-“Нислэг төв”-д өнгөрүүлсэн нэг өдөр-

Та амьдралынхаа аль нэг өдөр даль жигүүрээ нэг л дэвэхэд хүссэн зүйлдээ хүрч чаддаг жигүүртэн уудам хөх тэнгэртээ дураараа халин нисэхдээ юу мэдэрч, юунд тэмүүүлдэгийг өөрийн биеэр мэдрэхийг хүсч байсан уу. Эх орондоо яг л шувуу мэт хөх тэнгэрт хүслээрээ дүүлэн нисэх мэдрэмжийг өөрийн биеэр мэдрэх боломж бүрдсэн талаар сонссон уу. Илүү тодруулан хэлбэл энэ боломжийг бидэнд Монгол Улсын Гавьяат нисгэгч Т.Сугарын нэрэмжит "Хэт хөнгөн онгоцны хөгжлийн төв" буюу “Нислэг төв” олгоод хэдийн дөрвөн жил өнгөрчээ.

Тэгвэл энэ удаа бид Төв аймгийн Эрдэнэ сумын Баян давааны ард орших “Цонжин болдог” хэмээх түүхэн газарт байрлах "Нислэг төв"-өөс сурвалжлагаа бэлтгэлээ.

“Цонжин болдог”-оос таван км явмагц зам дагуух салбар дээр “Нислэг төв” рүү очих замыг маш тодорхой заасан байх бөгөөд зааврын дагуу явсаар очиход тун чиг тохилог нам гүм амралтын газар биднийг угтав. Биднийг тус төвийг зорьдог өдөр /2017.05.25/ нэлээд салхитайгаас гадна ажлын өдөр байсан тул тэнд хөл хөдөлгөөн бага байв.

-Залуус нисч байхдаа романтикаар хайраа илчилдэг-

“Хүмүүс амралтын өдөр гэр бүлээрээ манайхыг их зорьдог. Залуу хосууд манайд ирж нислэгийн үеэр нэг нэгэндээ хайраа илчилдэг шүү. Би найз охиныг нь аваад нисэж байхад манай шүхэрчин найз залуугийнх нь өмнөөс “Би чамд хайртай. Надтай гэрлээч” гэх бичгийг тэнгэрт хийсгэж, хосуудад гэнэтийн бэлэг барьдаг. Мөн киноны, рекламны зураг авахаар хүмүүс манайхыг их зорьдог” хэмээн ярих энэ хүн бол "Нислэг төв"-ийн захирал, уулын шүхрийн мэр­гэж­лийн тамирчин, багш зааварлагч, Хэт хөнгөн онгоц болон автожирын нисгэгч  А.Александр юм.

Тэрээр 2013 онд Монгол улсад хөнгөн, хэт хөнгөн онгоцны нислэгийн үйлчилгээг хөгжүүлэхээр тус төвийнхөө үйл ажиллагааг эхэлжээ. Одоогоор тус төв Германд үйлдвэрлэсэн хоёр, Оросод үйлдвэрлэсэн хоёр хөнгөн онгоцтой бөгөөд тэд голдуу аялал жуулчлалын нислэг үйлддэг юм. Нислэгүүд нь зай болон хугацаанаасаа хамаараад өөр өөр үнэтэй юм билээ. Эднийх саяхан Иргэний нисэхийн ерөнхий газрын зөвшөөрлөөр тавдугаар зэрэглэлийн нислэгийн зурвастай болсон аж.

А.Александр гуай хүүхэд байхаасаа л нисгэгч болохыг мөрөөдөн МУ-ын Гавьяат нисгэгч Т.Сугар агсны шавь болж, энэ насаа Монгол улсын иргэний агаарын нисэхийн хөгжилд зориулж буй.

А.Александр гуай хүүхэд байхаасаа л нисгэгч болохыг мөрөөдөн МУ-ын Гавьяат нисгэгч Т.Сугар агсны шавь болж, энэ насаа Монгол улсын иргэний агаарын нисэхийн хөгжилд зориулж буй. Тэрээр анх хэт хөнгөн онгоцыг олон нийтэд таниулж, Монголын хэт хөнгөн онгоцны салбарыг хөгжүүлэхээр тус төвөө нээн нисгэгч бэлтгэхээс ажлаа эхлүүлж байсан бол одоо Онцгой байдал, хилийн цэрэг, эрүүл мэндийн салбарт хэт хөнгөн агаарын хөлгийг түлхүү нэвтрүүлэхийг зорилгоо болгон ажиллаж байгаа тухайгаа ярьсан. Мөн байгаль орчноо хамгаалах, аж үйлдвэрийн салбарт энэ төрлийн онгоцыг нэвтрүүлэх нь эдийн засагт хэмнэлттэйгээс гадна цаг хугацаа хожих боломжтой аж.

Яг л шувуу болсон мэт мэдрэмж төрнө...

Ингээд бид нисэхдээ бэлдэж, хувцсаа өмсөж байхад нисгэгч А.Александр “Энэ онгоцоор нисэхэд та нарт яг шувуу болсон мэт мэдрэмж төрнө” гэхэд нь дотроо бага зэрэг айсаар “Нисэх үү. Яах уу” хэмээн бодон онгоцондоо суусан юм, бид. Хөөрөхөөр бэлтгэл хангах хооронд анх удаа онгоцонд сууж, нисэх гэж буй би нисгэгч А.Александр гуайгаас “Айгаад тухгүй байвал хоёулаа эргээд газардаж болох уу”, “Хоёулуу хэдэн минут нисэх билээ. Миний толгой эргэх болов уу” гэх зэргээр элдвийг асууж шалгаахад тэрээр “Хүн бүхэн анх яг чам шиг ингэж айдаг юм. Харин тэнгэрт хөөрсний дараа “Ямар гоё юм бэ. Хол, удаан нисье” гэдэг шүү” хэмээн инээмсэглэсээр нислэгээ эхлэлээ.

Удалгүй онгоц сэнсэн далавчаа хурдтайгаар эргүүлсээр тэнгэрт дүүлэн нисэхэд Чингис хааны аварга том морьт хөшөө цогцолбор, Туул голын шугуй болон Өүлэн эхийн хөшөөг 600 метрийх дээрээс харахад айх нь байтугай ахиж илүү дээшээ нисмээр санагддаг юм билээ.

Монголдоо ганц байх “Нислэг төв” нь анх нисгэгч бэлтгэхээр үйл ажиллагаагаа эхэлж байсан тухай дээр дурдсан. Харин өдгөө тус төвд гэр бүлээрээ, хамт олноороо ирж алжаалаа тайлан амрангаа хөх тэнгэрт хүслээрээ дүүлэн нисэх бүхий л боломж бүрджээ. “Бид онгоцнууддаа өглөө болгон засвар үйлчилгээ хийж, нарийн хяналтан дор үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс эрсдлээс айх хэрэггүй. Бидэнд итгээд л сайхан мэдрэмжийг хүртэх хэрэгтэй” хэмээн нисгэгч А.Александр гуай итгэлтэй ярьж байсан юм.

Түүнээс өөрийнхөө мэргэжлээс, ажлаасаа юу мэдэрдэг талаар асуухад “Нэг найзын маань аавынх нь бие өвдөөд яаралтай хагалгаанд орох шаардлагатай болсон юм. Найзын маань аав хөдөөнөөс машинаар 6 цаг явж  хотод ирнэ. Харин онгоцоор явбал 1:40 цаг л яваад ирэхээр байлаа. Ингээд би найзынхаа аавыг хотод авчирч, цаг алдалгүй хагалгаанд нь оруулан амийг нь аварч чадсан. Энэ мэтчилэн цаг хугацаа хожиж бусдын амь нас, эд хөрөнгийг аюулаас аварсан тохиолдол олон бий. Ийм үед мэргэжлээрээ бахархаж, хийж байгаа ажилдаа урамшдаг шүү” хэмээн бахархалтайгаар хариулсныг энд тэмдэглэе.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ БОЗАД