 30 хувь нь цэргийн албан хаагчдын хүүхдүүд. Өөрөөр хэлбэл удам залгасан зэвсэгт хүчний алба хаагчид юм. Жил бүр 50 хүүхэд элсүүлдэг энэхүү бүрэн дунд сургуульд суралцахын төлөө 300-400 хүүхэд өрсөлддөг байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 255 , 8, 19 , 12

АРДЫН ҮГ: Ерөнхийлөгчийн батлан хамгаалах, энхийг сахиулах чиглэлээр хийсэн ажлуудыг танилцуулж байна
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. манай ерөнхийлөгч мундаг, гэхдээ төр улсаас минь холхон байг

    0 0 Хариу бичих
  2. hiisen ajil chin hunii nudend uzegdej, ajil amidrald medegddeg yum shdee, ternees bish udur bolgon bi iim yum hiilee, manai suganii usnuud nadad 8 onoo ugluu geed bicheed nemergui

    0 1 Хариу бичих