“Хаяагаа хадардаггүй” гэх үгийг Ж.Эрдэнэбатад хаяглах хүн байж магадгүй. Гэхдээ энэ бол ханилж яваад нөхрөө, унаж яваад морио сэлгэсэн явдал огтоос биш бөгөөд ажлын хариуцлага алдсан журмын нөхөртөө найр тавихгүйгээр улс орны эрх ашгийн төлөө хариуцлага тооцсон явдал мөнөөсөө мөн.
“Дарга нар лаагаа иднэ үү луувангаа иднэ үү хамаагүй” гэдэг шиг Дорж, Дулмаад огтхон ч падлийгүй болтлоо нэгнийгээ өмөөрч, хамгаалж, албан тушаалд нь авч үлддэг жишиг сүүлийн жилүүдэд Монголд эрчээ аваад байв. Төрийн өндөр дээд албан тушаалтнууд бие биендээ хариуцлага тооцдоггүй байдал нь ард түмэнд “Чоно явж л байдаг буга өвсөлж л байдаг” гэх үгийг санагдуулам болтлоо улиг болж, нэг хэсэг нь буруутныг шүүх сонирхолгүй хаацайлах маягтай болчихсон байсан нь нууц биш. Тэгвэл мэргэжлийн гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын Засгийн газар кабинетынхаа сайдад хариуцлага тооцох ажлыг эхлүүллээ. Товчхондоо, төрийн ажлыг цалгардуулсан, алдаа дутагдал гаргасан удирдах албан тушаалтан ажлаа өгдөг, огцордог шинэ соёлын үрийг тэр түүчээлж байна.
Өмнө нь 2007 онд Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын үед хоёр сайддаа хариуцлага тооцуулахаар гүйцэтгэх засаглалын тэргүүн М.Энхболд УИХ-д өргөн мэдүүлж байсан юм. Хэдийгээр хамтарсан Засгийн газар байсан ч М.Энхболд улс орны өмнө хариуцлага алдсан сайдуудынхаа толгойг илж, зөөлөн сандалд нь суулгахгүйгээр асуудлыг хууль тогтоох байгууллагаар шийдүүлж байсан түүх бий. Үүнээс хойш 11 жилийн дараа журмын нөхөр минь хэмээн найр тавилгүйгээр улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьсан Ж.Эрдэнэбат сайд сайн жишгийг үргэлжлүүлж байна.
энэ бол ханилж яваад нөхрөө, унаж яваад морио сэлгэсэн явдал огтоос биш бөгөөд ажлын хариуцлага алдсан журмын нөхөртөө найр тавихгүйгээр улс орны эрх ашгийн төлөө хариуцлага тооцсон явдал мөнөөсөө мөн.
Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж. Батсуурийг огцруулах асуудлыг Ерөнхий сайд өчигдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлж, өнөөдрийн чуулганы хураллдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Сайдыг огцруулах үндэслэлд Монгол Улсад анх удаа элсэлтийн шалгалтын тест задарч, шалгалт дахин явуулсан. 29-р тусгай сургуульд хүүхдийн эрх зөрчсөн үйлдлүүд удаа дараалан гарсан зэргийг дурджээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Боловсролын салбараа удирдаж чадаагүй, яам дотроо хэл амаа ололцож чадахгүй, хэдэн тийшээ хараад суучихдаг, ажил цалгардсан асуудал энэ салбарт удаа дараа гарсан. 2017 оны хоёрдугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ажлын хэсэг гарч БСШУСЯ-нд шалгалт хийсэн. Сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг нь байлгаж байгаад Ерөнхий сайд үүрэг өгсөн. Мөн сая Ерөнхий боловсролын сургуулийн шалгалтын материал ил болсон нь асуудал дээр ч мөн ажлын хэсэг гарч ажилласан. Монгол Улсад ерөнхий боловсролын 39 мянган сурагч дахин шалгалт өгч байгаа явдал анх удаа гарч байна. Энэ хэрээр боловсролын салбарын үйл ажиллагаа ямар байгаа, нэр хүнд нь эцэг эхчүүд болон сурагчдын дунд унаж буй нь Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой асуудал. Тиймээс Ерөнхий сайд бүрэн эрхийн хүрээнд салбарын сайддаа хариуцлага тооцож байна. Цаашлаад энэ яамны хариуцлага алдсан дээд, дунд, доод албан тушаалтнуудад хариуцлага тооцогдоно” гэсэн юм.
Ганц БСШУ-ны сайдад хариуцлага тооцоод зогсчихгүй, алдаа доголдол хаана гаргана тэр хүнд арга хэмжээ авдаг байдал үргэлжлэх аж. Өнгөрсөн дөрвөн жилд хариуцлага тооцох байдал алга болж, алдаа гаргасан ч яаж ийгээд суудалтайгаа үлддэг байсан. Жишээ татахад, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудал хөндөгдөж байсан ч Ерөнхий сайд нь цээжээрээ хамгаалаад авч үлдсэн. Ерөнхий сайдыг огцруулах тухай яриа ч гарч байв. Хариуцлага тооцох энэ мэт асуудлыг Ерөнхий сайд нь эсвэл намын журмын нөхөд нь бус сөрөг хүчний зүгээс гаргаж тавьдаг байсан “ардчилсан” улсад Ж.Эрдэнэбатын энэ үйлдэл сайн жишиг болоод байгаа юм.
Улс орныг хөгжүүлэхийн тулд хүний өөрийн гэхгүйгээр ямбыг нь эдэлж болсон албан тушаалынх нь ялыг нь давхар үүрүүлж, хариуцлага тооцож байж бид ухрах бус урагшлах учир Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын энэ үйлдэл зөв байлаа.