Гол нь сэтгэлээрээ

Eagle.mn


Нэг танил багш төрсөн өдрөөрөө хичээл орж таарч. Оюутнууд нь түүнийг мэдчихээд хичээл эхлэхээс өмнө бөөнөөрөө босч зогсоод “Багшдаа төрсөн өдрийн мэнд хүргэе ээ.. ” гэснээ “Өнөөдөр бидний баярын өдөр..” гээд л хоороор дуулаад эхэлсэнд мань багш сандарч болиулаад “Багшид нь эвгүй байна. Таануус үнэхээр төрсөн өдрийн бэлэг өгмөөр байвал даалгаваруудаа сайхан хийчих..” гэж хэлж. Оюутнууд нь урамгүй сууцгаасан ч даалгавараа гүйцээж багшаа баярлуулсан хүүхэд гарсангүй. Хичээл дуусч, багш нь дэргэд байгааг анзаараагүй зарим нь “багш нээрээ сэтгэл ойлгохгүй сонин дүфф юм бэ..” гэж ярилцаад амжиж. Хэзээнээс семинарын ганц даалгавар хийчихдэггүй мөртлөө сэтгэл ярьдаг залуус Монголоор дүүрэв? Хэзээнээс манай залуус 4 аргын тоо бодохгүй, 4 үг зөв бичиж чадахгүй байж нэг их сэтгэл, ёс суртахуун ярьсан шальчига эмо амьтад болчихсон бэ?

Хичээлээс илүү хүмүүжил чухал гэдэг шидэт үг бас моодонд оржээ. Хүмүүс энд тэндээс уншсан эрээвэр хураавар мэдлэгээрээ боловсролын талаар, хүмүүжлийн талаар янз бүрээр мэтгэлцэж байна. Дэмий юманд цаг барах ямар ч  хэрэггүй дээ, амьдрал дээрээс л хар. Хөдөлмөрийн амт шимт гэдэг шиг эрдэм номын амт шимт мэдэрсэн хүн цаанаа өөр, суурь хүмүүжил илүү байдаг. Дурын багшаас асуу. Хичээлдээ сайн хүүхдүүдийн 90 хувь нь өөрийн зорилготой, өөрийн бодолтой, юманд хариуцлагатай ханддаг. Эсрэгээрээ хичээлд тааруухан хүүхдүүдийн 90 хувь нь юмыг аргалаад өнгөрөх санаатай, зальтай, хариуцлагагүй нөхөр байх вий. Зүтгэл гэдэг үг “зүтгэ + л” гэж үүсч буй. Харин хичээл гэдэг үг “хичээ + л” гэж үүсдэгийг ихэнхи нь анзаардаггүй. Хичээх үйлийн нэр. Хичээл нь хэлбэрийн хувьд “хичээл ном”, агуулгын хувьд “хичээл зүтгэл” юм. Хүн өөрөө хичээж эрдэм мэдлэг олох ухаан. Хичээл зүтгэл гаргах чадваргүй хүн заль, завхайгаар л амьдарна шүү дээ. 21-р зууны хамгийн гол эзэмших чадвар, хамгийн гол боловсрол нь “суралцах чадвар” юм гэж дэлхий нийтээр дүгнэжээ. Учир нь өдрөөс өдөрт шинэ мэргэжил, шинэ ажил бий болж байна. Нэгэнт бага залуудаа эрдэм номд шамдаж үзээгүй, ном сурахын урам зориг мэдрээгүй бол суралцах чадварт суралцна гэж гонж. Тэгээд л баахан утга уянгаар халгисан, эсвэл улс төржиж хэрэлдсэн залуу үе л үлдэх нь дээ. Гэхдээ эх оронч сэтгэл, “амьдралын ухаан” байхад алзахгүй л дээ тиймээ.

Ядуу хүнд “мөнгө чухал биш сэтгэл чухал” гээд хэлчихвэл ядуу амьдралаа түр ч гэсэн мартан тайвширч, тэгж хэлсэн хүн аятайхан санагдана.

Царай муутай над мэт хүнд “царай чухал биш сэтгэл чухал” гэж номловол надад лав таалагдаад л ирнэ. Бүр тэгж хэлсэн хүнд саналаа өгч ч магад.

Тарган хүнд “Илүүдэл жин чухал биш сэтгэл чухал” гэж хэлбэл сэтгэл ихэд баясан, турах зорилгоо ер нь таягдан хаях магадлалтай.

Угаасаа хичээл хийдэггүй хар мянган залууст “боловсрол чухал биш сэтгэл чухал” гээд хэлчихвэл ном сураагүйдээ гэмшсэн ухаан нь “ашгүй тийм байлгүй дээ” хэмээн тайвширч, тэгж хэлсэн хүн бурхан мэт санагдана. Энэ үг маш үнэмшилтэй санагдаж, ер нь юм сурах гэсэн зовлонгоос нэг мөр салах ч магадлалтай. 

Боловсролын систем ёроолдоо унасан өнөө үед ядаж нэг алхам урагшлахаа ярихын оронд “Боловсрол чухал биш юм байнаа, ном сурах зовлонгоос салцгаа. Сэтгэл ариун байхад амьдрал аяндаа болно..” гэж уриалах эрхэмүүд Монголоо хэзээ ч зарахгүй эх орончид гэнэ билээ. Өөрсдөө эрдэм номд дургүй нь тэр л биз, бусад нь ном сураг л дээ. Ядаж ном сураагүй дээ гэмшиж, хичээж яваг л дээ. Монголын бүх залуус эрдэм номоор биш заль, ухаанаар амьдрах гээд эхэлбэл энэ улс чинь хаашаа явах юм дээ.
 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх