Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ард нийтийн хэлэлцүүлэг хийнэ

С.Бүжин


Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард нийтийн санал асуулгыг ирэх зургадугаар сарын 26-нд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцүүлэн зохион байгуулахаар төлөвлөөд байсан ч хойшлуулах шийдвэрт УИХ хүрсэн билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Занданшатараас тодрууллаа. 

-Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган Ард нийтийн санал асуулга явуулбал 20 гаруй тэрбум төгрөг хэмнэнэ гэх мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат өгч байсан. Ямар учраас санал асуулгыг хойшлуулаар болсон бэ?

-Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмний санал асуулга зохион байгуулахгүй. Гэхдээ бүх нийтийн санал асуулга зохион байгуулах асуудал бүрэн хаагдсан гэж ойлгож болохгүй, энэ ажлыг илүү төгөлдөржүүлэхийн тулд ирэх зургадугаар сарын 5-наас ард нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөлөө. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах үүрэг бүхий УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг ард нийтийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна.

-Энэ талаараа тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Ард нийтийн хэлэлцүүлгийг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлын хүрээнд зохион байгуулах юм. Хэлэлцүүлгийг ирэх зургадугаар сарын 5-наас наймдугаар сарын 1 хүртэлх хугацаанд хийхээр төлөвлөж байна. Энэ асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлээд ирсэн бүх саналыг нэгтгэж, боловсруулж дуусаад ажлын хэсэг есдүгээр сард УИХ-д өргөн мэдүүлэх чиг барьж байна. Ард нийтээрээ хэлэлцүүлж саналыг нь авна. Улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, олон нийтийн саналыг энэ сэдвүүдийнхээ хүрээнд авч, олон уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулна. Зөвлөлдөх санал асуулга бол нэг хэмжүүр нь байсан. Үндсэн хуульд хийсэн дүн шинжилгээ бол нэг л том шүүлтүүрийн ажил.

-Төрийн байгууллагуудаас дээрх асуудалтай холбогдуулан саналыг нь авах уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналууд бол нэг том шүүлтүүрийн ажил. Ерөнхийлөгчийн сонгуультай хамт ард нийтийн санал асуулга явуулахгүй, харин ард нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулна гэж ойлгох хэрэгтэй. 1991 оны Улсын бага хурлын тогтоолоор Ард нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар 900 гаруй хүний саналыг авсан байдаг. Бага хурлын тогтоолын жишгээр энэ төслийг боловсруулсан. Тогтоолын төслөөр ард нийтийн дунд хэлэлцүүлэг явуулж, аймаг, сум, яам, Тамгын газруудад хэлэлцүүлгийн сэдэв хүргүүлж, санал авна. 

-Саналаа нэгтгэж дууссаны дараа УИХ-аар хэлэлцэх үү?

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 13,14 дүгээр зүйлийн дагуу УИХ-ын чуулганы хуралдаанаар нэг, хоёрдугаар хэлэлцүүлэг хийсний дараа ард нийтийн санал асуулгаар шийдэх үү, парламентын гишүүдийн дөрөвний гурваар шийдэх үү гэдгийг шийднэ. Өөрөөр хэлбэл, Зөвлөлдөх санал асуулга хийгээд шийдэх гэж байгаа юм биш. Долоо хэмжиж бус найм хэмжиж нэг огтолдог зарчмаар энэ асуудалд хандаж байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. занданшатараа чи зайлаад өгөөч. Нэг л их бурханы шашинтай гэж гүйсэн хүн байдаг биз дээ чи. Бурханы шашинтай хүн чам шиг шуналтай, худалч, хулгайч байдаггүй байх. Монголын төлөө зүгээр алга болоод өг

    0 0 Хариу бичих
  2. Ард олонд санал асуулга чухал бишээ. Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах өргөн хэлэлцүүлэг хэвлэл мэдээлэлээр өргөн зохион байгуулаасай гэж хүлээж байна даа.

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ