Н.Энхболд: Ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулахгүй

С.Шийлэгтөмөр


Энэ удаагийн УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар идэвх санаачилгатай ажиллаж байна. Бүр удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуультай хамт ард нийтийн санал асуулга явуулж Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөө эцэслэн батлахаар төлөвлөөд байв. Ард нийтийн санал асуулга явуулахаар болсон тохиолдолд 65 хоногийн өмнө УИХ товлон зарлаж тогтоол батлахаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд заажээ. Ерөнхийлөгчийн сонгуультай хамт ард нийтийн санал асуулга явуулахын тулд энэхүү заалтыг өөрчлөх хуулийн төслийг Засгийн газраас өргөн бариад байсан юм. Ерөнхийлөгчийн сонгууль болоход ганцхан сарын хугацаа үлдсэн учраас дээрх цаг хугацааны зөрчлийг арилгах үүднээс Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулж санал асуулга явуулахаас 21 хоногийн өмнө товлон зарладаг болгохоор шийдсэн нь энэ. Уг хуулийн төслийг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт ард нийтийн санал асуулга явуулж Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг олон нийт эсэргүүцэж байна. Тиймээс энэ төслийг хэлэлцэх шаардлага байна уу” гэв. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд түүний асуултад хариулахдаа “Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах асуудлыг олон жил ярьж байгаа. УИХ бүр байгуулагдсан даруйдаа үүнийг ярьдаг ч бодит ажил хэрэг болгож чадахгүй байсаар ирсэн. Тиймээс энэ удаагийн УИХ заавал ажил хэрэг болгох ёстой гэж үзэж байгаа. Манай намын мөрийн хөтөлбөрт ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэсэн заалт орсон. Гэхдээ цаг хугацааны хувьд Ерөнхийлөгчийн сонгуультай хамт ард нийтийн санал асуулга явуулж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломжгүй болж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг олон нийтээр сайн хэлэлцүүлэх ёстой гэсэн санал гарч байгаа.

Уг тогтоолын төсөлд заасны дагуу ажлын хэсгээс боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг ирэх зургадугаар сарын 05-наас наймдугаар сарын 10-ны хооронд олон нийтээр хэлэлцүүлэх, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэлж ард нийтэд толилуулах юм байна. Улмаар хуулийн төслөө наймдугаар сарын 25-ны дотор өргөн мэдүүлэхийг Д.Лүндээжанцан ахлагчтай ажлын хэсэгт даалгахаар тусгажээ.

Олон нийтийн энэ саналын дагуу хэлэлцүүлэг сайн явуулсныхаа дараа ирэх намар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж болно гэж үзсэн. Гэхдээ энэ тохиолдолд ч гэсэн санал асуулга явуулах товоо 65 хоногийн өмнө батлаад хүлээх шаардлагагүй гэж бодож байна. Энэ удаад Ерөнхийлөгчийн сонгуультай хамт ард нийтийн санал асуулга явуулахгүй ч гэсэн дээрх хугацааг 21 хоног болгох төслөө энэ удаад батлах нь зүйтэй” гэлээ. Мөн Г.Занданшатар гишүүн “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаархи ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулахгүй байсан ч энэ төслийг одоо батлах нь зөв. УИХ-ын ээлжит чуулган 50 хоног хуралддаг. Гэтэл одоо мөрдөж байгаа заалтаар бол санал асуулга явуулах товоо 65 хоногийн өмнө батлах ёстой. Тэгэхээр ард нийтийн санал асуулгыг намар явуулахаар боллоо гэхэд намрын чуулганы эхэнд батлах болчихоод байгаа юм. Уг нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийнхөө нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг хийснийхээ дараа ард нийтийн санал асуулга явуулах ёстой. Өөрөөр хэлбэл, нэг, хоёрдугаар хэлэлцүүлгээ хийсний дараа санал асуулга явуулах өдрөө товлоно гэсэн үг. 65 хоног гэдэг хугацааг хэвээр нь үлдээвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал улам л хойшлох гээд байгаа юм. Тиймээс Засгийн газраас өргөн барьсан төслийг дэмжих нь зөв” гэлээ. Үүнээс үзвэл эрх баригчид цаг хугацаанд шахагдаж Ерөнхийлөгчийн сонгуультай хамт ард нийтийн санал асуулга явуулж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төлөвлөгөөнөөсөө буцжээ. Засгийн газраас өргөн барьсан Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төслийн зорилго ч өөрчлөгдсөн байна. Уг нь Засгийн газрыг төлөөлж энэхүү төслийг өргөн барьсан Д.Оюунхорол сайд тухайн үедээ “УИХ-ын 2017 оны 13 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг зургадугаар сарын 26-ны өдөр явуулахаар тогтоосон бөгөөд товлосон хугацаа хүртэл 45 орчим хоног үлдээд байна. 

Ард нийтийн санал асуулгын тухай хуульд санал асуулгыг сонгуулийн санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлахаар заасан учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулах боломжгүй байна. Иймд хуульд заасан санал асуулга явуулах хугацааг өөрчилснөөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай хамтатган зохион байгуулж, улсын төсвөөс шаардагдах зардлыг бууруулах, хэмнэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой” гэж байсан юм. Ард нийтийн санал асуулгын тухай хуульд яаралтай өөрчлөлт оруулж Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт хийх саналаасаа буцсан хэдий ч Д.Оюунхорол сайдын өргөн барьсан төслийг Байнгын хороо батлах нь зүйтэй гэж үзлээ.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг ийнхүү нэгэнт хойшлуулж байгаатай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хорооо хэлэлцэн дэмжлээ. Уг тогтоолын төсөлд заасны дагуу ажлын хэсгээс боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг ирэх зургадугаар сарын 05-наас наймдугаар сарын 10-ны хооронд олон нийтээр хэлэлцүүлэх, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэлж ард нийтэд толилуулах юм байна. Улмаар хуулийн төслөө наймдугаар сарын 25-ны дотор өргөн мэдүүлэхийг Д.Лүндээжанцан ахлагчтай ажлын хэсэгт даалгахаар тусгажээ.

Монгол Улсын хөдөлмөрийн насны иргэдийн 23.9, Японы 7.9 хувь нь төрийн албанд ажилладаг

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн өөр нэг асуудал нь Төрийн албаны зөвлөлийн 2016 оны тайлан байлаа. Тус зөвлөлийн дарга Б.Цогоогийн танилцуулснаар төрийн албан хаагчдын тоо 186970-д хүрчээ. Үүний 3032 нь улс төрийн, 18960 нь төрийн захиргааны, 36949 буюу 19.55 хувь нь төрийн тусгай, 130033 буюу 68.82 хувь нь төрийн үйлчилгээний албан хаагчид ажээ. Төрийн албаны зөвлөлөөс хүний их эмч, малын эмч, орос, англи хэлний багш, хөдөө аж ахуйн чиглэлийн ажлын байрны сонгон шалгаруулалт зарлахад хэн ч бүртгүүлдэггүй байна. Энэ нь зөвхөн 2016 онд тохиолдсон зүйл биш бөгөөд олон жилийн турш үргэлжилж байгаа аж. Одоо л гэхэд дээрх чиглэлийн 49 ажлын байрны захиалга Төрийн албаны зөвлөлд бүртгэлтэй байгаа юм байна. Төрийн албан хаагчдын тоо өнгөрсөн онд нэмэгдсэн нь улсын хэмжээнд 24 цэцэрлэг, есөн сургууль шинээр байгуулагдсантай холбоотой гэдгийг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо онцоллоо. Түүнийг товчхон танилцуулга хийсний дараа гишүүд асуулт асууж хариулт авлаа.

О.БААСАНХҮҮ: -Сүүлийн үед үүрэг гүйцэтгэгч их томилох болсон. Дараа нь тухайн албан тушаалд нь Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт явуулахаар үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон хүмүүс нь л тэнцэж жинхлэгддэг. Ер нь үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа хүн сонгон шалгаруулалтад тэнцээгүй тохиолдол байдаг уу. Та бүхний сонгон шалгаруулалтад улс төрийн намын зүгээс нөлөөлөх оролдлого гардаг уу?

Б.ЦОГОО: -Үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа хүн нь дандаа сонгон шалгаруулалтад тэнцдэг гэсэн шүүмжлэл гардаг. Тэд нэгэнт томилогдсон ажлын байрандаа үлдэхийн тулд бусдаасаа илүү сайн бэлдэж орж ирдэг юм шиг санагддаг. Үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа хүн сонгон шалгаруулалтад тэнцэлгүй унаж байсан тохиолдол бий. Гэхдээ төрийн нарийн бичгийн дарга нарт ийм тохиолдол байхгүй. Газрын дарга зэрэг албан тушаалд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан хүмүүс унаж байсан. Хоёр дахь асуултын тухайд бид нам гэдэг үгийг ажилдаа хэрэглэдэггүй. Энэ хүн ч тэр намын хүндээ гэж сэтгэлдээ хардахаас хэтэрдэггүй юм. 

Ж.БАТЗАНДАН: -100 ямаанд 60 ухна гэгчээр гурван сая хүн амтай Монгол Улсад 200 мянга шахам төрийн албан хаагч байна гэдэг хэтэрхий том тоо. Манайх шиг хүн амтай улсад хэчнээн төрийн албан хаагч байх ёстой юм бэ. Энэ талаар хийсэн судалгаа байна уу?

Б.ЦОГОО: -Манай улсын нийт хүн амын 9.16 хувь нь төрийн албанд ажилладаг. Дэлхийн бусад улс орнуудын дундажаар бол хүн амынх нь таван хувь төрийн албанд ажилладаг гэсэн судалгааны дүн бий. Япон улстай харьцуулахад тус улсын хөдөлмөрийн насны иргэдийнх нь 7.9 хувь төрийн албандаа ажилладаг бол манай улсын хөдөлмөрийн насны иргэдийн 23.9 хувь нь төрийн албанд ажиллаж байна.
Д.ТОГТОХСҮРЭН: -Төрийн албаны зөвлөлөөс зарлаж байгаа сонгон шалгаруулалтад өрсөлдөөн гэж байхаа болилоо. 52 ажлын байранд 99 хүн өрсөлдөж байх жишээтэй. Нэг албан тушаалд 1-2 л хүн өрсөлдөж байна гэсэн үг. Үүний шалтгааныг юу гэж үзэж байгаа вэ?

Б.ЦОГОО: -Огт өрсөлдөөн байхгүй гэж хэлж болохгүй. Нэг албан тушаалд 6-7 хүн өрсөлдөх нь ч бий. Гэхдээ ихэнх албан тушаалд 1-2 хүн өрсөлдөж байгаа нь үнэн. Энэ нь сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагыг захиалагч байгууллага тодорхойлж өгдөгтэй холбоотой. Яг ийм хүн хэрэгтэй байна гэсэн тодорхойлолт манайд ирүүлдэг. Тэр болзлыг нь хангах хүн олдоггүй. Үүнийг олон нийт эртнээс сонгосон нэг хүндээ зориулж сонгон шалгаруулалт явууллаа гэж хардаг. Манайх ажлын байрны тодорхойлолтоо өөрчилж өгөхийг шаарддаг ч захиалагч байгууллага бидэнд яг л ийм хүн хэрэгтэй гээд өөрчилж өгдөггүй.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. yu soliorood bgaa yum be erunhiilugchiin songuuliig ard tumen uguhgui uur hen uguh yum chamd hudaldagdsan humuus uguh yum uu MI mini haluund zugeer bizdee

    0 0 Хариу бичих
  2. Энхболд .Соц үеийн дээд зиндааны хүний хүүхэд .Ардчилал гэдгийг хүлээн авахгүй байж мэднэ Соц дарангуйлагчийн зиндаанд өссөн болохоор тансаг амьдралаас хагацуулав гэж ардчилалыг эсэргүүцэн үзэн яддаг байх. Амарбаясгалан бол хөдөөний гаралтай хүн . Үеийн нөхөд нь 1990 онд ардчилсан нийгэм байгуулах гэж өлсч жагсаж байхад хаана явж байсан юм болоо. Ардчилал,эрх чөлөөт нийгэм байгуулахад оролцоогүй мөртлөө ахын хамт хэвлэх үйлдвэр байгуулчихаад чинээлэг амьдралтай болчихоод явж байж ийм үйлдвэртэй болох нөхцлийг бүрдүүлсэн ардчилалыг үзэн ядаж эсэргүүцээд байдаг мөн л тэнэг толгой юмаа. Хуучин Соц нийгэм байсан бол ингэж үйлдвэртэй болноо гонж байхдаа. Тэгээд соц нийгэмээ санагалздаг юмуу ахиад соц нийгэм чи байгуулчихвал энэ эрх чөлөөт хөдөлмөбр чинь будаа болж улсын өмчинд л аваад чи хоосон хоцроно шүү дээ Түүнийг мэддэггүй, ародчилалын ач буяныг мэддэгүй хөлдүү толгойтнууд мөн их байх юм даа

    0 0 Хариу бичих
  3. нэр дэвшигч МЭнхболд ингэж хэлж байгаа нь Ард иргэдийн Санал асуулгын Дүнгээс айсан хэргээ,

    0 0 Хариу бичих