ОУВС-гаас олгох ямар ч зээл төсвийн алдагдлыг санхүүжүүлэхгүй

Манай улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдахаар боллоо. Энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын Сангийн яам болон ОУВС-гийн суурин төлөөлөгч Нэйл Сакер зэрэг албаны хүмүүс хамтран олон нийтэд мэдээлэл өгсөн юм. Тус хөтөлбөр гурван жилийн хугацаатай бөгөөд нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт хийгдэхээр байгаа. Үүнээс ОУВС-гаас 434.3 сая ам.долларын санхүүжилтээр дэмжих аж. Эхний санхүүжилт 38.6 сая ам.доллар тун удахгүй манай улсад орж ирэх юм байна.

Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Хөтөлбөрийн гол зорилго нь эдийн засгийг сайжруулах, сэргээх, төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн. Уг хөтөлбөрийн зорилтуудад нийцсэн төсвийн тодотгол УИХ-аар батглагдсан. Засгийн газар, Монголбанк хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохирсноос хойш Хөгжлийн банкны бондыг шийдвэрлэж, зээлжих зэрэглээл Caa1 тогтвортой болон сайжирч, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засаг уналтаас өсөлт рүү шилжиж, эдийн засагт ногоон гэрэл ассан гэсэн үг” гэлээ.

Нэйл Сакер: Монголын ДНБ-тэй харьцуулахад энэ удаагийн хөтөлбөр харьцангуй томоохонд орно

Харин ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч​ Нэйл Сакер “Монгол Улс ОУВС-нд 1991 онд элссэн. ОУВС-нд нийт 181 гишүүн орон байдаг. Хөтөлбөрийн санхүүжилттэй холбоотой Монгол Улс бүс нутгийн бусад орнуудаас дэмжлэг авч чадсан нь уг хөтөлбөр батлагдахад чухал үүрэгтэй байлаа. Нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт орно. Хувийн хэвшлийн санхүүжилт нэмэгдвэл зургаа тэрбум гаруй ам.долларын санхүүжилт юм. ОУВС-гийн үйл ажиллагааны түүхэнд Монгол Улсад хэрэгжүүлж байгаа энэ хөтөлбөр ДНБ-тэй харьцуулахад хамгийн томдоо орж байна. Хөтөлбөрийн үндсэн зорилт нь эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулж, урт хугацаанд хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгоход оршиж байгаа” гэв.

Түүнчлэн сүүлийн 15 жилд Монгол Улсын эдийн засагт ажиглагдсан өндөр өсөлт, огцом уналтын мөчлөгийг таслан зогсоох гэнэ. Цаашид Монголын эдийн засгийг тогтвортой 8 хувиар өсөх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой аж.

Засгийн газраас төсвийн алдагдлыг бууруулах нарийвчилсэн төлөвлөгөө гаргажээ. Товчхондоо, төсвийн алдагдлыг бууруулж байж өрийн дарамтаас салах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Мөн Төсвийн зөвлөлийг байгуулж, татварын орчинд дүн шинжилгээ хийж, зардал нэмэгдүүлэхгүй байхаар төлөвлөжээ.

Хөтөлбөрийн дараагийн зорилго нь банкны системийг эрүүлжүүлэх, Монголбанкны хяналт шалгалтыг боловсронгуй болгох, засаглалыг бэхжүүлэх аж. Энэ бүх үйл ажиллагааны зорилго нь хангалттай хэмжээний өөрийн хөрөнгөтэй, тогтвортой банкны системийг бий болгож эдийн засгийн өсөлтийг хангах юм байна.

Энэ талаар ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч​ Нэйл Сакер “Монгол Улсын цаашдын ирээдүйн талаар бид өөдрөг бодолтой байгаа. Асар их баялагтай, эдийн засгаа солонгоруулах бусад нөөц байгаа учраас Засгийн газартай тохиролцсон энэ хөтөлбөрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх нь чухал байна. Үүнтэй холбоотой ОУВС-гаас хийсэн томоохон тайлан байгаа. Удахгүй ОУВС-гийн вэб хуудаст тавигдана” гэв.

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

 -ОУВС-гийн хөтөлбөр зарим оронд амжилтгүй хэрэгжсэн байдаг. Амжилтгүй хэрэгжсэн орны жишээ дурдаж болох уу. Шалтгаан нь юу байв?

-Нэйл Сакер: Улс орон бүр өөр өөрсдийн онцлогоор хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. ОУВС-гийн зүгээс эдийн засагтай холбоотой бүх асуудлыг нарийн судалдаг. Иж бүрэн тусгалаа олсон байдаг. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад байнга үнэлгээ хийж явдаг. Үнэлгээ хийх болгондоо эдийн засагт хийж байгаа өөрчлөлтийг тусгаж, холбогдох өөрчлөлтийг оруулаад явдаг юм. Үнэлгээ хийсэн даруй нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотой ОУВС-гаас зөвлөмж гаргадаг. Дэлхийн олон оронд хэрэгжсэн хөтөлбөрүүдийн тухайд Засгийн газрууд анх тохирсон ёсоороо хөтөлбөрийн бүрэн хэрэгжилтийг хангахгүй байсан. Монгол Улсыг бид өөдрөгөөр харж байгаа. Маш том зорилт дэвшүүлсэн ч хэрэгжүүлэх боломжтой. Сангийн яам, Монголбанкны зүгээс хүнд боловч зоримог шийдвэр гаргаад явна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Хамгийн ойрын жишээ гэхэд энэ оны төсөвт тодотгол хийж, төсвийн алдагдал 17 хувьтай байсныг бууруулсан.

-Эхний ээлжийн 38.6 сая ам.долларыг юунд зарцуулах вэ?

-ОУВС-гаас олгож байгаа ямар ч зээл төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд биш төлбөрийг тэнцвэржүүлэхэд зарцуулагддаг. Тиймээс эхний санхүүжилт болох 38.6 сая ам.доллар Монголбанкинд байршина.

-Арилжааны банкуудад активын үнэлгээ хийнэ гэсэн. Энэ хяналт, шалгалт явагдсан уу?

Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг: 14 арилжааны банкинд үнэлгээ хийх компанийн тендер явагдаж байна. Зургаадугаар сарын дундуур сонголтын процессоо дуусгана. Үүнээс хойш хөндлөнгийн актив үнэлгээний мэргэжилтнүүдтэй хамт арилжааны банкууд дээр  ажиллана. Үнэлгээний үр дүн ирэх аравдугаар сарын сүүлээр гарна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. darga nar OFFSHORE t hiigeed bid zeel avch tuluud baihuu ? OFFSHORE tbgaa munguu olj avtcgaaya

    0 0 Хариу бичих
  2. Худалчуудын үгэнд итгэлээ юу. Өөрсдөө хуваагаад шаана биз

    0 0 Хариу бичих
  3. Ene mungiig mongol ulsiha ireedui ur huuhde bodood idej uulgui ediin zasagaa bosgood ireech guiy.idej uugaad opshort hiivel ur udam chin sn yvahgui l bh.sn zuil sainiig muu zuil muug l daguuldagig snaj yvaarai za amjilt

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ