Залуус хар тамхины хэрэгт холбогдох нь ихэсчээ

С.Бүжин


УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар О.Баасанхүү гишүүний Ерөнхий сайдад хандан “Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэм хэргийг тоог бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”-ний талаарх асуулгын хариуг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хариулж байна.

Судалгаагаар сүүлийн 10 орчим жилд хар, тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг  нийт гэмт хэргийн 0.2 хувийг эзэлжээ. Үүнээс 82 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн байна. Хэрэгт холбогдсон хүмүүсийн 65 хувийг 18-24 насныхан эзэлж байгаа аж.

Ийм төрлийн гэмт хэрэгт холбогдож, одоогоор 66 хүн ял эдэлж, 22 хүн сэжиглэгдэн шалгагдаж байгаа гэх мэдээллийг салбарын сайд нь өглөө. Түүнчлэн хар тамхи мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэх арга  улам нарийсаж, олон улсын шуудан илгээмж, цахилгаан бараа,  өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд нууж нэвтрүүлэх, борлуулахдаа товлосон газар нууж үлдээх, төлбөр тооцоог урьдчилж бусдын данс ашиглан авах зэргээр зохион байгуулалттай болсон аж.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт гишүүдийн асуултад хариулж байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал: Өсвөр насныхны хар тамхины хэрэглээ ихэсч байгааг харлаа. Хууль хяналтын байгууллагынхны уялдаа холбоо хэрхэн яаж ажиллаж байгаа вэ. Сүүлийн үед бүтээгдэж байгаа Монгол кинонуудаар хэлбэрийн сурталчилгаа их явагдаж байна. Гадаад киноноос харсан зүйлээ монгол кинонд тусгаж өгч байх шиг. Хууль тогтоомжоо сайн хэрэглэхгүй бол энэ асуудал газар авлаа. Соёлын хуулиараа хар тамхины хэрэглээг сурталчлахыг хоригломоор байна. Үүнд анхаарч өгөөч.

С.Бямбацогт: Хуулийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллага, дарга нар уялдаа холбоотой ажиллахгүй, дутмаг байгаа нь үнэн. Зохицуулагдаагүй асуудлыг зохицуулах асуудал шинэ хуулинд тусгагдсан байгаа. Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх Үндэсний хөтөлбөр батлагдсан. Хууль тогтоомжийг хангаж ажиллахад анхаарна. Холбогдох газрууд ажлаа дээшлүүлж, уялдаа холбоотой ажиллахад анхаарч ажиллах болно. Цаашид ч тэмцэж ажиллахад цагдаагийн байгууллага анхаарч байна.

ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр: Монголын нөхцөлд хар тамхийг илрүүлэхдээ зөвхөн цуснаас дээж авч ажиллаж байна. Хар тамхи хэрэглэсэн тохиолдолд биенээс нь хөлс, дээж авч ажиллахад тоног төхөөрөмжийн асуудал дутмаг байгаа. Кино, үзвэрээр хар тамхийг сурталчлах ажил газар авч байгаа нь үнэн. Хамгийн сүүлд SBN телевизэд шаардлага хүргүүлж, дахин энэ төрлийн алдаа гаргахгүй байхад хамтарч ажиллахаар болсон.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Сүүлийн үед хар тамхитай холбоотой хэрэг ихэсч байна. Тиймдээ ч энэ их хурал Үндэсний хөтөлбөрийг баталж ажиллаж байгаа. Үүнтэй тэмцэхэд төрийн хатуу бодлого хэрэгтэй. Манайд хар тамхитай тэмцэх техник технологи, хүн хүч бололцоо хэр байна вэ. Мөн хар тамхины хэргээр хүмүүс тэнсэн харгалзах ял авч байна. Эргээд энэ хүмүүст яаж хяналт тавьдаг юм бэ?

С.Бямбацогт: Хар тамхитэй тэмцэх чиглэлээр ЦЕГ-т таван хүн ажилладаг байсан. Хэрэглээ нь нэмэгдсэн учраас бид 33 хүнтэй болгож өргөжүүлсэн. Тэгсэн ч гэлээ шаардлага хангахгүй, хүн хүч хүрэлцэхгүй байна. Техник, технологийн хувьд дутмаг байгаа. Зөвхөн цуснаас л дээж авч шинжилж байна. Газар дээр нь илрүүлэхэд тоног төхөөрөмж, материалаг баазыг нэмэгдүүлэх шаардлага бий.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Хар тамхи татаж донтоод байгаа этгээдийг шууд тариа хийгээд устгах хэрэгтэй

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ